sonin.mn
Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш ард­чиллыг түгээ­н дэлгэр­үүлэх, капитализмын байр суурийг бэхжүүлэх, Нэгд­сэн үндэстний бай­­­гуул­лага (НҮБ) бий бол­гох зэрэг үйл явц нь АНУ-н дэлхий дахины үйл хэргийн захирамжлагч болгож хувиргасан. Дэл­хий ертөнцийг илүү сайн сайхан болгохын тулд АНУ ч өөрийн ноёрхлоо ашигласан” хэмээн “Asia Times “-т нийтлүүлсэн өгүүлэлдээ Хамза Лиакват  бичжээ.
Гэхдээ хувь тавилан­гийн даажигналаар АНУ-ын явуулсан бодлого Америкийн ноёрхолд ноц­той аюул занал бий бол­гож, харин бусад улс ор­ны эдийн засгийн өсөлтөд боломж олгожээ.
Иерусалимыг Из­раил­ийн нийслэлээр хүлээн зөвшөөрөх эсэх асууд­лаар НҮБ -ын Аюул­гүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейд ойрмогхон бүтэлгүйтсэн явдал бусад улс орныг манлайлах Америкийн улс төрийн ноёрхлын төвшин аажмаар буурч байгааг харуулав. Вашинг­тоны баримталж буй экологийн бодлогод олон улсын зүгээс хүн­дэт­гэлгүй хандаж байгаа болон БНХАУ-ын эд­ийн засгийн бодлого зэрэг нь Америкийн улс төрийн ноёрхолд нэмэлт бэрхшээл сорилтуудыг бий болгож байна.
Чадалтай өрсөлдөгчид өсөн дэвжиж байгаа нь АНУ- ын тэргүүлсэн дэл­хийн дэг журамд аюул занал учруулж байна. Олон улсын форумуудад АНУ-ын ашиг сонирхолд хүндэтгэлгүй хандах бол­сон явдал БНХАУ, ОХУ-ын байр суурь бэхжиж байгаатай үндсэндээ холбоотой.
Үүний зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт эдгээр улс орны дэлхийн том гүрнүүдээс хамаарах түвшинг ч бас бууруулав. Ойрын ирээдүйд Зүүн өмнөд Ази дэлхийн том гүрнүүдийн анхаарлын төвд байх болно гэдгийг тэмдэглэх нь чухал. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн захиргаа Азийн зүг бод­логоо “эргүүлсэн”-ээ зар­лан тунхагласнаар энэ бүхэн тодорхой бол­сон билээ. АНУ-ын өнөө­гийн Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний эрх ашгийг хамгаалсан уриа лоозон дэвшүүлж байгаа хэдий ч өмнөх захиргааны баримталж байсан бүс нутгийн бод­логоос татгалзах магадлал тун бага.
Зүүн өмнөд Азийн орнууд улс төр, эдийн засгийн, цэрэг дайны, хамгийн гол нь нийгэм соёлын хүрээнд Вашинг­­тон болон түү­ний хол­боотнуудтай сөргөлдөж чадахуйц хэмжээ­нд хүр­тэл чадал тэнхээтэй болж чадах эсэхэд л асуудал оршиж байгаа юм.
Трамп “Америк эн  тэр­­­­гүүнд” хэмээх попу­лист уриа лоозонг чухалд үзсэнээр ард­чиллын үнэт зүйлсийг дэлхий даяар урагш ахиу­лахад АНУ-ын гүйцэтгэх үүргийг сул­руулав. Ийм чиг хандлага баримтал­снаар АНУ-ын тэргүүлдэг инс­­титутууд эрсдэлд орсныг харуулж байна. Тухайлбал, үүнд Дэлхийн банк, Олон улс­ын  валю­тын сан, магад­гүй НҮБ ч хамаарна.
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын салбарт баримтлаж буй шинэ стратеги, Бээжин эдийн засгийн шударга бус прак­­тик арга хэрэглэж байна хэмээх  БНХАУ-ын эсрэг саяхны шүүмжлэл зэрэг бол “Фукудидын урхи”– ны аюул занал бодитой болсныг буюу тэргүүлж яваа гүрэн өөр­тэй нь өрсөлдөх улс гүрэн шинээр сэргэж мандахаас бол­­гоомжилж байгааг нотолж байна.
Нөгөөтэйгүүр, Зүүн өмнөд Азийн Ассоциа­цийн (АСЕАН) улс ор­нуудын өсөн нэмэгдэж буй эдийн засгийн төлөв байдал өртөж бай­гаа стратегийн хориг хяз­гаарлалтуудын суурь дэвс­­гэр дээр тэдгээрийг хүчтэй өрсөлдөгч болж чадахгүйд хүргэж байна. Олон хүн үүнтэй санал нийлэхгүй байж болох ч зөвхөн дан ганц эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд ноёрхол тогтоо­сон тохиолдол огт байх­гүйг түүх нотолно. Гэсэн хэдий ч ирээдүйд АСЕАН “ноёдыг” томилоход нө­лөө бүхий субъект бол­ж хувирах боломжтой.
Цэрэг дайны хүчин чадлын хувьд цэрэг дайн­ы зориулалттай асар том төсөв, бараг бүх тив­ийг бүрхсэн цэрэг дайны үүрэг амлалтын цар хэм­жээний үр дүнд АНУ нэгдүгээрт байна. Гэхдээ тухайн нөхцөлд АНУ-ын нэр хүнд цэрэг дайны талаар хүлээсэн үүрэг амлалтаа хэр зэрэг дагаж мөрдөж байгаа түвшнээс шууд хамаарч байна. Нөгөө­­тэйгүүр ийм нөхцөл байдал цэрэг дайны хүчин чад­­лаа нэмэгдүүлэхэд өрсөлдөгчдийг түлхэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын хам­­гаалалтын системийг давж чадах зэвсэглэлтэй болсныг саяхан ОХУ-ын Холбооны хуралд явуул­сан илгээлтдээ тэм­дэглэснийг энд дурдах хэрэгтэй. Мөн түүнчлэн Сирид хийсэн Оросын агаарын цохилтууд, түү­ний дараахь АНУ-ын намжмал байр суурь зэрэг нь ОХУ дэлхийн ноёрхолд боди­той нэр дэвшигч болсныг харуулав.
Үүний зэрэгцээ цэрэг дайны төсвөө тасралтгүй өсгөж, Энэтхэгийн далай­­д стратегийн хэд хэдэн газрыг эзэлсэн Хятад улс ч цэрэг дайн­­ы боломжоо сүрхий нэ­мэг­дүүлэх төлөвтэй байна. АНУ, БНХАУ-ын шөргөөцөлдөөн эдгээр орны хооронд зөрчил үүсэх боломжтойг өгүүлж байна.
Олон улсын төвшинд тэргүүлэхэд эдийн зас­гийн болон цэрэг дайны хүчин чадал чухал үүрэг­тэй, гэхдээ нийгэм соёл­ын үнэт зүйлс ахиц дэвшил илүү чухал ач холбогдолтой. Өнөөдөр дэлхий дахинд АНУ – ын үнэт зүйлс давамгайлж байна. Үүнийг ардчиллын үнэт зүйлсийн даяаршил, олон улсын харилцаан дахь англи хэлний үүрэг гэрчилнэ.
Өрсөлдөгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа хэдий ч АНУ- ын ноёрх­лыг өөрчлөхөд цөөн хэд хоног бүү хэл он удаан жилүүд шаардагдахаар гүн үндэстэй нь өнөөгийн бодит байдал юм. Товч­хондоо, АНУ бусдад нө­лөөлсөөр байх болно, гэх­дээ түүний нөлөө урьдынх шиг байхаа боль­сон. Үүнтэй нэг адил Хятадын нөлөөний өсөлт, Оросын сэргэн мандалт бол өнөөд­рийн бодит байдал болжээ. Дэлхий дахины энэхүү олон туйлт төлөв байд­лын тогтворжилт зөрчил үүссэн тохиолдолд харил­цан баталгаатайгаар түүн­ийг устгах явдлаар хангагдах болно.
Үнэндээ бол нийгэм эдийн засаг, цэрэг  тех­никийн хүрээн дэх өсөн нэмэгдсээр буй өрсөл­дөөнийг авч үзвэл дэл­хийн том гүрнүүдийн хооронд зөрчил тэмцэл үргэлжилсээр байх болно.Эцэст нь, багагүй чухал зүйл бол: энэхүү олон туйлт дэлхий ертөнцийн тогтвортой байдал бол өрсөлдөгч улс орнуудын талаар баримтлах дэлхийн агуу том улс гүрнүүдийн бодлого, мөн түүнчлэн эдгээр улс гүрний цэр­гийн генералуудын страте­гийн ухаан бодлоос шалтгаалах болно.
 
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин