sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлын тайланд  Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг байгааг онцоллоо.
Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байгаа аж.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96  мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ.
Дундаж цалинг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн боловсруулдаг байна.
Харин аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын тооны бүлгээр авч үзвэл 1-9 ажиллагчидтай аж ахуйн нэгж байгууллагуудын  сарын дундаж цалин 642.6 мянган төгрөг, 10-49 ажилагсадтай нь 822.2 мянган төгрөг, 50-99 ажиллагсадтай байгууллага 934.7 мянган төгрөг, 100-199 ажиллагсадтай 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагсадтай албан газар 1.5 сая төгрөг юм байна.
 
 
О.Мөнхжаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг