sonin.mn
Монгол хүн батал­гаатай усыг ундандаа хүр­тээмж­тэйгээр хэрэг­лэж, цэвэр орчинд эрүүл амьдрах эрх нь ор­шин суугаа газар, амьд­ралын төвшин, чанараас болж хэтэрхий тэгш бус байгааг хүний эрхийн байгууллагууд анхаа­руулсаар байна. Урьд­чил­сан төлөвлөлтгүйгээр хүрээгээ тэлж байгаа нийслэлд гэхэд нийт хүн амынх нь 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. ДЭМБ-аас хүний хоногт хэрэглэх усны зохист хэмжээг 100 литр гэж зөвлөсөн байхад гэр хорооллын өрхийн нэг гишүүн 7-15 литр ус хэрэглэдэг. Усаа худгаас зөөж байгаа нь тэдний хувьд хэрэглээгээ танах гол шалтгаан юм. Ил задгай нөхцөлд усыг ийнхүү зөөвөрлөх нь эрүүл ахуйн хувьд эрсдэл үүсгэхээс гадна хангалттай усны хэрэглээ байхгүйгээс гэр хорооллынхон хувцас угаах, усанд орох зэрэг ариун цэвэртэй холбоотой наад захын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй.  Иргэдийнхээ орон сууцны нөхцлийг сайжруулна гэж үе үеийн Засгийн газар хоосон амласаар байх хооронд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн амын өсөлт Улаанбаатар хотыг гэр хорооллоор тэлсээр байна. Гэр хорооллын өрхүүдийг төвлөрсөн шугам сүлжээнд холбохоос өөр хурдан, оновчтой гарц байхгүй байгааг эрдэмтэн, судлаачид хэлсээр атал байдал хэвээр л байна.
 
ХУДГААС УС АВАХ ХУГАЦАА 30 МИНУТААС ХЭТРЭХ ЁСГҮЙ
 
Улаанбаатарт 210 мянган өрх гэр хороололд амьдардаг. Ус сувгийн удирдах газрын харьяа ундны усны 623 худгаас Тэд усаа авдаг. Өөрөөр хэлбэл, 360 өрхийн дунд нэг худаг байгаа нь хангалтгүй тоо гэж НҮБ-аас дүгнэсэн байдаг. Иргэдийнхээ ус хэрэглэх эрхийг хязгаарладаг нэг жишээ нь ундны усны худгийн цагийн хуваарь. Харин УСУГ-аас 120 худгийг ухаалаг болгосныг хүний эрхийн байгууллагууд сайшааж, цаашид энэ тоог хангалттай хэмжээгээр нэмэхийг зөвлөжээ.  Ундны усыг худгаас гэр хүртлээ ямар зайд зөөвөрлөж байгаагаар нь хүрэлцээтэй ус хэрэглэж чадаж байгаа эсэхийг нь тодорхойлдог стандарт байдаг юм байна. НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-аас худгаас ус аваад гэртээ хүрэх хугацаа 30 минутаас хэтрэхгүй байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Мөн худаг гэр хоорондын зай 250-1000 метрээс хэтэрч болохгүй. Энэ стандарт хэрэгжиж байж хүн усыг эрүүл мэнддээ таатайгаар болон ахуй амьдралдаа хүрэлцээтэйгээр хэрэглэх нөхцөл бүрддэг аж.  Харин манайд ус зөөдөг хүмүүсийн ихэнх нь хүүхэд байдаг. Тэд өдөрт гэр бүлийнхээ усны хэрэгцээг хангахын тулд 2-3 удаа худагт ирж очно. Биедээ ахадсан хүнд сав өргөж, 1000 метрээс хэтэрсэн замыг 30 минутаас илүү хугацаагаар туулж байгаа нь хүний эрхийн зөрчил гэдгийг олон улсын байгууллагууд шүүмжлээд байгааг ойлгох цаг хэдийнэ болжээ. Дээрх баримтаар гэр хорооллын иргэд усыг хэрэгцээгээ хангатал хүртээмжтэйгээр хэрэглэж чаддаггүйг харж болно.
Харин ундны усны чанар нь хэр байдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулсан юм. Нийслэл, аймгийн мэргэжлийн хяналтын газраас жил бүр төлөвлөгөөт хяналт шалгалтыг 1-2 удаа хийдэг. Ундны усны эх үүсвэр, ус түгээх байр, иргэний гаргасан худаг, хүн ам унд ахуйдаа хэрэглэдэг гол мөрөн, булаг шандын усанд жилд дунджаар 1508 сорьцонд хяналт шинжилгээ хийдэг гэв. Харин энэ тоо олон улсын стандартаас бага байгааг хүний эрхийн байгууллагууд хэлж байв. Хяналт шинжилгээгээр бохирдол буюу нянгийн үзүүлэлт нь стандартаас хэтэрсэн эсэхийг шалгадаг байна. Өөрөөр хэлбэл, нянгийн бохирдол нь гэдэсний суулгалт өвчин зэргээр эрүүл мэндэд шууд эрсдэл үүсгэдэг бол химийн бохирдол буюу хатуулаг, эрдэсжилт, магни, кальцийн агууламж нь хэтрэхээр удаан хугацаандаа бөөр, шээсний замын чулуужих өвчин үүсгэдэг гэж үздэг аж. Улсын хэмжээнд 50 гаруй сумын ус магнийн агууламж өндөр буюу хатуулагтай, 80 гаруй сумын ус төмрийн агууламж өндөр гэсэн ерөнхий дүгнэлт байна. Харин Улаанбаатарт байгаа УСУГ-ын харьяа худгуудын ус нянгийн болон химийн үзүүлэлтээр стандартын шаардлага хангаж байгаа гэдгийг МХЕГ-аас бидэнд мэдээлсэн юм. Гэхдээ зөөврийн усыг дахин түгээдэг худгуудын хувьд нөөцийн саваа ариутгах, угаах тал дээр учир дутагдалтай байгааг хэлж байв. УСУГ-ын харьяа 623 худгийн 318 нь төвлөрсөн шугамд шууд холбогдсон бол 305 нь нөөцийн савтай зөөврийн худаг байдаг. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн шугамаар явж байгаа ус нь шаардлага хангаж байгаа ч нөөцийн савтай зөөврийн худгаар дамжихдаа, мөн өрхийн төвшиндөө бохирдож байгаа нь асуудал болоод байна. Үүнийг баримтаар харуулья.
 
НАЛАЙХЫН 500 ӨРХ МӨӨГӨНЦӨРТЭЙ ХУДГААС УС УУЖ БАЙНА
 
Нийслэлийн Налайх дүүргийн хүн амын 80 хувь нь гэр хороололд амьдардаг, ундны усны 31 худгаас ус авдаг. “Чандмань Налайх” компани энэ худгуудаа хариуцдаг. Насжилт нь хэтэрсэн, шинэчлэх шаардлагатай олон худаг байна. Жишээ нь, тус дүүргийн XI  худгаас 500 орчим өрх ундны усаа авдаг. Харин худгийн байшинг 50 гаруй жил ашиглаж, хэт хуучирснаас мөөгөнцөртөж, энд тэндээ цууралт өгснөөс багахан салхи босоход шороо чихдэг болжээ. Мөн олон жил ашигласан нөөцийн сав нь өгөршиж, муудаад байнга зэвтэй ус гарах болсон байна. “Уг нь сард нэг удаа цэвэрлэж, ариутгадаг. Зэв нь гараад л байгаа. Аргагүй олон жил болчихсон болохоор доторхийг нь будаад ч нэмэргүй болсон. Компанийн зүгээс цаашаа хандахаар төсөв мөнгө байхгүй гэдэг. Одоо сав нь цоороод гагнуур ч авахаа больсон. Би энд 17 жил ус түгээж байна. 17 жил зэвтэй ус гарч байгаа. Иргэд байнга гомдоллоно” гэж худгийн ус түгээгч Б бидэнд ярив.
Дээрх баримт нь нөөцийн сав бүхий худгуудын хувьд асуудал их байгааг харуулж байна. Ялангуяа ус хадгалж, түгээдэг нөөцийн савнуудыхаа насжилт, ашиглалт, арчилгааг сайтар анхаарч, хугацаа нь дууссаныг яаралтай солих шаардлагатай болсныг нотолж байна.
 
ӨРХИЙН ТӨВШИНД УС БОХИРДОЖ БАЙНА
 
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас 2016 онд хийсэн судалгаагаар ундны ус өрхийн төвшинд бохирдож байгаа нь хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг харуулсан байна. Уг судалгааг гэр хорооллын хүн ам, ялангуяа амьжиргааны баталгаажих төвшний хувьд дундаас доош өрхүүдийг хамруулжээ. Ингэхэд судалгаанд хамрагдсан нийт өрхийн 87 хувь нь ус хадгалдаг сав нь , 30 хувь нь ус зөөх сав нь шаардлага хангахгүй буюу зориулалтын бус сав ашиглаж байжээ. Мөн 10 өрх тутмын долоод нь ундны ус болон ундны усны савны эрүүл ахуйн байдал хангалтгүй байсан байна. Түүгээр ч барахгүй 10 өрх тутмын зургаагийнх нь усны савнаас гэдэсний бүлгийн нян илэрчээ. Насанд хүрэгчдийн гурван хүн тутмын хоёр нь усны савыг хэд хоногт угаавал хамгийн зохимжтой талаар мэдлэггүй байсан нь туйлын хангалтгүй үзүүлэлт байсныг судал­гаанд онцолжээ. Тэгэ­хээр хүн амын дунд унд­ны усыг хэрхэн зөө­вөр­лөх, хадгалах, хэрэг­лэх талаар мэдлэг олгох, энэ чиглэлээр  холбогдох байгууллагууд далайцтай, өргөн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулах зайлшгүй шаарлага байна.
 
ХУДГУУД ХАМГААЛАЛТЫН ХАШААТАЙ БАЙХ ЁСТОЙ
 
Манайд ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын дэглэмийн талаар хэн ч ярьдаггүй. Гэтэл ундны ус түгээх газрууд буюу худгууд нь хамгаалалтын бүстэй байх ёстой. Тодруулбал, худгийн эргэн тойронд эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг 30-50 метрт, хамгаалалтын бүсийг 1000 метрт тогтоосон байх ёстой аж. Эрүүл мэндийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар төвлөрсөн усны эх үүсвэртэй худаг нь 100 метрт, төвлөрсөн бус эх үүсвэртэй худаг нь 200 метрт энгийн хамгаалалтын бүс байгуу­лах үүрэгтэй. Түнчлэн стан­дартын дагуу бол гэ­рийн тэжээмэл амьтдыг гурван метрээс дотогш оруулахгүй байх, борооны уснаас хамгаалах зорилгоор хаалт тавих гэсэн шаардлага бай­на. Харамсалтай нь өнөөдөр энэ тушаалын хэрэгжилт хаана ч харагдахгүй байна. Гэр хорооллын ундны усны нөхцөл байдал өнөөдөр ийм л байна. Хяналт, шинжилгээг цаг тухайд нь хийж байгаа боловч зөвхөн төв цоргоноос гарч байгаа усанд л анхаарал хандуулаад, яг иргэдийн гар дээр очиж байгаа усанд тавих хяналт сул байна уу гэсэн дүгнэлтийг ч хийж болохоор байгаа юм. Ямартаа ч эхний ээлжинд зөөврийн худгуудын нөөцийн савыг шинэчлэх, ундны усны худгуудыг хамгаалалтын бүстэй болгох арга хэмжээг яаралтай авч болохоор байна.
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин