sonin.mn
ТЕЛЬ-АВИВ. /ТАСС/. Израилийн армийн нисэх онгоцууд Газын зурвас дахь Палестины эрс үзэлт “ХАМАС” хөдөлгөөний газар доорх дэд бүтцэд болон тэнгисийн эргийн хамгаалалтын цагдаагийн албаны хоёр байд цохилт өгчээ. Энэ тухай Израилийн армийн хэвлэлийн албаны тараасан мэдэгдэлд дурдсан байна.
Тус мэдэгдэлд “хэдхэн хормын өмнө манай Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Газын зурвас газар доорх дэд бүтцэд болон “ХАМАС” террорист байгууллагын тэнгисийн цэргийн хүчинд хамаарах нэмэлт цэргийн хоёр объектод цохилт өглөө. Өнгөрсөн мягмар гарагийн өглөө хэд хэдэн террорист Израилийн хилийн цэргийн хамгаалалтын харуулын байрыг шатаасны хариуд ийм цохилт өгсөн юм” гэжээ.
“Түүнчлэн Израилийн нутаг дэвсгэрт террорист ажиллагаа явуулах болон цохилт өгөх зорилгоор нисгэгчгүй нисдэг аппаратууд илгээх оролдлогоо үргэлжлүүлсээр байсны хариуд цохилт өгсөн” гэж цэргийнхэн нэмж хэлсэн байна.
Газын зурвасаас үүдэлтэй бүх террорист халдлагад “ХАМАС” хөдөлгөөн хариуцлага хүлээх ёстой” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг