sonin.mn
Монгол цэргийн өдрийг угтсан дугаартаа энх цагийн эгэл дайчдыг онцоллоо. Онцгой байдлын аврагчид хүн төрөлхтнийг аюул ослоос авран хамгаалахын төлөө цаг мөч тутамд амь насаа эрсдэлд оруулан тэмцэж байдаг юм. Хэдэн зуу, мянган эрдэнэт хүмүүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалдаг ч нэр төр, гавьяа шагнал хүлээхгүйгээр чимээгүй хөдөлмөрлөж байдаг Онцгой байдлын албаны онцлох есөн аврагчийг танилцуулж байна.
 
525 ХОНОГ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦСЭН ТЭРГҮҮНИЙ АВРАГЧ
 
 
 
 
 
Ховд аймгийн Аврах тусгай ангийн аврагч Б.Цэрэнчимэд бол онцгой байдлын салбарын тэргүүний аврагчдын нэг.  Тэрээр онцгой байдлын салбарт 13 дахь жилдаа ажиллаж байна. Ингэхдээ 42 удаагийн ой, хээрийн түймэрт 525  хоног, үер усны дуудлагаар 10 удаа, малын гоц халдварт өвчний ариутгалын бүсэд 32 удаа үүрэг гүйцэтгэж холбооны найдвартай ажиллагааг хангаж ажиллажээ. Б.Цэрэнчимэд албаа нэр хүндтэй хааж Шударга журам, Онцгой байдлын төлөө III зэргийн медаль, Цэргийн алдар, Эх орны төлөө медалиудаар шагнагдсан байна.
 
ШҮХРИЙН I  ЗЭРЭГТЭЙ АВРАГЧ
 
 
 
Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Ч.Батсайхан нь шүхрийн спортын I зэрэгтэй. Төрийн тусгай албанд 16 дахь жилдээ ажиллахдаа нийслэлд 51 хоног, орон нутагт ой хээрийн түймрийг унтраах бүлэгт томилогдон 515 хоног үүрэг гүйцэтгэжээ. 2015 онд ОХУ-ын Буриад улсын При-байкальский районд гарсан их хэмжээний ойн түймэрт Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ-ын даргын тушаалаар тусламжийн багт үүргээ амжилттай гүйцэтгээд иржээ. Ахлах ахлагч Ч.Батсайхан нь 2002 оноос хойш 326 удаа шүхрээр бууснаас үйлдвэрлэлийн буулт 13 удаа гүйцэтгэж, шүхрийн цэг онолтын тэмцээнээс алтан медаль гурав, Улсын аварга шалгаруулах шүхрийн цэг онох тэмцээнээс хүрэл медаль хоёр  удаа авчээ.
 
1000 ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН УСЧИН АВРАГЧ
 
 
 
НОБГ-ын аврагч ахлах ахлагч М.Мөнхмандахыг шилдгүүдийн нэгээр онцолж байна.  Аюулт үзэгдэл ослын 908 дуудлагаар 661 хүний амь насыг аварч, 372 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 173 хүнийг эмнэлэгт хүргэж  иргэн аж ахуй нэгж байгууллагын 71 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Түүний амжилтыг үнэлж Иргэний хамгаалалтын газрын Онц сурлагатан тэмдэг, ОБЕГ-ын Хөдөлмөрийн аварга,  НОБГ-ын Шилдэг аврагч, Шударга журам медаль , Онцгой байдлын албаны төлөө 2, 3-р зэргийн тэмдгээр шагнасан байна.
 
НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АВРАГЧ
 
 
Нийслэлийн Аврах анги 105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч ахлах ахлагч Х.Цогбадрах  нь Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагад ажиллах хугацаандаа 984 удаагийн дуудлагад үүрэг гүйцэтгэж бусдыгаа манлайлжээ. Зам тээврийн ослын дуудлагаар 120, үер усны дуудлагаар 375, ой хээрийн түймэрт 240, химийн хорт бодис алдагдсан дуудлагаар 54, бусад 195 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэхдээ 700-750  иргэний  амь насыг аварч , 200-250 айл өрхийг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлэх ажилд гар бие оролцсон байна.
 
СПОРТЫН МАСТЕР АВРАГЧ
 
 
 
 
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах X ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Ганзориг 2004 оноос гал сөнөөгчөөр ажиллаж байна. Тэрээр  НОБГ-ын Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд тасралтгүй 12 удаа оролцож 11 удаа түрүүлжээ. Д.Ганзориг гал түймрийн дуудлаганд 3656 удаа явж, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 132 хүний амь биеийг аюулаас авран хамгаалсан байна.  НОБГ-ын гал унтраах техникийн олон төрөлт спортоор амжилттай хичээллэж, 2004-2010 онд тасралтгүй оролцож, спортын дэд мастер, “Олон улсын хэмжээний мастер” цол тэмдгээр шагнагдсан байна.  БНСУ-н Чэжү хотод зохиогдсон 2014 оны Дэлхий аварга шалгаруулах ГУТОТС-ын ес дахь удаагийн тэмцээнд багаараа амжилттай оролцож Байлдааны тархалтын төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна.
 
ХИМИЧИН АВРАГЧ
 
Завхан аймгийн Онцгой байдлын газрын Улиастай сум дахь Гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн Эрэн хайх аврах бүлгийн химичин ахлагч Г.Маналжав бол залуу алба хаагчдын нэг. Онцгой байдлын салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж буй тэрээр Отгонтэнгэр хайрханд нуранги үүсч 19 уулчин осолдсон хэргийн эрэн хайх аврах бүлэгт ажиллахдаа далайн түвшнөөс дээш 3200-3400 м өндөрт цасан нурангид ажилласан байна. Мөн  Сантмаргац сумын Баян нуурын усны мандал дээгүүр моторт завиар зангуу татах, тор татах ажиллагааг 220 орчим км газар гурван удаа зохион байгуулж байжээ.
 
193 ХҮНИЙ АМЬ, 350 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЖЭЭ
 
 
 
Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-усчин ахлах ахлагч О.Эрдэнэцогт салбар, хамт олныхоо итгэлийг даасан аврагч юм. Албандаа 13 жил ажиллахдаа ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эрэн хайх, отрядын сургалтын төвд аврагч усчин-шумбагчаар бэлтгэгджээ. Аврагч-гал сөнөөгчөөр ажиллахдаа  гамшиг осол, гал түймэр, үер усны дуудлагад 180 гаруй удаа явж, 193 иргэний амь насыг аварч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 350 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Тэрээр “Монгол тандаа зүтгэе”, “Алтан-Од”, Онцгой байдлын албаны төлөө III, “Эх орны төлөө-3” 2016 онд Онцгой байдлын газрын “Ажил мэргэжлийн аварга ахлагч”-аар шалгарч байжээ.
 
ОНЦ ГАЛ СӨНӨӨГЧ
 
 
 
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах тусгай ангийн усчин аврагч ахлах ахлагч С.Наранбаатар 20 дахь жилдээ  ажиллаж байна. Гамшиг ослын дуудлагаар 389 удаа  үүрэг  гүйцэтгэж ой хээрийн  түмрийг  унтраах ажиллагаанд   168 удаа 285 хоног ажиллажээ. Ингэхдээ 31 хүний  эрдэнэт амь ,42 айлын  гэр, 51 хашаа  саравч, 2450 гаруй  мал сүрэг 7645800 га  газар нутгийг гал түймрийн  аюулаас  авран хамгаалсан байна. Усны ослын 45   дуудлагаар  88  хоног ажиллажээ. Байгууллагын аварга, Онцгой байдлын албан төлөө  2, 3, “Онц гал сөнөөгч” юм.
 
ГАДААДАД БЭЛТГЭГДСЭН ШИЛДЭГ АВРАГЧ
 
 
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын усчин аврагч ахлах ахлагч Ч.Сүрэнхүү сүүлийн дөрвөн жилд объектын галын дуудлагаар 18 удаа  ажиллаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 48.5 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ. Усны осол аваарт 126 удаа явж 62 хүний амь насыг аварч, 86 хүний цогцос эрэн хайх ажиллагаанд оролцсон ба 42 айл нүүлгэн шилжүүлж, 1200 толгой мал, 16 автомашиныг үер, усны аюулаас гарган авч ажиллажээ. ОХУ, Франц улсын аврах бүлгийн багш нарын явуулсан усны гүнд шумбах, завь жолоодох, нэрвэгдэгсдийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, нурангид дарагдагсдыг эрэн хайх, аврах ажиллагааны зэрэг сургалтад бүрэн хамрагдсан байна.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин