sonin.mn
Нийслэлийн сургуулиудад хамран сургах тойрог гэж нэг том зүйл бий. Тухайлбал нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Хамран сургах тойрог нь  тус хорооны хүүхдүүд байх ёстой.Гэвч бодит байдал дээр тус сургуульд өөр дүүрэг, хорооны хүүхэд суралцах нь ердийн үзэгдэл байдаг. Энэ талаар сургуулийнхан ч ам нээх дургүй. Төвийн дүүрэг, хорооны сургалт сайтай сургуулиудад гардаг бэрхшээлийн нэг.
Нийслэл хотын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын  134, төрийн бус өмчийн 107 нийт 241 дунд сургууль бий. Бүрэн дунд сургуулийн тоог  хороодтой харьцуулахад хороо болгон ерөнхий боловсролын бүрэн дунд сургуультай байх боломжтой  дүр төрх харагдаж байгаа юм. Гэвч нийслэлийн 152 хорооны  90 нь  гэр хороололд байдаг.Түүний 50 нь хорооныхоо нутаг дэвсгэрт огт  бүрэн дунд сургуульгүй  ажээ.  Тухайлбал, СХД-ийн 26 дугаар хорооны хүүхдүүд нь 65 дугаар дунд сургуульд хамрагдах учиртай. Энэ сургууль тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг. Гэтэл 26 дугаар хороо Улаанчулуутын хогийн цэгтэй хаяа дэрлэдэг. Тэндээс хүүхдүүд  3-7 км зам туулж сургуульдаа хүрнэ.
2018 онд нийслэлд  төсвөөр, Азийн Хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээл, БНХАУ, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийт  20 шинэ сургууль барих юм байна. Шинээр баригдах сургуулиудыг гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлттэй уялдуулбал  сургуульгүй хороод сургуультай болох магадлалтай. Эдгээр сургуулиас гадна 47 цэцэрлэг шинээр барина гэж нийслэлээс төлөвлөжээ. Мөн сургууль, цэцэрлэгийн өргөтөгөл хийж, сургуулийн хүчин чадлыг 31480, цэцэрлэгийнхийг 11650 суудлаар нэмэгдүүлэх гэнэ.
Байгаа орчноо өөрчилж шинэ шатанд гарах гэж байгаагийнхаа хувьд газар шинэчлэн зохион байгуулалтад хамрагдаж байгаа иргэд  газраасаа  хувь нийлүүлэн сургууль, цэцэрлэг, цаашлаад цагдаа, эмнэлгийн барилга барих газрыг   гаргаад өгөх болов уу. Ингэвэл  гэр хорооллын бүсэд цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихын тулд өндөр үнээр газар чөлөөлдөг явдал гарахгүй. Дэд бүтэц султай гэр хороололд сургууль, цэцэрлэг барих нь нэг төрлийн тухайн бүсэд оруулж байгаа хөрөнгө оруулалт, түүнийг дагаад ажлын байр бий болдог гэж хорооны  Засаг дарга нар ярих юм билээ.
Гэр хорооллын инженерийн болон нийгмийн дэд бүтэц хүрэлцээгүй байгаа сул талыг  улс, нийслэлийн төсөв, гадаад орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг шингээх замаар давуу тал болгон ашилах боломжтой гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлсэн байдаг.
Нийслэлийн удирдлагууд газрын шинэчилсэн зохион байгуулалт, дахин төлөвлөлтийн хүрээнд  2020 он хүртэл  инженерийн дэд бүтэц бий болгох үйлчилгээний 100 төвийг хувийн хэвшилтэй хамтран барьж байгуулахаар хөрөнгө оруулагчдад хандан уриалсан юм. Ийм бүтээн байгуулалтыг хийж байж гэр хорооллын 20-30 мянган өрх хувийнхаа орон сууцыг шинэчлэн, заасан стандартын дагуу дулаалж дэд бүтэцтэй болно. Улмаар агаар орчны бохирдол 20 хувь буурна гэж тооцжээ. Хөрөнгө оруулалтыг бодитоор оруулж чадвал боломжтой тооцоолол.
Цэцэрлэг, сургууль, гэр хорооллын өнөөдрийн өнгө төрх  нийслэлийг бүдэгрүүлж  байгаа гэх юм. Харин маргааш тэдний өнгө төрх ямар болж өөрчлөгдөхийг  урьдчилан тааварлахад түвэгтэй байх нь ойлгомжтой. Гэхдээ гэр хорооллынхон  ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж байгаа биз ээ. Гэр хорооллын  айл олон газар уужим, нийслэлд хийх ажил их байна.               
                                                 
Г.Эрдэнэбат
Эх сурвалж: Монцамэ агентлаг