sonin.mn
 “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэх Үндсэн хуулийн заалт (5-5) одоо ч мөрдөгдсөөр байгааг эргэн хармаар санагддаг. Өнгөрсөн оны мал тооллогоор 66.5 сая толгой малтай болсныг хонин толгойд шилжүүлбэл 110 сая болох юм байна. Монгол Улсын нэг хүнд багаар бодоход 36-37 хонь ногдож байгаа гэсэн үг. Гэтэл түүний нэг нь ч улсын өмчийнх биш бөгөөд бүгд хувийн хөрөнгө болсон. Дээр нь ажил, амьдрал дагаж хот бараадсан Монголын нийт иргэний тал хувь нь нийслэлд оршин сууж, хувийн аж ахуйтан, дундаас нь “мөнгө хийж” байдаг мал, махны худалдаачин нэг хэсгийн “аманд багтаж” хэлсэн үнэ, жигнэсэн жингээр нь өндөр ханштай мах худалдан авч байгаа нь шударга ёс мөн үү. Монгол Улс хэдий өргөн уудам нутагтай ч малын тоо толгой нь хэт өсч, бэлчээрийн даац хэтэрсэн тухай байнга ярьдаг боллоо. Ийм нөхцөлд бэлчээрийн даацдаа тохируулахын тулд малаа эдийн засгийн эргэлтэд (худалдан борлуулах замаар) оруулж, заримыг нь экспортод гаргаж, эрчимжсэн мал аж ахуй (малын тоо толгойг багасгаж, чанарыг сайжруулах фермерийг эрхлэх)-г хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнийг нүүдэлчин уламжлалтай гэх боловч өвөлжөө болон бусад улирлын “суурин” амьдралтай болсон малчид ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байх шиг. Улмаар хавар тухалж, зун жаргаж, намар налайсан малчдын олонх нь хувьд шилжүүлсэн малаа “төр, түмэн хамгаална биз” гэх маягтай цаг хатуурахын үед засгаас бэлэн өвс тэжээл нэхээд сууж байдаг болжээ. Сүүлдээ арга нь барагдсан эрх баригчид гадаадаас өвс, тэжээлийг импортолж, Монголын хил, гааль дээрх татвараас хөнгөлдөг жишиг тогтоож байгаа нь малаасаа дор бэлэнчлэх сэтгэлгээтэй малчидтай болсны бодит жишээ биш гэж үү. Уг нь нэгэнт хувийн болгоод авчихсан мал сүргээ Тамирын мөсийг долоож, талын өвсийг ч малтахаас наагуур мачийн байж онд мэнд оруулж, олз ашгийн үүдээ нээх нь тэдний л үүрэг баймаар юм. Хотын бид бол тэдэнд хангалттай (татварын хуримтлал, худалдан авалт, малчдад туслах аян зэргээр) өгдөг. Харин тэд бидэнд мал, махны өндөр ханш л санал болгож байна.
 
Д.МӨНХ
 
Эх сурвалж: "Монголын үнэн"