sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын  зөвлөлгөөн өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт нийт 7187 төрийн албан хаагч ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа бөгөөд тэдний 1479 нь нийгмийн даатгалын салбарт, 4834 нь хөдөлмөр халамж, мэргэжлийн боловсрол сургалтын салбарт, 757 нь гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр ажиллаж байна. Өнөөдрийн зөвлөлгөөнд хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд залуучууд, мэргэжлийн боловсролын салбарын нийслэл, дүүрэг, аймаг орон нутагт ажиллаж байгаа 250 гаруй удирдах ажилтан оролцож салбарынхаа бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй бэрхшээлийг хэлэлцэж цаашид баримтлах бодлогоо тодорхойлох юм.
Засгийн газраас энэ оны хоёрдугаар сард “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг баталсан. Уг баримт бичгийн нэг үндсэн тулгуур стратеги нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг зөвлөлгөөний нээлтийн үеэр онцлов.
Тэрбээр, “ХНХЯ-ны хувьд 2018 онд ажилгүйдэл, ядуурал, хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр цогц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажлаа эхлүүлсэн. Тухайлбал, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд ядуу иргэдийн мэдээллийг сум, баг, хороогоор гаргаж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг үзүүлэхийг зорьж, байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэс, суурь болсон мэргэжлийн ажилтан, ажиллах хүчнийг ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн сургаж, хөгжүүлэх нь бидний гол зорилт юм. Нөгөөтэйгүүр хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, дарамт хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрийг үгүй болгохын төлөө салбарын бодлого, үйл ажиллагааг тууштай чиглүүлэх боломжийн талаар өнөөдөр удирдах ажилтнуудтайгаа тодорхой ярилцах болно” гэлээ.
Түүнчлэн Засгийн газар өнгөрсөн сарын 01-нээс тэтгэврийн хэмжээг 27-29 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн, тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулсан, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгох болсон, иргэд 55, 60 насандаа өөрсдийн хүсэлтээр тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлсэн зэрэг ард түмний орлогыг нэмэгдүүлэх, амжиргааг дээшлүүлэх чиглэлээр олон ажлыг эхлүүлсэн гэдгийг сайд дурьдлаа. Цаашдаа ХНХЯ-ны зүгээс хувиаараа болон өрхийн аж ахуй, үйлдвэрлэл эрхэлж ажлын байр бий болгохыг дэмжих зорилтот төслүүд хэрэгжүүлэх, мянгат малчидтай гэрээ байгуулах замаар ажилгүй иргэдийг туслах малчин болгох, сургалтад хамруулахаар төлөвлөсөн байна. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээний багц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх,  бүх шатны байгууллага, нийт албан хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлж, бүтээмжийг сайжруулах зэрэг ажлыг 2018 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Зөвлөлгөөний үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, “НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын хүн ам, тэр дундаа хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ирсэн. Монгол Улсын Засгийн газрын зүгээс эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зорилго бүхий “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” байгуулсанд туйлын талархаж байна” гэв.
Зөвлөлгөөн маргааш буюу энэ сарын 14-нд өндөрлөнө.
 
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг