sonin.mn
Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Радио холбооны төвийн мэргэжилтэн, ахлах ахлагч Н.Мөнгөнтуулыг “Зочин”-ы буландаа урилаа. Тэрээр ангидаа 19 дэх жилдээ алба хааж байгаа радио телеграфчин мэргэжилтэй бүсгүй юм.
 
Цэргийн албанд ирж байсан цагаа эргэн дурсана уу?
 
-Дүрэмт хувцас өмсөөд хотын гудмаар алхаж яваа цэрэг хүмүүсийг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг байлаа. Магадгүй хамгийн мундаг учраас ийм ажил хийдэг байх гэж боддог байсан шүү. Тийм болохоор багаасаа л цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Ер нь “Соёмбо” сониныг уншаад сууж байхад ч тэр ихэнх цэргийн хүмүүс анх надтай адил шалтгаанаар цэргийн алба хаагч болох хүсэл тэмүүлэлтэй болж байсан юм билээ. Тиймээс бид ч гэсэн цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу, цэвэр цэмцгэр өмсөж, ард түмэн, хүүхэд залууст цэрэг, эх оронч үзлийн түүчээ болох хэрэгтэй. 
1999 онд Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн радистын дамжааг дүүргээд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид радио телеграфчинаар ажилд орж байлаа. Тэр үед манай гэр бүл, ойр дотныхонд нэг ч цэргийн хүн байдаггүй байсан. Гэтэл тэр цагаас хойш намайг дагаад манай ойр дотныхон, гэр бүлээс нэлээд хүн мөрдэст албанд хүчин зүтгэх болсон. Тухайлахад эгч маань одоо Хилийн цэргийн ангид хошууч цолтой алба хааж байгаа бол дүү маань Баянзүрх дүүргийн мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байна. Хүү маань ч мөн ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийг төгсөөд дэслэгч цолтой салааны захирагчаар ажиллаж байна даа. 
 
-Мэргэжлийнхээ тухай танилцуулна уу?
 
-Радио телеграфчин гэдэг мэргэжил тийм ч түгээмэл биш мөртлөө хамгийн түгээмэл зүйл болох чимээ гэгчийг сонсдог мэргэжил юм. Өөрөөр хэлбэл цэг, зураас буюу “дэд, да” шүү дээ. Анх 1830-аад оны үед америк эрдэмтэн Самуэль Морз гэдэг хүн зохиосон юм билээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл өргөн хэрэглэгдэж байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээрээ тэргүүлдэг АНУ, ОХУ, БНХАУ гээд дэлхийн олон орон одоо ч гэсэн морз дохиог хэрэглэж байгаа. Энэ дохио бол хамгийн найдвартай мэдээ дамжуулах хэрэгсэл юм. Морз дохиог дан цэргийнхэн ч биш энгийн иргэд ч гэсэн гарын доорх зүйлсийг ашиглан хэрэглэж болно. Тухайлбал гар чийдэнг ашиглан мэдээ дамжуулж болно. Хэрэг болж юуны магад уншигчдад олон улсын “SOS” морз дохиог хэлж өгье. Цэг, цэг, цэг, зураас, зураас, зураас, цэг, цэг, цэг (... - - - ...), дэд, дэд, дэд, да, да, да, дэд, дэд, дэд гэсэн чимээ юм. Өөрөөр хэлбэл гар чийдэнгийнхээ гэрлийг гурван удаа богино ээлжээр, гурван удаа арай урт ээлжээр анивчуулаад байхад Танд ямар нэгэн тусламж хэрэгтэй болжээ гэснийг ойлгох болно. 
 
-Таныг мөн багшилж байгаа гэж сонссон...
 
-Тэгэлгүй яахав, манай ангид шинээр томилогдон ирж буй залууст радистын анхан шатны хичээл заадаг юм. Мэдээж холбооны ангид ажиллахаар ирсэн л юм чинь ядаж радистын анхан шатны мэдлэгтэй байвал сайн гэж бодсоны үндсэн дээр багшилдаг. Заримдаа хотын гудамжаар сурагчидтайгаа алхаж явахад “-Хөөе багшаа сая машинаа сигналдсан жолооч “Ж” үсэг явууллаа” гэх зэргээр хэлдэг юм. Ер нь радио телеграфчин хүн маш өндөр түвшинд анхаарлаа төвлөрүүлж чаддаг байх ёстой. 
Уг мэргэжлээр сурах сонирхолтой залуус хэр их байна вэ?
-Тийм ч их биш гэж боддог. Миний үетэй харьцуулахад багассан. Хэдий тийм ч энэ мэргэжилд дурлаж байгаа залуус цөөнгүй гарч ирж байна. Хурдач радистын тэмцээн, уралдааныг олноор зохиож байвал хүүхэд залуус илүүтэй сонирхох байх гэж боддог. Энэ талын мэргэжлийн тив, дэлхийн тэмцээнүүдэд ч гэсэн оролцох боломжтой гэдгийг сайн сурталчлах хэрэгтэй. 
 
-Хурдач радистын тэмцээнд хэдэн удаа оролцож байсан бэ?
 
-Хошууч генерал Р.Гаваа агсны нэрэмжит радистын тэмцээнд 2004 оноос эхлэн оролцож байна. Мөн Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн цогцолбор тэмцээнүүд, улс, хотын аварга шалгаруулах холбоочдын тэмцээн гээд олон уралдаанд өөрийгөө сорьж, шагнал авч байсан. 
 
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
 
-Ямар ч хүн зорьсон зорилгодоо тууштай, хийж буй ажилдаа хайртай байх хэрэгтэй гэж боддог. Намайг радистын дамжаанд суралцаж байхад манайх Улиастайд амьдардаг байсан. Гэтэл хичээл заадаг анги маань хотын нөгөө талд Орбит хотхонд байрладаг. Өглөө 05 цаг өнгөрөөж босоод хичээлдээ явна, орой гэртээ ирэх гэсээр байтал 22 цаг болно, тэгээд хичээлээ давтана. Тэр үед би хичнээн ядарч байсан ч радио телеграфчин гэх мэргэжлийг үнэхээр чин сэтгэлээсээ эзэмшихийг хүсч байсан болохоор шөнө суугаад хичээлээ давтахад хүртэл сайхан санагддаг байсан. Тийм болохоор би хүүдээ ч гэсэн мэргэжилдээ хайртай байхын жаргалыг үргэлж хэлдэг. 
 
-Цаашдын зорилго...
 
-Ямар ч гэсэн цэргийн албанаас тэтгэвэртээ гарах хүртлээ багшилна гэж боддог. Цаашдаа энэ мэргэжлээ олон залууст зааж, Зэвсэгт хүчнийхээ хурдач радистуудын эгнээг нэмнэ дээ.
 
Ярилцсанд баярлалаа
 
Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо сонин"