sonin.mn
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Пёнчаны өвлийн Олимпийн нээлтэд оролцохоор ирсэн БНАСАУ-ын албан ёсны удирдагч буюу БНАСАУ-ын Ардын дээд бүгд хурлын дарга Ким ён Намтай уулзахаар болжээ.
Ким Ён Нам Пёнчанд болох өвлийн Олимпийн наадамд Хойд Солонгосын 22 тамирчинтай төлөөлөгчийг тэргүүлж ирж байгаа билээ.Хойд Солонгосын Үндсэн уульд зааснаар БНАСАУ-ын Ардын дээд бүгд хурлын дарга нь төрийн дээд албан тушаалтанд ордог. Тэрбээр сүүлийн дөрвөн жилд Өмнөд Солонгост ирж буй хамгийн өндөр албан тушаалтанд тооцогдож байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргааны нэрээ нууцалсан төлөөлөгч ВВС-д Сөүл Ким Ён Нам хүрэлцэн ирснийг хоёр орны харилцааг сайжруулахад Хойд Солонгос бэлэн буйгаа илэрхийлсний шинж гэж албан ёсоор үзэж байна гэжээ.
Ким ён Намаас гадна албан ёсны төлөөлөлд өндөр албан тушаалын гурван хүн, 18 туслахтайгаа ирсэн тухай БНСУ-ын Нэгдэх яамнаас мэдээлсэн байна. Нээлтийн ёслолын ажиллагаанд хоёр улсын тамирчид “Нэгдмэл Солонгос” гэсэн нэгэн далбаан дор оролцох юм. Гэхдээ нээлтийн ажиллагаанд Хойд Солонгосын парламентын дарга хүрэлцэн ирэх эсэх нь тодорхойгүй байна.
Сонирхуулахад уржигдар буюу ням гарагт хоёр Солонгосын хоккейн нэгдмэл баг Шведийн шигшээгийн эсрэг нөхөрсөг тоглолт хийж, 1:3 онооны харьцаатайгаар ялагдсан. Эмэгтэйчүүдийн хоккейн нэгдмэл багт Өмнөд Солонгосын 23, БНАСАУ-ын 12 тамирчин багтжээ. Харин наадмын тоглолтын үеэр Хойд Солонгосоос дор хаяж гурван хоккейчин албай дээр гарах ёстой.
БНАСАУ энэ өвлийн Олимпийн наадамд оролцох тухайгаа нэгдүгээр сарын 9-нд буюу БНАСАУ, БНСУ-ын өндөр албан тушаалын төлөөлөгчдийн дунд болсон хэлэлцээрийн дараа зарласан. Үүнийг хоёр орны харилцаа сэргэх хандлагын илэрхийлэл гэж дэлхий нийт хүлээн авсан юм. Үүнээс өмнө Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун шинэ жилээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ тамирчдын төлөөллөө Пёнчаны наадамд явуулах бодолтой, яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэж мэдэгдсэн билээ.
Хойд Солонгосын тамирчид түүнчлэн цанын уралдаан болон уран гулгалтын тэмцээнүүдэд оролцоно. Түүнчлэн Пхеньян ирэх гуравдугаар сард болох паралимпийн наадамд төлөөлөгчдөө оролцуулах сонирхолтой байна.
Хоёр Солонгосын тамирчид хамгийн сүүлд 10 гаруй жилийн өмнө буюу 2006 оны Турины өвлийн Олимпийн үеэр Солонгосын хойгийн далбаан доор наадмын ёслолын ажиллагаанд оролцож байсан билээ.