sonin.mn
Стандарт, хэмжил зүйн газрынхан  БНХАУ-ын Стандартын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр уулзаад иржээ. Энэ тухай Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөртэй ярилцлаа.
 
–БНХАУ-ын Стан­дарт­чиллын байгууллагатай хэзээнээс хамтран ажиллаж байгаа вэ. Энэ удаагийн уулзалтын зорилго юу байв?
 
-Монгол Улс болон БНХАУ-ын Стандартын байгууллагын хооронд стандартчиллын чиглэ­лээр хамтран ажиллаж ирсэн он удаан жилийн түүхтэй.
Хамгийн сүүлд хамтран ажиллах санамж бичгээ 2015 оны арваннэгдүгээр сард дахин шинэчилсэн. Санамж бичгийн хүрээнд өнгөрсөн онд БНХАУ-ын Стандартчиллын байгууллага /SAC/-ын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн захирал Шү Чан Шин тэргүүтэй ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газарт ажлын айлчлал хийж тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохирсон. Ингээд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргахаар 2018 оны гуравдугаар сарын 12-17-нд БНХАУ-ын Стандартчиллын байгууллагын удирдлагуудтай уулзаад ирлээ.  Стандарт, хэмжил зүйн газрын хувьд БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран ажиллахаас гадна БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоо (CNCA), Үндэсний итгэмжлэлийн газар (CNAS), Үндэсний хэмжилзүйн хүрээлэнтэй (NIM)-тэй хамтран ажилласаар ирсэн. Энэ хүрээнд итгэмжлэл, баталгаажуулалтын чиглэлээр харилцан ойлголцлолын санамж бичиг, БНХАУ-ын Үндэсний хэмжилзүйн хүрээлэнтэй хоёр ч төсөл дээр хамтран ажиллахаар болоод байна.
 
–Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр болов?
 
-Хоёр талын уулзалтаар хэд хэдэн асуудалд хамтарч ажиллахаар тохироод байна. Тухайлбал, БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран ноос ноолуур, арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүн, уул уурхайн стандартчиллын үйл ажиллагаанд хамтран оролцож, Олон Улсын стандартыг шинээр боловсруулахаар тогтсон. Тодруулбал,  БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран Монгол Улс анх удаа өөрсдийн бараа бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлсон олон улсын стандартыг шинээр боловсруулах юм. Ингэснээр бизнес эрхлэгчид зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ өөрийн бүтээгдэхүүний техникийн шаардлагыг стандартын баримт бичигт тусгах замаар худалдаа эрхлэх боломжийг нээж өгнө. Түүнчлэн стандартын мэдээллийн нэгдсэн сүлжээг шинэчлэх зорилгоор Стандартын  мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвийн техникийн түвшинд шинэчлэл хийх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх төслийг судлахаар тогтсон. Харин Итгэмжлэл, баталгаажуулалтын чиглэлээр хоёр орны хооронд хийгддэг бараа бүтээгдэхүүний сорилтын лабораторийн дүнг нэгтгэх, харилцан мэдээлэл солилцож байх, хамтран баталгаажуулалт явуулах зэрэг асуудлууд дээр хамтран ажиллахаар боллоо. Энэ бол Монгол болон Хятадын бараа бүтээгдэхүүн дахин сорилт шинжилгээнд хамрагдахгүйгээр шууд хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэх юм.
 
–Ноос, ноолууран бүтээгдэхүүний стандартчилал гэлээ. Мал, аж ахуйн салбар бол манай улсын хувьд голлох салбар. Тиймээс ноос, ноолууран бүтээгдэхүүний стандартчиллын талаар тодруулахгүй юу?
 
-Дэлхийн зах зээл дээр Монгол Улс болон БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний эргэлтийн нийлүүлэлтээрээ хамгийн өндөрт тооцогддог бүтээгдэхүүн бол ноос, ноолууран эдлэл. Өөрөөр хэлбэл, ноос ноолууран эдлэлийн түүхий эд буюу мал, аж ахуйн салбараас гарч байгаа нөхөн сэргээгддэг бараа бүтээгдэхүүнийг стандартчилахад хамтарч ажиллахаар тогтлоо. Ингэснээрээ өөрсдийнхөө бараа бүтээдэхүүний түүхий эдийн химийн найрлага, бусад шинжилгээний үзүүлэлтүүд буюу монгол ноосны үндсэн хэв шинж чанарыг олон улсад тогтооно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл бидний тавьсан үзүүлэлт шаардлагыг бусад улс орнууд хүлээн зөвшөөрөх үүний дагуу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болох юм.
 
–Манай улсын хувьд өмнө нь стандартаа олон улсад гаргаж байсан тохиолдол бий юу?
 
-Монгол Улс стандартаа олон улсад гаргасан тохиолдол байхгүй. Анх удаагаа бид ийм зорилтыг тавьж байна. Зорилтыг тавихдаа нийтэд нь хавтгайруулахгүйгээр нөхөн сэргээгдэж байдаг бүтээгдэхүүн болох мал, аж ахуй буюу малын гаралтай бүтээгдэхүүнийг сонгосон. Энэ бол нэг удаагийн түүхий эд биш. Өнөөдөр авна, дараа жил нь дахиад авна гэх маягаар байнга нөхөн сэргээгдэх баялаг учраас илүү анхаарлаа хандуулаад байгаа юм.
 
–Өнөөдөр зах зээл дээр ноосны үнэ харьцангуй бага үнэтэй борлуулагддаг. Стандартаа олон улсад баталчихвал энэ төрлийн бүтээгдэхүүний ханш өсөх боломжтой юу?
 
-Өнөөдөр Монгол хонины нэхийг 500 төгрөгөөр өгдөг байсан бол магадгүй яг энэ ноос, ноолууртай холбоотой стандартыг хоёр тал хамтарч хийснээрээ нэхийний боловсруулалт сайжирна. Цаашлаад малчин хүн малаа өвчлүүлэхгүйгээр маллах гэх мэт нийгэм эдийн засгийн хариуцлагад суралцаж сайн бүтээгдэхүүн гаргана. Ингээд та нэхийгээ 500 төгрөгөөр зардаг байсан бол илүү үнэтэй зарах боломжийг бүрдүүлэх нөхцлийг бий болгоно.
 
–БНХАУ-тай хамтарч олон улсад стандартаа тогтооно гэсэн үг үү?
 
-Бид Хятад улстай худалдааг хөнгөвчлөх чиглэлээр худалдааны барааны эргэлтийг сайжруулах чиглэлээр байнга ярьдаг. Гэхдээ үүний хажуугаар бараа эргэлтийг сайжруулах арга механизм нь худалдаанд хэрэглэж байгаа стандарт. Энэхүү баримт бичигт өөрсдийнхөө нөхцлийг тодорхойлж бүтээгдэхүүнийхээ шинж чанарыг тусгаж байж дэлхийн зах зээлд байгаа худалдааны гол тоглогч байна гэдэгт талууд зөвшилцөлд хүрсэн. Тэгээд энэ чиглэлээрээ 2018-2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ стандарт батлах үе шатууддаа олон улсын текстилийн хороо буюу ноос, ноолууран бүтээгдэхүүний техникийн хороонд Монгол болон Хятад улс нэгдсэн байр суурьтай оролцож байж хэн хэнийхээ ашиг сонирхолыг хангаж чадна гэж харж байгаа. Тэгэхээр энэ олон улсын хуралдааны үйл ажиллагаанд БНХАУ болон Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн боломжтой.
 
–Худалдаа эрхлэхэд стандарт хамгийн урьтач нөхцөл гэж ойлгож болох уу?
 
-Хамгийн гол зүйл бол стандартын баримт бичиг юм. Баримт бичиг нь зөв байж дараагийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах баталгаажуулалт, итгэмжлэл сорилтын үндсэн шалгуур, шаардлагуудыг стандартын баримт бичигт тусгадаг. Иймд олон улсад хоёр тал нэгдсэн байр суурьтайгаар өөрийн орны бүтээгдэхүүний онцогт тохирсон хэв шинжийг агуулсан малын үүлдэр гарал үүсэлтэйгээ уялдуулах замаар бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлтийг тодорхойлон хэмжээг нэмэгдүүлж чадна.
 
–Хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгчдэд ямар давуу тал үүсэх вэ?
 
-Хамгийн гол үр ашиг нь цаас болоод гарахдаа биш эрэлт нэмэгдэж  эдийн засгийн чадавхи сайжрах давуу талтай. Магадгүй бусад орны стандартаас болоод монгол ноос бага үнээр үнэлэгдэх буцаалт хийх ч юм уу цаг хугацааны алдагдлыг компаниуд үүрч байгаа. Тиймээс бизнес эрхлэгчид ноос ноолуур, малын тэжээлтэй холбоотой асуудлаар идэвхитэй оролцож Стандарт, хэмжил зүйн газартай хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. Өөрийнхөө чадавхи боломжийг шууд олон улсад хүлээн зөвшөөрүүлэх арга хэрэгсэл нь өөрөө стандартын баримт бичгээр нотлогддог. Байнгын хэрэглээ болгох нь стандарт гэдэг зүйлээр тогтоож өгч байж цааш явна. Энэ үйл ажиллагааны үр шим хүртэгч нь бизнес эрхлэгч, аж ахуй, нэгж байгууллага цаашлаад улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр болно.
 
–БНХАУ-ын хувьд “Нэг зам-нэг бүс” хэмээх хөгжлийн стратегийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү бодлогын баримт бичигт Монгол Улс оролцох боломжтой юу?
 
-БНХАУ-ын “Нэг зам-нэг бүс” гэдэг бодлогын баримт бичигт Монгол Улс ч гэсэн нэгдэн орохоор болоод байна. Учир нь энэ бодлогын баримт бичгийн мөн чанар нь худалдааг хөнгөвчлөх гэж ойлгож болно. Тэгэхээр цаашдаа мөнхийн хөрш Хятад оронтойгоо хамтарч бодлогоо нэг зүгт тодорхойлж чадах юм бол эдийн засагт үзүүлэх хөнгөлөлт чөлөөлөлт, эдийн засаг дээшлэх суурийг тавилаа гэж үзэж байна.
 
–БНХАУ-ын зүгээс Монгол Улсыг хэрхэн харж байгаа бол?
 
-Хятадын зүгээс Монгол Улс үндэсний чанарын бодлого хөтөлбөртэй байгаад талархалтай хандсан. Учир нь  Монгол Улсын Засгийн газар “Үндэсний чанарын хөтөлбөр”-өө баталж чанарын бодлого хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ, дэмжинэ гэж тусгасан нь талуудын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил илүү бодитой, үр дүнтэй болохыг тодорхойлоод энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн.
 
 
Г.Насанбаатар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин