sonin.mn
ВОНСАН. /РИА Новости/. Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслол өнөөдөр эхэлж магадгүй хэдий ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан яг хэзээ эхлэх боломжтой эсэхийг хэлэх боломжгүй байна гэж “Риа Новости” агентлаг мэдээлэв.
Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжлахаар Умард Солонгосын Вонсан хотод ирсэн гадаадын хэсэг бүлэг сэтгүүлч цаг уурын таагүй нөхцөл байдлын улмаас өчигдөр цөмийн талбайд очиж чадаагүй байна. Пунгери талбай нь Вонсан хотоос 600 км-ийн зайд байдаг бөгөөд галт тэргээр явахад  бүтэн өдөр болдог аж.  Тийм учраас сэтгүүлчид ёслол болох газарт хүрэхэд өнөөдөр оройноос наашгүй гэж үзэж байна. 
Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслол энэ сарын 23-25-нд болох тухай өмнө нь мэдээлсэн билээ. Талбай руу орох цэг болон эргэн тойрны объектуудыг бүрэн устгах төлөвтэй байна. Талбайн хонгилыг дэлбэлж, эрдэм шинжилгээний хүрээлэн, харуул хамгаалтын байрнууд болон бусад объектыг задлан буулгаж авах аж.  
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг