sonin.mn
СӨҮЛ. /Ёнхап/. НҮБ-ын харьяа “Дэлхийн хүнсний хөтөлбөр” байгууллага Умард Солонгосын хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Тус байгууллагын гүйцэтгэх захирал Дэвид Бисли энэ сарын 8-11-нд Умард Солонгост айлчилж, нөхцөл байдалтай танилцсан байна. Д.Бисли өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгост 1990-ээд оны үеийнх шиг өлсгөлөн нүүрлэсэн гэх юм бол ажиглагдсангүй. Гэхдээ тус улсад олон хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон байна” гэжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Умард Солонгост жилд 6-7 сая тонн хүнс хэрэгтэй байдаг боловч үер болоод гангийн улмаас үүний ердөө 5 сая тонныг нь үйлдвэрлэж байна” гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Умард Солонгост олон улсын зүгээс ирэх тусламжийн хэмжээ эрс буурсныг тэрбээр цохон тэмдэглээд “Улс төрийн үл ойлголцлын горыг хүүхдүүд амсах учиргүй” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг