sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг өчигдөр амжилттай хийв.
Эмчлүүлэгч нь 40 настай эрэгтэй хүн бөгөөд донор нь 31 настай үеэл дүү нь юм байна. 
Элэг шилжүүлэн суулгах багийнхан  үүрийн 4 цагаас хагалгааны бэлтгэл ажлаа хийж эхэлжээ. Тэд нийт 15-24 цаг тасралтгүй ажиллаж хагалгаа амжилттай дууссан.
Дэлхийн шилдэг эмч О.Сэргэлэнгээр ахлуулсан багийнхан ийнхүү гадны эмч нарын оролцоогүй бие даасан 17 дахь хагалгаагаа хийсэн нь энэ юм.
Энэхүү хагалгааг  хийхэд 302 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл шаарддаг. Зөвхөн мэдээгүйжүүлэхэд 87 төрлийн эм хэрэгсэл хэрэгцээтэй байдаг бол хагалгааны үед  120 орчим, хагалгааны дараа 90 гаруй эм, эмнэлгийн хэргсэл ашигладаг байна. Яг ийм төрлийн хагалгааг гадаадын улс оронд хамгийн багадаа 200 сая төгрөгөөр хийдэг бол манай улсад 10-15 сая төгрөгөөр хийж байна. Учир нь улсын төсвөөс хагалгааны зардлын 75 хувийг чөлөөлж байгаа юм. Ингэснээр иргэд эх орондоо эрхтэн шилжүүлэх хагалгааг найдвартай хийлгэх боломж бүрдэж буйг эмч нар хэлж байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг