sonin.mn
“Монгол оронд төрсөндөө, Монгол Улсын иргэн нь гэдгээрээ баярлаж бахархах сэтгэл маш их төрдөг” гэсэн үгийг дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдаас байнга сонсдог. Мэдээж хүн бүрт эх орон нь үнэ цэнэтэй. Гэхдээ цэргийнхэн эх орны үнэ цэнийг илүүтэй мэдэрдэг болов уу гэж боддог юм. Амар амгалан, эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг аль ч ард түмний оршин тогтнох үндэс, юугаар ч сольшгүй баялаг нь билээ. Гэхдээ энэ баялаг алдагддаг, энэ баялгаа алддаг гэдгийг мартах учиргүй. Энэ баялгийнхаа төлөө тэмцэж зүтгэж, хүнд хэцүүг туулж яваа бусад улс орны иргэдийн хувьд эх орны тухай бодол, хүсэл мөрөөдөл нь ямар байдаг эсэхийг уншигчидтайгаа хуваалцахыг зорилоо. Нэгийг бодож, хоёрыг тунгаан эдгээр асуултад өөрөө ч бас хариулаад үзээрэй. Ярилцлага авахад туслалцаа үзүүлсэн Өмнөд Судан, Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар, дэд хурандаа Д.Туул захирагчтай цэргийн багийн хамт олонд талархал илэрхийлье.
 
Лук Рейк Няак: ХАМГИЙН ИХ ХҮСЧ БУЙ ЗҮЙЛ ЭХ ОРОНДОО ЭНХ ТАЙВНЫГ АВЧРАХ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Лук Рейк Няак /Өмнөд Судан улсын иргэн/
 
 
-Миний үндэстэн, би болоод миний ээж, аав, ах, эгчийн төрсөн газар бол эх орон. Энэ бүгдийг бүрдүүлж нийлүүлбэл Өмнөд Судан гэж хэлж болно.
 
Эх орны үнэ цэнийн талаар?
 
-Өмнө нь хэлсэнчлэн би Өмнөд Судан буюу хуучнаар Суданд төрсөн. Тиймээс миний төрсөн газар надад маш үнэ цэнэтэй. Манай ард түмэн олон сайхан заншилтай. Энэ нь хийсвэр утгаараа миний сэтгэл дэх эх орон гэж хэлж болно. Миний нэрнээс эхлээд намайг төлөөлж байдаг бүх зүйл миний эх орных гэж боддог болохоор ямар үнэ цэнэтэй гэдэг нь мэдэгдэх байх.
 
Танай эх орны бахархмаар зүйл нь юу вэ?
 
-Миний эх орон эртнээс зэрлэг ан амьтадтай тэмцэлдсээр амьд үлдэж чадсан хүмүүсийн газар нутаг. Тэгэхээр би нэгдүгээрт өвөг дээдсийнхээ түүхээр, тэдний амьдарч ирсэн “замаар” бахархдаг. Хоёрдугаарт манай улс алт, газрын тос гэх мэт ашигт малтмал ихтэй. Тиймээс үүгээр бахархах нь зүй ёсных байх. Дараа нь манай улсад л байдаг зэрлэг ан амьтан, байгалиараа бахархдаг. Тухайлбал, Жонглей мужид байдаг зэрлэг амьтдын хүрээлэн бол Африк төдийгүй дэлхийд томд тооцогддог гээд бахархах зүйл олон.
 
Эх орныхоо төлөө та юу хийж чадах вэ?
 
-Хамгийн түрүүнд миний хийх зүйл бол эх орондоо энх тайвныг авчрахад өөрийн хувь нэмрээ оруулах. Хэрвээ тайван цаг ирж, дайн зогсвол Өмнөд Судан улсыг дэлхийд танигдсан улс болгож хөгжүүлэхэд улсынхаа иргэдийн хамт эхний эгнээнд зогсож, нэг хэсэг нь болмоор байна.
 
Улс эх орноо ямар байгаасай гэж хүсдэг вэ?
 
-Манай улс маш олон жил дайны хөлд, хүнд байдалтай байсан. 2011 онд одоогийн Өмнөд Судан, Судан болон Засгийн газрын эсрэг хүчний хооронд гал зогсоох гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Тэгээд Өмнөд Судан улс Засгийн газраа байгуулж, Жуба хотод байрласан. Ердөө долоохон жилийн өмнө гэсэн үг. Одоо Жуба хурдацтай хөгжиж байна. Өмнө нь бараг л эзэнгүй тал байсан гэж хэлж болно. Үүнийгээ дагаад орчин үеийн дэвшилтэд технологи, техник, хэрэгслүүд орж ирсэн. Манай иргэд ч үүнд хурдан суралцаж, эзэмшиж байна. Хэрвээ манай улс энэ хурдаараа явбал Африкийн тэргүүлэгч улсуудын нэг болох боломжтой. Гэвч иргэний дайн гүйцэт зогсоогүй, засгийн газрын эсрэг хүчин бүрэн арилаагүй, иргэдийн гар дээр дэндүү их галт зэвсэг байгаа зэрэг нь Өмнөд Суданы хөгжилд саад хийж, хурдыг нь удаашруулж байгаа. Хэрвээ энх тайвныг авчирч чадвал эмнэлэг, сургуулиуд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хүүхэд залуучууд боловсрол эзэмшинэ гээд гэрэлтэй ирээдүй бидний өмнө байгаа.
 
Кважа Баязулах Седелики: ЭХ ОРОН МИНЬ АМАР АМГАЛАН БАЙГААСАЙ
Афганистан улсын иргэн Кважа Баязулах Седелики
 
 
Эх орон гэж таныхаар юу вэ?
 
-Дэлхийн зүрх бол Афганистан, Афганистаны зүрх бол Кабул. Эх орон бол миний төрж өссөн газар, уул ус, гэр бүл юм. Эх орон бол ирээдүй, Аллах /бурхан/, Муслим /шашин/, эх хэл /Дари/ минь билээ.
 
Эх орны үнэ цэнийн талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Эх орны минь үнэ цэнэ Муслим /шашин/, уул ус, ан амьтан, ширэнгэн ой, ард түмэн юм. Мөн Дари, Паштун, Узбек үндэстнүүд нь бидний үнэ цэнэ.
 
Эх орны тань хамгийн бахархмаар сайхан зүйл нь юу вэ?
 
-Эх орны минь бахархал бол Аллах юм. Али дайчин /эртний афганы баатар/, Мазар-И-Шариф хотын Цэнхэр сүм, байгалийн баялаг газар зүйн онцлог, төрж өссөн Балх муж, ан амьтнаараа бахархдаг.
 
Эх орныхоо төлөө та юу хийж чадах вэ?
 
-Дарга нар нь чадахгүй байхад би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ дээ. Намайг бага байхад Афганистан ийм л байсан одоо ч хэвээрээ л байна.
 
Та эх орноо ямар байгаасай гэж хүсдэг вэ?
 
-Эх орон минь сүүлийн 40 жил дайн дажинтай байна. Ухаан орох цагаасаа л халдлага дайралт их болдог тайван биш орчинд амьдарч байна. Тийм болохоор Афганистан эх орон минь энх тайван, эрх чөлөөтэй, тусгаар тогтносон амар амгалан байгаасай гэж хүсдэг.
 
 Хошууч Х.Ганзул
Эх сурвалж: "Соёмбо сонин"