sonin.mn
АНЬСАНЬ/СӨҮЛ. /Ёнхап/. Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр гатлага онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийг өмнөд солонгосчууд өнөөдөр нэхэн дурслаа гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.
2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр “Севол” гатлага онгоц осолдсоны улмаас амиа алдсан ахлах сургуулийн сурагчид голдуу 300 орчим хүнийг нэхэн дурсах арга хэмжээг тус улсын Кёнги мужийн Аньсань хотод өнөөдөр зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, улс төрчид болоод амиа алдсан сурагчид сурдаг байсан Аньсанийн Данвон ахлах сургуулийн хамт олон, энгийн иргэд зэрэг 5000 гаруй хүн оролцсон байна.
Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн тэнгисийн осол гэгддэг “Севол”-ын ослоос хойш уг ослын хохирогчдыг нэхэн дурсах арга хэмжээг засгийн газрын дэмжлэгтэйгээр анх удаагаа зохион байгуулсан нь энэ аж.
“Севол” онгоцны ослын шалтгааныг тогтоох шуурхай арга хэмжээ аваагүй, хохирогчдын ар гэрийнхэнд туслах гэж хангалттай хүчин чармайлт гаргаагүй гэж тухайн үед тус улсын Ерөнхийлөгч байсан Пак Гын Хэ ба түүний засаг захиргааныхныг олон нийт эрс шүүмжилж байсан юм.
“Севол” онгоцонд сууж явсан 476 хүний 172 нь л аврагдсан бол 299 нь амиа алдсан юм. Таван хүний цогцос өнөө хэр нь олдоогүй байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг