sonin.mn
АНКАРА. /Би-Би-Си/. Туркийн шүүх төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой гэх үндэслэлээр армийн 104 офицерт бүх насаар нь хорих ял оноосон тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.
2016 оны долдугаар сарын 15-нд Туркэд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг түлхэн унагаах оролдлого болсноор 260 орчим хүн амиа алдаж, 2200 хүн шархдаж, гэмтэж бэртэж байсан билээ.
Тэр үеэс хойш Туркийн Засгийн газар төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой гэх үндэслэлээр 150 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, 50 мянга орчим хүнийг баривчлан саатуулаад байна.
Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган  төрийн эргэлт хийхийг завдсан этгээдүүдэд цаазын ял оноох тухай саяхан цухас дурдаж “Ялтнуудад Гуантанамогийн булангийн шоронгийн хоригдлуудынхтай адил хувцас өмсүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Турк улс нь 2004 онд цаазын ялаас татгалзсан билээ.
2016 оны төрийн эргэлт хийх оролдлогыг гол зохион байгуулагч нь АНУ-д амьдарч буй лалын шашны номлогч Фетулла Гуленыг гэж Туркийн эрх баригчид үзэж, түүнийг шилжүүлэн өгөхийг Вашингтоноос хүссээр байгаа юм. Харин Ф.Гулен өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж мэдэгдсээр байна. 
 
Г.Доржханд
Эх сурвалж:  Монцамэ агентлаг