sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмад настнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлох зорилно бүхий “Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөлгөөн” өнөөдөр эхэллээ.
Зөвлөгөөнд нийслэл, аймаг, дүүргийн ахмадын хорооны 100 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсад 273.4 мянган ахмад насан байгаа байгаа бөгөөд тэдний чадамж, хүсэл сонирхолд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэврээс бусад орлогыг нэмэх, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлага тулгарч байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг зөвлөгөөний нээлтийн үеэр дурьдлаа. Мөн тэрбээр ахмад настнуудыг дэмжих чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, өнгөрсөн оноос ахмад настнуудад 50-250 мянган төгрөгийн “Насны хишиг” олгож эхэлсэн, ахмадуудын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн, тэтгэврийн зээлийг хүүг 18 хувь байсныг 12 хувь болгож бууруулсан зэргийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр “Манай улсад ойрын 20 жилд насжилт эрчимтэй явагдаж, ахмад настны эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх төлөвтэй байгаа тул тэдэнд зориулсан үйлчилгээний байгууламжуудын чанар, хүртээмжийг одооноос сайжруулна. Мөн ахмад настны хэрэгцээнд үндэслэн сургах, хөгжүүлэх, өдрөөр эмчлэх, асрах сувилах зэрэг үйлчилгээг шинээр бий болгож, хувийн хэвшил, ТББ-уудтай хамтран ажиллах болно” гэлээ.
Зөвлөгөөн маргааш буюу энэ сарын 23-нд өндөрлөнө.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг