sonin.mn
Москва /МОНЦАМЭ/. Монгол Улсын ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар Москва хотноо хийж буй ажлын айлчлалынхаа үеэр өөрийн төгссөн Москвагийн гадаад харилцааны их сургууль /МГИМО/-д зочилж, сургуулийн удирдлагууд болон оюутнуудтай уулзлаа. Тэрбээр тус сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр 1994 онд төгссөн юм.
МГИМО сургуулийн ректор А.Торкунов Монгол Улсын ГХЯ-ны сайд Д.Цогтбаатрыг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоод, 2020 онд МГИМО сургуулийн төгсөгчдийн Олон улсын форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах боломж, тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын талаар ярилцсан юм.
Тус сургууль ОХУ-ын Ерөнхийлөгчийн журмын дагуу жил бүр 3 монгол оюутныг тэтгэлгээр сургадаг. Одоогийн байдлаар МГИМО-д Монгол Улсын 42 оюутан суралцдагаас 15 нь улсын зардлаар, 27 нь хувийн зардлаар сурч байна. Түүнчлэн МГИМО МУИС-ийн Гадаад харилцааны сургуультай нягт хамтран ажиллаж, оюутан солилцооны хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж байгаа ажээ. 1946 оноос хойш МГИМО-г 500 гаруй монгол оюутан суралцаж төгссөн. Тэдгээр төгсөгчдийн дийлэнх нь Монгол Улсын төр тэр дундаа гадаад харилцааны байгууллагад өндөр албан тушаал хашиж буйд баяртай байдгаа сургуулийн удирдлагууд онцолж байв. 
Дашрамд дурдахад МГИМО-ийн үе үеийн төгсөгчдийн дунд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, БХЯ-ны сайдын орлогч, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр, МГИМО-ийн хүндэт доктор, академич Ш.Бира, НҮБ дахь байнгын төлөөлөгч С.Сүхболд болон ГХЯ-ны сайд асан Ц.Мөнх-Оргил, Н.Туяа, П.Шагдарсүрэн тэргүүтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд багтдаг.
 
Л.Нандиа
Эх сурвалж: Монцамэ агентлаг