sonin.mn
Дэлхийн хамгийн нууцлаг хэрнээ асар их түүхийн баримт бүхий номын сан Ватикан улсад бий. Ватиканы номын сан буюу нууц архивт зөвхөн Ромын папын зөвшөөрөлтэй судлаачдыг нэвтрүүлдэг байна. Тус архивын номын тавиуруудын нийт урт 85 километр бөгөөд 600 архивын нэгж, 40 мянган номын цуглуулгатай аж. Энэхүү нууц архивт Монголын их хаан Гүегээс Ромын пап IV Иннокентэд 1246 онд илгээсэн захидал, Ил хаан Абагын “Үг мину” зарлиг, Ил хаан Аргунаас IV Николаст 1290 онд илгээсэн зарлиг, Ил хаан Газанаас VIII Бонифаст 1302 онд илгээсэн захидлын эх хувийг 800 жилийн турш хадгалж байна. Ромын төрийн элч Плано Карпини 1246 оны намар их хаан Гүегт бараалхаж пап IV Иннокентийн албан бичгийг өргөн барьжээ. П.Карпини Монголд анх удаа ирж, Ромын пап ламын захиаг Гүюг хаанд уламжилжээ. Ромын зүгээс ирүүлсэн захианд Гүег хааныг христийн шашинд дагаар орохыг ятгасан байв. Монголын талаас хариу бичгээ 1246 оны арваннэгдүгээр сарын эхээр төлөвлөн бичиж перс, латин хэлээр хөрвүүлж хоёр хувь үйлдэж, саррацин хэлнээ орчуулан хавсаргажээ. Захидлыг 20 см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр бичсэн байна. Монголын их хаан Гүег Барууны ертөнцийн эзэн гэгдэж байсан Ромын пап ламд “Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг, зарлигийг минь шашны эзэн ухаартугай. Пап чи өөрийн биеэр бараалхахаар ир. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой...” хэмээн эрх сүрээ үзүүлсэн захидлыг илгээж байжээ. П.Карпини аян замын тэмдэглэлдээ "Монголын хаан Гүег 45 орчим настай, дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, буурьтай бөгөөд ихэмсэг зантай нэгэн юм. Гүег хааныг хий хоосон инээвхийлэх буюу гэнэхэн явдал гаргахыг нь хэн ч үзээгүй. Эцэг өвгөдийн гэрээслэлд үнэнч, хаан төрийн хатуу ёс журмыг дээдлэгч” хэмээн Өгөөдэй хааны ууган хүү Гүегийн гадаад төрх, зан байдлыг тодорхойлжээ. Их хаан Ватиканы түүхийн сан хөмрөг дэх Гүег хааны энэхүү захидал бичгийг Оросын сүмийн бичээч, түүхч Кирилл Королевский 1920 онд олж, гэрэл зурагг буулган авч Ираны эрдэмтэн Массэ гэгчид өгч судлуулжээ. Массэ захидлыг анх орчуулж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан байна. Улмаар Гүег хааны зарлиг хэмээн алдаршсан Монголын их хааны тамгын дардастай захидлыг олон орны эрдэмтэд судлах болжээ. Захидлын дунд болон баруун доод буланд буюу бичээсийн төгсгөлд Монголын их хааны тамгыг дарж баталгаажуулсан байдаг. Энэ нь Монгол ын эзэнт гүрний хасбуу тамганы цор ганц дардас юм. Дардсаас үзвэл их хаан 15.5x15.5 сантиметрийн хэмжээтэй тамга барьж байжээ. Тамганы бичээст Монголын эзэнт гүрний хаан дэлхий дээрх эрхэм дээдэс, бурхнаас илүү гэсэн утгатай үг сийлсэн байдаг. Гүег хааны тамганы дардсыг сийрүүлбэл “Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол Улсын далай хааны суу залиар ил булхай иргэн дор хүрвээс биширтүгэй аюутугай” хэмээжээ. Дэлхийн түүхэнд монголчуудын эрин хэмээдэг XIII зуунд Перс, Орос, Ром, Хятад, Тангуд, Солонгос зэрэг улсын ноёд энэ л тамганы бичээст захирагдан толгой бөхийлгөж байсан юм. Гүег хааны захидлын хуулбарыг Монголын Үндэсний музейд хадгалж хадгалж байна.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин