sonin.mn
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Гантулгын Болд-Эрдэнэ 2017 оны Зэвсэгт хүчний Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчаар тодорсон юм.
Гаргасан амжилтаар чинь бахархаж байна. Баяр хүргэе!
 
-Баярлалаа. “Соёмбо” сониноос шилдгээр шалгарснаа мэдсэн. Их баяртай байна. Би 2017 оны I ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн. Ирэхээсээ өмнө МУБИС-ийн компьютер график дизайны ангид суралцаж байгаад чөлөө авчихсан юм.
 
Тэгвэл цэргийн албыг их л чухалчилсан байх нь ээ?
 
-Хувийн шалтгааны улмаас чөлөө авсан. Гэхдээ эр хүний хаах ёстой алба учраас цаг алдаад яах вэ гэж бодоод цэрэгт явахаар шийдсэн юм. Аав, ээж маань ч дэмжсэн.
 
Цэргийн алба, орчин нөхцөл чиний төсөөлснөөс хэр өөр байв?
 
-Огт өөр. Бүх л зүйлийг хамтдаа хийх нь сайхан, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг шиг. Цэргийн эрдэмд суралцахаас гадна эр хүний мөн чанар, шинж чанарыг өөртөө илүү төлөвшүүлж, тэсвэр хатуужил гээд олон зүйлийг олж авч чаддаг онцлогтой алба юм.
 
Өөрт мэдрэгдэж, ажиглагдаж байгаа өөрчлөлт юу байна вэ?
 
-Бие бялдрын хувьд илүүдэл жингээ хассан, бас бие чангараад нэг л өөр. Эхний хэдэн өдөр өглөө босохоос эхлээд гүйлт гимнастик, жагсаалын бэлтгэл гээд “чанга” байсан шүү. Үүнээс гадна хүний үг сонсож, дааж, аливааг тунгааж эргэцүүлдэг, өөрөөр хэлбэл илүүтэй ухаан суудаг юм байна.
 
Бас цэргийн нөхөрлөл гэж үнэтэй зүйл бий?
 
-Тийм шүү. Хүмүүс тэгж ярихыг сонсож л байсан. Үнэхээр л цэргийн алба хаах энэ хугацаанд нөхөрлөл, найз нөхөд гэдгийг бүрэн утгаар нь мэдэрч байна даа. Бүтэн жилийн хугацааг хамтдаа туулж, зовлон жаргалаа хуваалцаж байгаа болохоор ижилдэн дасахаас өөр аргагүй л байдаг юм байна. Цэргийн албаа дуусахаар найзуудаа санах байх даа гэж хааяа өөрийн эрхгүй бодогдоод байгаа.
 
Мартагдахгүй үйл явдал багагүй л тохиолдож байгаа байх. Тэр дундаас ...
 
-Цэргийн тангараг өргөсөн өдрийг хэзээ ч мартахгүй. Үг бүрийнх нь утгыг ойлгож, эрхэмлэж, хүндэлж, бахархаж цээжилсэн. Уншихад их хатуу үгстэй, сүрдмээр санагдаж, тангараг өргөсөн хойно илүү их үүрэг хариуцлага ирж байгаа мэдрэмж төрж, зориг орох шиг болсон. Бас Төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа дуулж зогсох үед нэг л омогшмоор, бахархмаар, эх орноо хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Өмнө нь эх орон гэхээр газар шороо, нутаг ус гээд хэлбэр төдий зүйл бодогддог байсан бол одоо огт өөр. Минийх гэж өмчилж хайрлаж, надаас эх орон минь эхэлдэг гэж аливаад хичээдэг болсон.
 
Эх орон гэснээс аль нутаг билээ?
 
-Увс аймгийн Улаангом сумынх. Аав маань жолооч, ээж цэцэрлэгийн багш. Одоо ч нутагт минь хүйтний эрч чангарч, цас орж цавцайгаад сайхан байгаа даа. Нутгийнхаа жаврыг хүртэл санаж байна.
 
Аав, ээждээ шилдгээр шалгарсан баярт мэдээгээ дуулгасан уу?
 
-Утсаар ярьж хэлсэн. Ээж “Аав чинь баярлаад хоолой нь зангираад ярьж чадахгүй байна” гээд л, манай хоёр их баярлаж байна билээ. Аав минь Зэвсэгт хүчний 032 дугаар ангид цэргийн алба хаасан. Ангийнхаа, найз нөхдийнхөө тухай дурсан ярих дуртай. “Цэргийн албаа нэр төртэй хаагаарай” гэсэн аавынхаа захиасыг биелүүлж албаа сайн хаагаад, сургуулиа төгсөж, эх орондоо хувь нэмрээ оруулна.
Амжилт хүсье.
 
 
Х.Тулга
Эх сурвалж: "Соёмбо сонин"