sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЗЦА-ны албан хаагчдад хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх сургалт явуулснаас хойш энэ хэрэгтэй холбоотой анхны илрүүлэлт гарсан байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, нисэхийн тойргийн замд явж байсан "Тоёото приус-30” маркийн машиныг эргүүлийн замын цагдаа нар зогсоон шалгахад  19, 24 насны хоёр залуу сэжиг бүхий байсан тул машиныг нь  нэгжжээ.
Ингэхэд урд талын үнсний сав нь онгорхой, дотор нь тамхины төрлийн, ямар нэгэн үнэргүй цаасанд ороосон зүйл байжээ. Тусгайлан ороосон зүйл юу болох талаар цагдаа нар асуухад “Тамхины иш” гэсэн ч хоёр иргэний гаднах байдал, нүдний харцыг ажиглахад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрчээ. Тиймээс замын цагдаагийн алба хаагчид тухайн нунтгийг шинжлүүлэхэд  дээрх хоёр иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Мөн тухайн машинаас тугалган цаас болон тамхины төрлийн нунтаг зүйл илэрснийг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлж, мансуурсан хоёр этгээдийг түр саатуулж, мөрдөн байцааж  байна.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг