sonin.mn

Он жилийн хүрд эргэлдэн улирсаар өнөө жил Улаагчин тахиа жил болбоос хүндэт аав Чингисийн алтан ургийн 31-р үеийн үр хойч болох түүхэн дахь Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны хошуу дүүрэн чин ван Дэмчигдонров вангийн ууган хөвгүүн үе залгасан Сөнөд угсаатны 16 дахь мөнхүү хамаг сүүлчийн Засаг ван Д.Дугарсүрэнгийн мэндэлсэн 100 жил хүрч ирэв. Эн тэргүүнд эзэн дээдсийн хурай дуудсан Хөх Мөнх Тэнгэртээ сүү цацлаа өргөмүй. Буян амгалангийн ивээл хайрласан Бурхан Халдун уул хайрхандаа сүү цацлаа өргөмүй. Аавын минь шүтэн тахидаг Сөнөд угсааны Алтан-Овоо, Баян-Овоо, хийморь сүлдийг нь бадрааж явсан хөдөө сүлддээ сүү цацлаа өргөмүй. Аавын ул мөр шингэсэн Сөнөдийн тал, уул хайрхан, нуур болон өвс ургамал, таван хошуу мал, зургаан зүйлийн амьтан бодист сүү цацлаа өргөмүй. Энэ цаг мөчид бидний сэтгэл маш хүнд байна. Ер ерийн жилдээ таныг дурсаж санагддаг бодлоос нэн шаналалтай байна. Сэтгэл эмзэг байна.Дэлгэрүүлэн өгүүлбэл мөс цасаар хучигдсан өвөл цагт Монгол улсыг чиглэн зорьсон нь. Зугаацахаар явж байгаа бус, байгаль үзэмжийг бахархаж сэтгэлээн сэргээхээр зорчиж байгаа бус аав минь энд амьдарч байсан юм, элэг зүрхээрээ тэмүүлж ирээд хүмүүн цус харгалзахлаар энд насан эцэс болсон гэхэд сэтгэлийн ээдрээ, зүрхний эмзэглэл улам ширүүсэх юм билээ. Дахин өгүүлэхэд үр хойч бид аав таныгаа Чингисийн алтан ургийн жинхэнэ угсаа хойч гэхэд сэтгэл дүүрэн омогшил алдаршилтай байдаг. Гэтэл буян заяа эдлэх цэл залуу насанд аав таныг нутгийн бус этгээд, харь үндэстэн ч бус харин элэг нэгтэй Монгол угсаатан хэмээгчид улсын хууль гэдгээр далайлгаж хилсээр гүжирдэн хэрэг тулгаж цаазаар гүйцэтгэн хорлосон үнэн тэмдэглэл далд далдлагдаад 40 жил, бараг хагас зууны дараа нар үзэн илрэхэд бидний зүрх шимширч, сэтгэл эмзэглэв. Ороо босоо нэг зууны он жилийн үед аав минь та гэр угсаагаан өөдлүүлж Сөнөдийн алтан хөрсөнд унаж заяагдсан. Ертөнцийн аливаа үйл орвоон хөрвөөнөөр дүүрч байхад өөрийн эмэг ээж, эцэг вангийн өршөөл хайраар бүйвээлэгдэн Монгол соёлоороо хүмүүжиж, эрийн цээнд хүрэх үеэрээ хошуу засгийг барьж явсан. Журмыг дээдэлж, ачлалыг гүйцэтгэн эцэг вангийн захиа зарлигаар хэдэнтээ алс гүрэн Япон хүрч боловсорч ирсэн. Төрөлх хэл Монгол хэлэндээ нэвтэрснээр үл барам харь хэл Хятад, Япон, Орос хэлийг хамтад нь тэгш сурч чадсан. Тэнгэр заяаны Сөнөд хөвгүүн шударга ёсноо зүтгэж Монгол түүх соёлоо дээдэлж Сөнөдийн түүхийн цадигт нэрээ тод үлдээсэн Монгол хүний цайлган сэтгэлээр Сөнөд нутагтаа засаглаж амьдралынхаа сүүлчийн цагт БНМАУ-ыг чиглэсэн нь хэл угсаа нэгтэй ч санаа зорилт өөр хүмүүсийн мэхэнд орж тэндээ цаазын ялтан болох заяа хүлээсэн. Тэнгэр газар харанхуйлж, үнэн цагаан хутгалдсан тэр үед аав минь агсамнагч шүүгчийн гүтгэлэг, тамлал, хуульчид хэмээгч хүмүүний эрүү тамлалын дунд хөмхийгөө зууж шандсаа сугалуулсан гунигт учралтай. Энэ мэтийн ял тамлал 453 хоног үргэлжилж 35 нас буюу идэр настайдаа хилсээр дарамтлагдаж Халхын талд хорлогдсон хар амсалтай төгсгөлтэй. Ийнхүү Чингис хааны мэндэлсэн нутагт аавын минь элэг эмтэрсэн он жилүүдийг бодоход Чингис хааны мэндэлсэн нутагт алтан ургийнхны нэгэн хойч яс нэрээ тэнд үлдээжээ. Аавын минь элэг эмтрэхүй он жилүүдийг бодохоор намайг мэдээ орсноос авахуулаад гэртээ аав гэж дуудахаас зүрхшээдэг. Яагаад гэдэг асуултанд хариулт ер өгдөггүй дээр зууны 50 60-аад оны сүүлч. Залуу зандан нас хүрэхэд аав минь чухам ямар хүн байсан бол гэдгийг сэтгэлдээ дарж, бодолдоо хоногшуулсан дээр зууны 70,80-аад он. Элгэн хайрыг чинь хүртэх аз жаргалыг хүртээгүй 40 жилийн дараа зураг сүүдрээр тантай анх танилцахад сэтгэл улам хүндэрч, бодол тогтсон 90-ээд оны эхэн үе. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй.

Хүндэт аав таны хилс сүнс төөрөн тэнэсэн 40 жилийн дараа таны хэлмэгдсэн тэр Их Монгол Улсад Ардчиллын эрх чөлөө мэдрэгдэж Дэмчигдонров овогтой Дугарсүрэн 1952 онд улс төрийн гэмт хэргээр шийтгэгдсэнийг хянан үзэхэд тус хэрэгт хилсээр шийтгэгдсэн нь тогтоогдсон гэх Монгол Улсын Дээд Шүүхээс олгосон цагаатгасан үнэмлэхийг тань хэдэн өнчин үр чинь тосон авсан. Авга Д.Очирбат энэхүү ажил хэргийг биеэр биелүүлж аав таны ариун сүнсийг амаржуулах хөшөө босгосон алдрыг энд тухайлан танд өгүүлэн өчмүй. Ээж минь тэр их тэнгэр ниргэсэн аюулт он сард тэрхэн зуурд язгууртан хатагтай байснаас өнчин бэлэвсэн заяанд хөтлөгдөх болсон. Ээж минь таны мөр сураггүй болсон элэр балар 40 жилийн хатуу хүчир өдрүүдэд 4 үрээ бүүвэйлэн өсгөж хүний зэрэгт хүргэж явсан. Ачлалт ээж минь өтөл насандаа 4 үеийн ач зээгээрээ биеэ тойруулан жаргааж 89 насандаа насан хутаг эдэлж хойд жилд насан өөд болсоныг тоочин танд өчмүй. Тэнгэр заяаны ариун сүнс 65 жил Сөнөдийн нутгаа чиглэсээр аав таны богино түүх 100 жил зурайсаар. Төрөлх заяа, төрсөн удмын үр хойчийн сэтгэлд аав таны гэгээн дүр өнө мөнх амилангуй. Үр хойч болсон бид дээдсээс удамлан үлдээсэн шилдэг зан чанар, эрхэм дээдэс болон боловсон, бусдаас давсан авьяас чадварыг тань эрхэмлэн хадгалж хичээнгүйлэн явна. Алдар нэр, ач гавьяаг тань зүй зохистой, зөв журмаар алдаршуулан журамлана. Хичээл сурлагыг тань чанга журамлан, хувьдаа чанга сахин, хувийн ашиг сонирхол, нэрийг төрийг эс хөөцөлдөн Монгол дээдсийнхээ сүү шиг цайлган сэтгэл, үнэнч санаагаар оршин амьдарна. Өөрийн жижигхэн амь, бодьгал биеийн хувьд дээдсээ дээдэлж, алдар ачийг тань умарталгүй Монгол соёлдоо зүтгэлтэй Монгол түмэндээ тустай ажлыг хийж бүтээхээр чармайна гэдгээ аавдаа өчмүй. Дээд язгуурын ерөөл тэнгэрийн цаанаас хурайтай тэртээ зууны түүх, газрын элэгнээс угшилтай Хөх Мөнх Тэнгэр минь ивээн соёрх хурай хурай хурай. Хүнд алдартай дээдэс минь ивээх болтугай хурай хурай хурай. Н.Дэмчигдонровын жинхэнэ удмын 2-р үе, 3-р үе, 4-р үе, 5-р үе, 6-р үеийн бүх үр хойчийг төлөөлөн энд тандаа өчил өргөж байна. Аргын улирлын 2000 бөгөөд 17 оны 12 дугаар сарын 12- ны өдөр, Билгийн улирлын Улаагчин Тахиай жилийн 10 дугаар сарын 25-ны өдөр Сөнөд баруун хошууны сэлбэн зассан Вангийн ордны гадна аав тандаа өргөх өчилөө анх өчсөн билээ. Өнөөдөр Монгол Улсын хилд байгаа Бурхан Халдун уулаа бараадан байж таны яс нэрээн үлдээсэн газар нутгийг зорин ирж аав таныхаа мэндэлсэн 100 жилийг дурсахуй ажиллагаа явуулж тахилга өчлөө өргөж байна. Аргын улирлын 2017 оны 12 сарын 20-ны өдөр, Билгийн улирлын 11-р сарын шинийн 3-нд “Аавдаа өргөх өчил"-ийг отгон охин Д.Өлзийбаяраас хичээнгүйлэн ноороглов