sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /ТАСС/. Энэтхэгийн зэвсэгт хүчин мягмар гарагийн өглөө цөмийн цэнэгт хошуу тээж чадах “Агни-2” гэдэг пуужинг хөөргөн туршжээ.
Уг пуужинг Бенгалийн хоолой дахь Абдул Калам гэдэг арлаас хөөргөсөн байна. 20 м урт энэ пуужинг Энэтхэгийн инженерүүд зохион бүтээсэн бөгөөд 2004 онд армийн зэвсэглэлд шилжүүлэн өгснөөс хойш байнга хөөргөн туршсаар иржээ.
Пуужинг харвах цогцолборыг бэлэн болгоход 15 минутын хугацаа ордог ба түүнийг автомашин болон төмөр замаар тээвэрлэх боломжтой аж. “Агни-2” пуужин нь Хятадын баруун, төв болон өмнөд бүс нутгийн ихэнх хэсгийг онилох чадвартай юм. 
Энэ удаагийн туршилт нь хоёрдугаар сард хийсэн гуравдахь удаагийн туршилт ажээ. Тухайлбал, энэ сарын 6-ны өдөр Энэтхэгийн зэвсэгт хүчин “Агни-1” пуужинг, 7-ны өдөр “Притхви-2” пуужинг хөөргөн туршсан байна. Эдгээр пуужин нь бүгд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой ажээ.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг