sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болголоо.
Мөн хуралаар Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувь, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 12 хувиар тогтоох шийдвэрийг гаргажээ.
Бодлогын энэхүү шийдвэр нь банкны салбарын богино хугацаатай эх үүсвэрийн хүүг бууруулж, улмаар зээлийн хүүгээр дамжин бизнесийн идэвхжлийг дэмжинэ хэмээн Мөнгөний бодлогын зөвлөл үзжээ.
Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ, "Бодлогын хүү буурснаар банкны салбарын өртөг буурч, эдийн засагт дэмжлэг болно. Инфляци зорилтот түвшинд хадгалагдах төсөөллийг үндэслэн хүүг нэг нэгж хувиар буурууллаа" хэмээв.
Торуулбал Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 8.1 хувьтай байна. Гадаад эрэлт хүлээлтээс сайжирч, экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж төлбөрийн тэнцэл болон эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлж буйг албаныхан онцлов. Эдийн засгийн идэвхжлийг даган эрэлтийн шалтгаантай инфляци алгуур нэмэгдэж байгаа  ч жилийн инфляци цаашид зорилтот түвшинд байна гэсэн хүлээлт байна.
Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг. 
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг