sonin.mn
ТОКИО. /ТАСС/. Авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх болон ачаа тээврийн урсгалыг оновчтой болгох үүднээс нисдэг автомашин зохион бүтээх ажлыг идэвхтэй дэмжинэ гэсэн шийдвэрийг Япон улсын засгийн газар гаргалаа.
NHK агентлагийн мэдээлснээр, Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам энэ талаарх зохих хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд бэлтгэх, нисдэг автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж буй компаниудад туслахаар төлөвлөж байгаа ажээ.
Тус яамны үзэж байгаагаар, нисдэг автомашин нь үндэсний аж үйлдвэрийн хамгийн ирээдүйтэй салбаруудын нэг аж.  Яамны дэргэд шинжээчдийн зөвлөл байгуулагдах бөгөөд тус зөвлөл нь нисдэг автомашин зохион бүтээх ажлыг уялдуулан зохицуулах үүрэгтэй байх юм.
Нисдэг автомашин зохион бүтээх оролдлого янз бүрийн улс оронд хийгдэж байгаа ажээ. Тухайлбал, Японы Cartivator компани Toyota Motor болон бусад томоохон корпорациудтай хамтран 2020 онд болох Токиогийн зуны олимпийн наадмын өмнө нисдэг автомашины загварыг гаргахаар идэвхтэй ажиллаж байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг