sonin.mn
Зэвсэгт хүчний ардын авьяастнуудын нэгдсэн тоглолт энэ сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд болно. Энэ тухай ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуягаас тодрууллаа.
 
-Оны өмнөхөн уламжлал ёсоор Зэвсэгт хүчний ардын авьяастнуудаа тодруулсан. Шалгарсан ардын авьяастнуудын нэгдсэн тоглолтын тухай тодруулахгүй юу?
 
-Ардын урлаг тухайн орны ард түмний амьдралын хэв маяг, ахуй соёл, зан заншил, уламжлалын өвөрмөц онцлогийг өөртөө агуулж, улс үндэстний үндэсний дархлааг бүрдүүлэн хадгалж, үе хойчид нь өвлүүлэн уламжилдаг онцлогтой. Манай ухаант буурлууд түүхийн аль ч үед үндэснийхээ урлаг соёл, ёс уламжлалаа үе дамжуулан хадгалж үлдээснийг энэ өдөр бахархан хэлмээр байна. Тийм ч учраас бид урлаг соёлоор дамжуулан цэргийн алба хаагчид, цаашлаад Монгол Улсын иргэдэд цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд энэхүү урлагийн наадмын нэгдсэн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Ардын арвин баялаг уламжлалт соёл урлагаас эхтэй орчин цагийн соёл урлагийн үүсэл хөгжил нь манай цэрэг армийн хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Яагаад гэвэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгалын он жилүүдэд тусгаар тогтнолыг сэргээн мандуулах тухай үзэл санаа нь хувьсгалт цэргийн дуу хуур, бүжиг наадам, соёл урлагаар дамжин улс орон даяар түгэн дэлгэрсэн түүхтэй. “Шивээ хиагт”, “Магнаг үсэгтэй туг”, Улаан туг” зэрэг дуу нь тухайн цаг үеийн сор болсон урлагийн бүтээл байсан төдийгүй орчин цагийн Монголын урлагийн хөгжлийн түүхийг эхлүүлсэн гэдэг шүү дээ. Тэр дундаа Зэвсэгт хүчний урлагийн наадам нь 1960-1980 онд Офицеруудын ордон, Цэргийн чуулгын материаллаг бааз, мэргэжлийн бүрэлдэхүүнийг түшиглэн “Армийн урлагийн үзлэг” нэртэйгээр жил бүр, 1980 оноос хоёр жил тутамд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Нийгмийн шилжилтийн үед буюу 1990-1997 онд тасарсныг эс тооцвол уламжлалаа хадгалж яваа урлагийн наадам юм.
 
-Тэргүүний авьяастан урлагийн наадмаар олонд танигдсан уран бүтээлчид цөөнгүй байдаг...
 
-Таньтай санал нэг байна. Энэхүү наадмаас олон арван урлаг, соёлын алдартнууд төрөн гарсан байдаг. Тухайлбал, ЦДБЭЧ-ын ахмад уран бүтээлчид, алдарт Жаран харын чуулга, “Оч” хамтлаг, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ С.Вандан, “Чандмань эрдэнэ”, “Чамайг тойрон эргэлдэнэ” дуугаар олноо танигдсан дуучин Г.Мөнхбаяр зэргийг нэрлэж болохоор байна.
 
-Энэ наадам нь Зэвсэгт хүчинд урлаг, соёлыг хөгжүүлэх, тэргүүний ардын авьяастны эгнээг өргөжүүлж, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой чухал үүрэгтэй биз?
 
-Тийм ээ. Хамт олны гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах, бие бүрэлдэхүүний амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах олон талын ач холбогдолтой. Жилээс жилд оролцох бүрэлдэхүүн, ангиудын тоо улам бүр өсөн нэмэгдсээр байна. Нэгдсэн тоглолтыг Зэвсэгт хүчний хэмжээнд явагдсан урлагийн наадмын шилдэг номеруудыг багтаан тухайн жилүүдэд тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн нэгдсэн тоглолтод Зэвсэгт хүчний ангиудаас шалгарсан 150 гаруй уран сайханч оролцоно. Тодруулбал, энэ сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа тоглогдоно. Зэвсэгт хүчний урлагийн наадмын шилдэг 10 номинац /“Шилдэг гоцлол дуучин”, “Шилдэг гоцлол хөгжимчин”, “Шилдэг морин хуурч”, “Шилдэг гоцлол бүжигчин”, “Шилдэг уран уншигч”, “Шилдэг язгуур урлагийн үзүүлбэр”, “Шилдэг гоц үзүүлбэр, “Шилдэг найрал дууны хамтлаг”, “Шилдэг хөгжмийн хамтлаг”, “Шилдэг бүжгийн хамтлаг”/-ийн ялагчид оролцохоор бэлтгэл ажилдаа орсон байна. Мэдээж нэгдсэн тоглолт нь ашгийн бус. Бид цаашдаа энэ тоглолтыг Монголын ард түмнийхээ хүсэн хүлээдэг, ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшиж үлдсэн цэрэг-эх орны сэдэвтэй уран бүтээлээр аялдаг арга хэмжээ, Зэвсэгт хүчний томоохон сурталчилгааны арга хэмжээний нэг болгохоор зорьж байна. Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн анги, хамт олноороо журмын нөхдийнхөө авьяасыг бахдан, нэгдсэн тоглолтод саатаарай. Тоглолтын талаарх мэдээллийг 90991155. 88081693 дугаарын утаснаас лавлах боломжтой.
 
-Сүүлийн үед нийгэмд чиглэсэн Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаарх сурталчилгааны ажил нэлээдгүй явагдах болж. Энэ талаар ярихгүй юу?
 
-Манай хэлтсийн үйл ажиллагааны нэг томоохон зорилт бол иргэний нийгэмд Зэвсэгт хүчнээ сурталчилан ойлгуулж, иргэдийнхээ дэмжлэгийг авах явдал юм. Тиймээс бид энэ ажиллагаанд илүү системтэй хандахыг хичээж байна. Цаг үе ч тэгж шаардаж байгаа. Цаашдаа ч бидэнд төлөвлөсөн ажил их бий. Харамсалтай нь, нойр хоолоо умартан өдөр, шөнөгүй зүтгэж байгаа мянга мянган алба хаагчдынхаа хүч хөдөлмөр, хийж бүтээсэн ажлын амжилтыг хэн нэгний анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэл үгүй хийж, улмаар нийгэмд хар бараан мэдээлэл тархаах асуудал үе үе гарч байна. Цэргийн алба хаагч бүр Зэвсэгт хүчнийхээ толь нь байж, албан тушаалтан бүр хууль, дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж хэвшвэл бид хамтдаа энэ асуудлыг бүр мөсөн таслан зогсоож чадна. Үүнийгээ ч танай сониноор дамжуулан Зэвсэгт хүчнийхээ нийт цэргийн алба хаагчдад уриалж байна.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин