sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас “Гадаадын ажиллах хүчний бодлого, чиглэл авах арга хэмжээ”-ний хүрээнд гаднаас  ажиллах хүч авч ажиллуулж буй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй Холлидэй Инн" зочид буудлын хурлын танхимд уулзалт зохион байгуулав. 
"Дотоодын хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүй байгаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна.Тоон мэдээллээс үзвэл өнгөрсөн онд 10 мянга 63 хүнийг гаднаас авч ажиллуулсан байна.Ажиллах хүчний дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлжээ. Эдгээр ажилчдын ихэнх  нь барилга, уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж.
Гадаадаас  ажиллах хүч авах, гадаад руу ажиллах хүч илгээх хуулийн гол зорилго нь  орчин үеийн техник технологи дээр ажиллах ур чадвартай мэргэжилтнүүдийг ажиллуулахад чиглэдэг.  Гэвч Монгол хүн ажиллах боломжтой ажлын байранд гадныхныг  ажиллуулж буйд шүүмжлэлтэй хандав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ярихдаа,“Салбарын яам гадаадаас авч буй ажилагсдын оронд  дотоодын зах зээлээс ажиллах хүчин авах бодлогыг хэрэгжүүлж байна. Хөдөлмөр халамжийн  үйлчилгээний Ерөнхий газар гадаадаас ажиллах хүч авч буй байгууллагуудтай гэрээ байгуулж, улирал тутам гэрээгээ дүгнэх чиглэлээр үүрэг өглөө. Мөн зөвшөөрөл авсан компанийнхаа нэр дээр ажиллах хүчнийг ажиллуулах, өөр компанид шилжүүлэхгүй байх зэрэг үүргийг хүлээнэ. Эл үүргийг зөрчсөн тохиолдолд ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргалаа. Бид найман мянга гаруй компианаас 59 компанийг  шалгалтад хамруулсан. Шалгалтаар   нэг компани дээр бүртгэлтэй орж ирсэн ажиллах хүчин  өөр компанид ажиллах зөрчил  илэрсэн. Үүнийг таслан зогсооно” гэв.
 
О.Мөнхжаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг