sonin.mn
СӨҮЛ. /ТАСС/. БНАСАУ-ын төлөөлөгчдийн өвлийн олимпийн наадамд оролцох зардал болох 2 сая 860 мянган ам.долларыг БНСУ төлөх ажээ. Лхагва гарагт Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, дээрх мөнгийг Умард Солонгостой хамтран ажиллах комиссын төсвөөс гаргахаар болжээ.
Умард Солонгосын жүжигчид, хөгжөөн дэмжигчид болон таэквондочдын үзүүлэх тоглолтын багийнхан зэрэг 300 гаруй хүний Өмнөд Солонгост байх хугацааны зардлыг Сөүл төлөхөөр шийдвэрлэсэн байна.
“Умард Солонгосын төлөөлөгчид олимпийн тоглолтод оролцож байгаа нь олимпийн наадмыг тайван байдалд явуулах, Солонгос хоорондын харилцааг сайжруулах сайхан боломж бөгөөд Солонгосын хойгт энх тайвныг тогтоох үүд хаалгыг нээж байна” гэж Улс орноо нэгтгэх яам умард солонгосчуудын зардлыг даах болсон шалтгааныг тайлбарлажээ.
3 дугаар сард болох паралимпийн тоглолтод оролцох Умард Солонгосын төлөөлөгчдийн зардлыг даах асуудлыг дараа нь хэлэлцэнэ гэж яамны мэдэгдэлд дурдсан байна. 
Зардлыг даах тухай Өмнөд Солонгосын шийдвэр нь БНАСАУ-ын эсрэг авсан олон улсын болон дангаар нэвтрүүлсэн хоригийг зөрчөөгүй гэдгийг мөн дурджээ.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг