sonin.mn
БЭЭЖИН. /Чайна Дэйли/. Хятад улсын баруун нутгийн Шинжаан Уйгурын ӨЗО гадны босогчид нэвтрэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хилийнхээ дагуу “Цагаан хэрэм” барихаар төлөвлөж байгаа тухай тус ӨЗО-ны тэргүүн мэдэгдсэнийг “Чайна Дэйли” сонин уламжлав.
Шинжааны байдал өнгөрсөн оныг хүртэлх хэдэн жилийн хугацаанд тогтворгүй байсан бөгөөд тэнд үе үе халдлага гардаг байсан юм.
Монгол, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Афганистан, Пакистан болон Энэтхэгтэй хиллэдэг тус ӨЗО-ны захирагч Шохрат Закир өчигдөр парламентдаа үг хэлэхдээ “Шинжааны байдал өнгөрөгч 2017 онд ерөнхийдөө тогтвортой байлаа. Гэсэн хэдий ч бид сэтгэл амарч болохгүй. Лалын хэт давруу үзэлтнүүд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Шинжаан хилийн хамгаалалтаа чангатгах ажлын хүрээнд хилийн дагуу “Цагаан хэрэм” барихаар төлөвлөж байна” гэжээ. Мөн хилийн дагуу хяналтын камерууд суурилуулж, хилийн дагуух зам болон бусад дэд бүтцийг сайжруулна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шинжааны хууль тогтоогчдод хандан “Шинжаан тогтвортой байдлаа хамгаалахын тулд “төмөр хана хэрэм” барих хэрэгтэй” гэж хэлж байжээ.
Шинжааны эрх баригчид мөн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хүрээнд бүх иргэнийхээ ДНХ болон бусад биометрийн өгөгдлийг цуглуулж эхэлсэн гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг