sonin.mn
Монголчууд бид дэлхийд хамгийн “үнэн” түүхтэй ард түмэн. Эзэн Чингис хаан морин дэл дээрээс дэлхийн талыг эзэлж, өөрийн гавьяагаа дэлхийн түүхэнд мөнхлөн үлдээсэн. Түүгээр нь бид үеийн үед бахархаж, омогшиж ирсэн. Түүх гэдэг цаасан дээр үлдэхээс гадна хүмүүний сэтгэл зүрхэнд хадгалагддаг аж. Харин агуу түүхээ бид дэлхийд гайхуулах цаг хэдийнэ болжээ. Харин ямар замаар вэ. Яриад өнгөрөх үү, мөнхөлж үлдээх үү.
 
“БАЙТАГ БОГД”
 
Хилчин залуусын эр зоригийг харуулсан “Байтаг Богд” кино нээлтээ хийлээ. 1947-1948 онд хил зөрчигчидтэй хийсэн томоохон тулаан болсныг түүхэнд “Байтаг Богдын тулалдаан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ газар дурсгалын хөшөө босгосон нь өнөөг хүртэл бий. Түүх сийрүүлбэл 1948 оны долдугаар сарын 8-нд өглөө бүдүүн харгайтын голоос ус авч байсан цэрэг урсгал даган морины шинэхэн хомоол урсаж иржээ. Түүнийг авч хувааж үзэхэд тэжээлээр хооллож байсан морины хомоол байжээ. Энэ тухай ангийн дарга Хаянхирваад илтгэсэн байдаг. Улмаар тандалт хийлгэхэд Бүдүүн харгайтын гол гаруй бүрэн зэвсэглэсэн хил зөрчигч дагуу 150-170 казак цэрэг байв. Тэд хилийн цэгийг устгах зорилготой байжээ. Эндээс хилчин залуусын баатарлаг түүх эхлэв. Тэд эх орон, газар усныхаа төлөө халуун амиа зольж, дайсны давшилтыг цээжээрээ хамгаалж, өргөсөн тангаргаасаа няцалгүй, өрвөлзөх дайсны өөдөөс тэмцсээр амьсгал хураасан юм. Энэ бол Монгол Улс, монгол залуусын үнэн түүх байв. 1949 оны долдугаар сарын 5-ны тогтоолоор БНМАУ-ын ариун дархан хил хязгаарыг хамгаалах хэрэгт эх орныхоо өмнө онцгой их гавьяа байгуулсан явдлыг цохон тэмдэглэж, хөнгөн пулемётын наводчик, Б.Тэгшээ, Л.Даваадож хоёрыг БНМАУ-ын баатар цолоор, 1971 оны аравдугаар сарын 13-ны 200 дугаар зарилгаар Б.Гиваан баатар цолоор, ахлах дэслэгч Хаянхирваа, хилчин байлдагч Дандархайдав, Архад, хилчин байлдагч Чойжин, Гончигзэвэг нарыг Цэргийн гавьяаны одонгоор, хилчин байлдагч Пэлжээг Байлдааны медалиар тус тус шагнасан юм. Бид энэ түүхийг л дэлхийд үзүүлэхсэн, омогшихсон, бахархахсан. Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр тулалдсан 10 гаруйхан цэрэг байгаагүй бол бид өдийд энэ уудам тал нутагт амар тайван амьдрах байсан болов уу. Энэ түүхийг хүн бүрт үзүүлэхсэн, ухаа­руулахсан, сануулахсан.
 
КИНОНЫ ТУХАЙ ХУУЛЬ СУРАГ ТАСРАВ
 
Түүхэн бодит явдлыг өгүүлдэг учир түүхэн кино үнэ цэнэтэй. Энэ төрлийн кино өндөр зардлаар бүтдэг. Тухайн цаг үеийг энэ цагт авчрахын тулд кино багийнхан хувцас, жижиг хэрэглэлээс эхлээд бүхнийг шинээр хийдэг. Тиймээс түүхэн киног төрөөс дэмжээд өгвөл дарагдаж үлдсэн олон хүний түүх ил болох юм. Мөн сэдэв, утга санаа, агуулгын хувьд дэлхийд эх орноо сурталчлах брэнд ч байж болно. Дэлхийд шуугиан тарьж, тэсрэлт хийх зохиол хүлээхийн оронд өөрсдийн түүхээ бөмбөрцөгт гайхуулъя. Киног бизнес утгаар нь хөгжүүлье. Үүний тулд хамгийн эхний алхам нь киноны тухай хууль юм. Гэвч тэр хууль хаана байна вэ. Монголын киночид хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр олон жилийг үдлээ. Киноны тухай хуулийн төслийг 2016 оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан байдаг. Уг төслийг БСШУСЯ-наас санаачлан боловсруулсан аж. Тухайн үеийн БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр “Киноны талаар төрөөс батлан гаргасан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, зорилгыг хэрэгжүүлэх, бодлого, стратегийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бий болгох шаардлага тулгарч байгаа. Тиймээс киноны үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, кино үйлдвэрлэлийн санхүүжилт, кино үзвэрийн үйлчилгээ болон үйлчлүүлэгчдийн эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төсөл боловсруулсан” гэж байв. Гэвч үүнээс хойш сураг тасарчээ.
 
ТҮҮХЭН КИНОГ ТӨРӨӨС ДЭМЖЬЕ
 
Монгол Улс оршин тогтнох, тусгаар байдлаа хэвээр нь авч үлдэх гол цөмийн нэг нь соёлын дархлаа юм. Гэтэл бид барууны урсгал, Солонгосын савангийн дуурьт “живж” байгаа нь харамсалтай. Харин солонгосчуудын хувьд энэ байдлыг овжиноор ашигладаг “сэргэлэн төртэй” ард түмэн. Учир нь өнөөдөр суваг бүр дээр Солонгосын түүхэн кинонууд гарч байна. Түүхэн киног нь төрөөс дэмждэг тусгай хуультай. Жилд заавал 1-2 түүхэн бүтээл хийх төсөв хүртэл бий.Тиймээс өнөөдөр солонгосчуудаас илүү баатарлаг түүхтэй, нисдэг жанжинтай улс алга. Бид ч тэр түүхээр нь бахархаж, тус орныг түүхэн киногоор нь төсөөлөх жишээтэй. Үнэндээ тийм олон эрэлхэг жанжин, эмч домч түүхэндээ байсан үгүйг нь хэн ч мэдэхгүй. Энэ бол төрийн бодлого. Эндээс бид суралцахсан. Монголын түүхийг бүтээсэн Чингис хааныхаа тухай киног хийчихээд бусад улсад гайхуулах мөч хэзээ ирэх бол. Өнөөдөр манай уран бүтээлчид чадварын хувьд хаана ч гологдохгүй болсон. Тэдний хийсэн “Ану хатан”, “Зүрхний хилэн”, “Богд хаан”, “Байтаг Богд” гээд түүхэн киногоо төрөөс дэмжье.
 
Найруулагч О.Бат-Өлзий:
 
ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ АМЬ БИЕЭ ЗОРИУЛСАН ХҮМҮҮСИЙН ТҮҮХ ОЛОН БИЙ
 
-2015 онд анх “Маш нууц” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэсний дараа “Маш нууц” гэсэн төслийг цуврал маягаар хэрэгжүүлье гэж бодсон. Цэрэг армийн бүдгэрч мартагдсан өөр, өөр түүх харуулна гэсэн үг. Тэр дотор улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан хүмүүсийн түүх олон бий. Биднийг бага байхад 10 жилийн сурах бичигт хилийн Байтаг Богдын баатруудын тухай  бичсэн байдаг байлаа.  Тэр түүхийг уншиж, хилчдээрээ бахархаж, эх орон, газар шороо гэж юу юм бэ гэдгийг  ойлгож өслөө шүү дээ.
 
СУИС-ийн багш, доктор Д.Цэнгэл:
 
МАНАЙ УЛС ТОМ СОЁЛЫН НӨЛӨӨНД ХЭТЭРХИЙ АВТАЖ БАЙНА
 
Монгол Улсад киноны тухай хууль бий болоосой гэж хүсдэг. Гэхдээ хориглох биш, дэмжих хууль гараасай гэж боддог. Кино үзэл суртлыг түгээдэг зэвсэг. Харин манай улс том соёлын нөлөөнд хэтэрхий автаж байна. Эхлээд орос, дараа нь Холливудын кино их гарсан. Үзэгчид нэг хэсэг Хонгконг, Солонгос кинонд орсон. Одоо зурагтаа асаагаад харахаар суваг бүрт хятад кино гарч байна. Энэ нь цаагуураа соёлын дархлаа гэдэг зүйлийг устгадаг. Тиймээс түүхэн кино хийж буй уран бүтээлчдээ дэмжээд Соёлын яам байгуулж, Киноны тухай хуулийг батлаад өгөөч гэж хүсмээр байна.
 
Продюссер Ж.Алтанцэцэг:
 
МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙГ ДЭЛХИЙ СОНИРХОЖ БАЙНА
 
-Монгол киног дэлхий хүлээн зөвшөөрч буйг “Чингисийн хүүхдүүд” кино баталсан. Монголын нүүдэлчин соёл, хурдан морины хүүхдүүдийн тухай манайхаас өөр улс мэдэхгүй байсан. Энэ кино гарснаар биднийг, Монголын кино урлагийг дэлхий сонирхож байна. Бидний гаргасан энэ замаар олон уран бүтээлч замнаасай гэж хүсдэг. Бид өнөөдөр дэлхийд өөрсдийн үнэн түүх, соёл уламжлалаараа л ялгарна. Үүнийгээ киногоор дамжуулж сурталчилах нь хамгийн оновчтой шийдэл юм.
 
Найруулагч Б.Тамир:
 
БИД ТҮҮХЭЭ МАРТАЖ БОЛОХГҮЙ
 
-Бид түүхээ мартаж болохгүй. Бидний төлөө эрэлхэгээр амь насаа зориулсан дайчдын тухай бодит түүхийг уншихад бахархах сэтгэл төрдөг. Түүхэн кино гэдэг уран бүтээлчдээс их хөдөлмөр шаарддаг учир дэндүү үнэ цэнэтэй. Энэ төрлийн кино хийхэд судалгаа их чухал юм билээ. Бүх кино гэлтгүй ядахдаа түүхэн киногоо дэмждэг төртэй бол манай уран бүтээлчид олон түүхийг ил болгож, дэлхийд сурталчлах чадвар бий.
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин