Эрт цагт Египетид Зун-Нун нэртэй ер бусын увидастай мэргэн хүн байжээ. Түүнээс шавь нь "Та нэр алдартай хүн байтлаа яагаад ийм энгийн хувцасладаг юм бэ" хэмээн асуув. Мэргэн инээмсэглээд хуруундаа зүүсэн бөгжөө сугалан авч шавьдаа өгч "Шавь минь би асуултад чинь хариулах болно. Энэ бөгжийг гудамжин дахь бүх дэлгүүрээр ороод цэн алтнаас өгөөд ир" гэв.

Шавь нь бөгжийг хараад эргэлзэнгүйгээр "Цэн алтаар авах уу. Би тийм үнэ хүрнэ гэдэгт итгэхгүй байна" гэхэд "Эхлээд худалдах гээд оролдоод үз" гэж багш нь хэллээ. Гудамжны дэлгүүрүүдээр шавь нь явж мах, загас, ногоо, даавууны худалдаачдад бөгжөө үзүүлэн цэн алтны үнээр авахыг санал болгоход хуучирч, өнгө нь гандсан бөгжийг авахыг хэн ч эс хүсэв.

Багш дээрээ эргэн ирээд "Цэн алтаар авахыг хүсэхгүй байна. Сайндаа л цэн мөнгөний үнэ санал болголоо" гэлээ. Мэргэн Зун-Нун инээмсэглээд "Гудамжны арын дэлгүүрийн эзэнд бөгжөө үзүүл. Ямар үнээр худалдахаа хэлэхгүй, ямар үнэ санал болгохыг сонсоорой" гэжээ. Алтны дэлгүүрээс буцаж ирсэн шавь
"Багш аа , гудамжны дэлгүүрийн худалдаачид энэ бөгжний үнэ цэнийг огт мэдээгүй байна. Алтны дэлгүүрийн эзэн 1000 цэн алтны үнэ санал болголоо" гэж ярив. Зун-Нун "Шавь минь энэ чинь л чиний мэдэхийг хүссэн асуултын хариулт юм шүү дээ. Хэн нэгэн өмссөн хувцсаараа үнэлэгдэх ёсгүй. Хэн нэгний дотор байгаа алт, алмазын тухайн хүний дотоод мөн чанарт нэвтэрч харахын тулд зүрх сэтгэл хэрэгтэй. Бидний алт гэж боддог зүйл гууль, гууль гэж боддог зүйл алт байх тохиолдол амьдрал дээр олон шүү дээ" хэмээн хариуллаа.

Эх сурвалж: "Ган зам"