sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Монголын Мистер-2018”  Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангиллыг шинээр нэмсэн хэмээн Монголын Бодибилдингийн холбооноос мэдээллээ.
1990 онд Анх “Монголын сайхан залуу” нэрээр зохион байгуулж байсан уг тэмцээн 27 дахь жилдээ болох гэж байна. Тус тэмцээнийг зохион байгуулахад Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газраас дэмжин ажиллаж буй юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир ярихдаа, “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор МБФХ-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
 
 
Саяхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 22 бодибилдинг, фитнессийн клубүүдэд Даваа-Баасан гарагийн 10:00-17:00 цагийн хооронд бүх насны иргэд ямар нэг шалгуургүйгээр өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж олгосон. Энэ ажил маань амжилттай өрнөж байна. Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын Хөгжлийн газар “Монголын мистер-2018” тэмцээнийг зохион байгуулахад дэмжин оролцож байгаа юм. 
Монголын бодибилдинг фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар: “Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн энэ сарын 21-нд Улаанбаатар паласын Концертын их танхимд болно. Энэ жилийн “Монголын мистер-2018” УАШТ-нд тайзны засалтаас эхлээд олон онцлог бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа шинээр нэмэгдэж байгаа бөгөөд уг спортоор хичээллэж, үр дүн гаргаж, нийгэмдээ зөв чиг хандлага үзүүлж байгаа учраас Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо дэмжин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уг тэмцээнд оролцуулснаар бусдадаа зөв үлгэр дуурайл болж, өөрт тулгарах бэрхшээлийг даван туулахад нь эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна. 2017 онд "Ирээдүйн мистер" тэмцээнд Батжаргал гэж хөгжлийн бэрхшээлтэй залуу оролцсон нь иргэдийн дэмжлэг авч энэ спортоор хичээллэгсдийн тоог нэмсэн. Тиймээс бид ижил хэмжээний хүмүүс өрсөлдөх ангиллыг бий болгох нь чухал юм гэж үзсэн. Энэ удаа нийт 40 клубын 96 тамирчин 19 ангилалд хүч сорино. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд орон нутгаас гурван залуу оролцохоор бүртгүүлээд байна. 21 наснаас доош насны ангилалд залуус хүч сорих боломжтой. Мөн 50-аас дээш насны мастер буюу ахмадын ангилал гэж бий.  “Монголын мистер-2018”  УАШТ-ний ангилал тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байгааг дуулгахад таатай байна. Тухайлбал бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд классик”, “Мистер Олимпиа арматур” буюу сонирхогчдын төрлийн бүх тэмцээнд оролцох боломжтой болох юм. Үүний нэг жишээ бол 5 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод болох Азийн сонирхогчдын Мистер Олимп тэмцээнд УАШТ-ний эхний гурван байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт хийж оролцуулах юм” гэлээ.
“Монголын мистер”  тэргүүн байрт  гурван сая төгрөгийн шагнал гардуулах юм байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг