sonin.mn
“Woovoo” компани Монголын хамгийн анхны цахим ном, дижитал сэтгүүлийн төвлөрсөн сан “M+” аппыг олон нийтэд танилцууллаа. “M+”уншигчдадхудалдаанд борлуулагдаж байгаа ном, сэтгүүл, комик номыг дижитал хэлбэрээр эх хэлээрээ уншиж, үзэж, бүр сонсох боломжийг олгож байгаа нь онцлууштай. “Woovoo”-гийн технологийн баг өнгөрсөн оны 9-р сараас хойш “M+”-ыг хөгжүүлэн мянга мянган хэрэглэгчийн мэлмий, сонорт хүргэхээр ажиллаж эхэлжээ. Одоо ч тэд энэхүү ном, сэтгүүл төвлөрсөн аппликэйшныг улам төгөлдөржүүлж, ард түмнийхээ оюуны шинэ хэрэгцээг хангаж буй юм.  
Уг аппликэйшн албан ёсны нээлтээ хийгээгүй байхдаа 12,300 идэвхтэй хэрэглэгчтэй болсон нь Монголд дижитал сангийн ямар том орон зай байсныг батлан харуулсан хэрэг болов. Одоогоор 103 бүтээл үнэгүй байршуулсны 26 нь сэтгүүл, 77 нь ном байна. Бүтээлүүд бүгд албан ёсны эрхтэйгээр орсон бөгөөд ямар нэг оюуны эрх зөрчсөн асуудал байхгүй нь сайшаалтай.
Аппликэйшн хоёр сар туршилтын журмаар ажиллахад нэг өдөрт хамгийн ихдээ 5,691 бүтээл татагдсан нь номын дэлгүүрийн нэг өдрийн борлуулалтыг олон арав дахин давсан үзүүлэлт болжээ.  Дижитал сангийн 30 хувь нь үнэгүй 70 хувь нь төлбөртэй байна.
 
 
Хамгийн гол нь “М+” аппликэйшн маш хурдацтайгаар хөгжин буй өнөөгийн нийгмийн завгүй хэмнэл дунд уншигчдын оюуны хэрэгцээг бүрэн хангаж чадаж буй билээ. Учир нь бид зузаан роман, тууж цүнхэлж гараад хаа нэг газарт орж тухтайхан унших боломж ховор болсон. Өдөр тутмын амьдралын хэмнэл, ажлын ачаалал бидэнд тийм боломжийг цаг үргэлж олгоод байдаггүй. Харин “М+”-ийг утсандаа татаж авснаар бүхэл бүтэн номын сан халаасалж явна гэсэн үг. Хэсэгхэн зуур амарч, тархиа сэргээж сайхан шүлэг, өгүүллэг уншихыг хүсвэл утасаа асаахад л хангалттай.
“М+” нь энэ хугацаанд Монголоос гадна Канад, АНУ, Мексик, Колумб, Бразил, Аргентин, Чили, Норвеги, Испани, Итали, Франц, Англи, Өмнөд Африк, Иран, Украин, Казахстан, Орос, Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Филипин, Индонези, Австрали, Шинэ Зеланд зэрэг 25 улсаас “Android”, “iOS” системээр нийт 49,700 бүтээл татагдсан байна.  Нэг бүтээл хамгийн багадаа 10,000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэхээр “Woovoo” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 50 орчим сая төгрөгийн бүтээлийг олон нийтэд хүргэсэн гэсэн үг. Мөн мэдээлэл технологийн дэвшлийг зөв ашигласнаар ногоон хөгжилд ч хувь нэмрээ оруулж буй юм.
 
 
“Утсаа маажсан ч утга учиртай маажья” гэх уриатай уг аппликэйшн дахь аудио ном нь сонсогчийг замын түгжрэлд зогсохдоо, хот хооронд, улс хооронд зорчихдоо цахим ертөнцөд цагаа үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг олгожээ. Одоогоор “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг уг аппликэйшн дээр хамгийн олон сонсогч сонсоод байгаа билээ.
“М+” аппликэйшн нь дотроо шилдэг номын түүвэр, хүүхдийн ном, сонгодог зохиол, орчин үеийн зохиол, шинжлэх ухаан, түүх, шашин, улс төр нийгэм зэрэг ном бүтээлийг төрөл зүйлээр ангилан байршуулсан байна. Мэдээж номыг цаасан хэлбэрээр уншихгүй бол амтыг нь бүрэн мэдэрч чадахгүй гэх үндэслэл зарим хүмүүст байдаг. Гэвч хөгжлийн явцад оюуны шинэ хэрэгцээ бий болж, нийтэд дутагдаж буй зүйлсийг хийж бүтээх нь чухал. Дээр дурдсан жишээнээс л манайд энэ төрлийн хэрэгцээ хэчнээн их дутагдаж байсан нь тодорхой харагдана.
 
 
Мэдээж хүн бүрийн “ном” гэх боловч агуулгын хувьд учир дутагдалтай, үг үсгийн алдаатай бүтээлүүдийг уг апп-д оруулаагүй бөгөөд шалгуур нь өндөр санагдлаа. Тэд хүмүүст хамгийн их хүрсэн эсвэл цаасан хэлбэрээр олдохгүй болсон бүтээлүүдийг сонгон байршуулжээ. Энэ л чухал сонголт юм.
Хамгийн гол нь хүн төрөлхтний оюун санааг тодорхойлох уран зохиолын сонгодогуудыг багтаасан нь олзуурхууштай. Дэлхийд нэр алдараа түгээсэн хаад, өрлөг жанжин хийгээд баатруудаас илүүтэйгээр бидний чихэнд Хомер гэсэн нэр яагаад хамгийн түрүүнд буудаг юм бол оо. Учир нь уран зохиол гэгч зүйл үгүй болвол бид дистопио зохиолуудад гардаг шиг өөрсдийн оршихуйг тодорхойлж чадахгүй механикжсан нийгэмд шилжинэ. Тиймээс аль цаг үед хүмүүс бодит ахуйн шоронгоос чөлөөлөгдөж болох гарц нь урлаг, уран зохиолд бийг анзаарч харсаар ирсэн билээ.
 
 
Жон Сатэрлэнд “Уран зохиолын товч түүх” номондоо “Интернэттэй холбогдсон бараг бүх л төхөөрөмж хэрэглэгчдийг, Гүнтэнбэрг төсөл зэрэг 250 000 утга зохиолын бүтээл бүхий цахим номын /ихэвчлэн үнэгүй/ санд холбож өгдөг. Таны гарын алганд нисэх онгоцны байрыг дүүргэх хэмжээний хуучны ном багтаж байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа. Хүргэлт нь маш хурдан төдийгүй унших материалаа өөртөө тааруулан өөрчлөх боломжтой” хэмээн дурдсан байдаг. Мэдээж тус тоо өнөөдөр хэдэн зуун саяар үржигдэх хэмжээнд хүрсэн.
Дэлхийн хэмжээнд хэдэн мянган классик зохиолуудыг үнэгүй татаж уншихаас гадна сонирхогчдын бичсэн асар олон "шинэ" зохиолуудыг үзэж, туршлага судлах боломжтой “Wattpad”, олон мянган ном, номын тухай ярилцлага, подкастуудыг сонсдог хэлбэрээр байршуулсан “ “Audiobooks”, аниме, манга болон комик зурагт дуртай хүмүүсийн хэрэгцээг хангасан “Comixology” зэрэг олон аппликэйшн байдаг. Энэ бүхнийг ашиглахын тулд танд багагүй хэмжээний англи хэлний мэдлэг шаардлагатай. Гэвч өөрийн төрөлх хэл дээр уран зохиолын номыг унших ямагт уран яруу, сэтгэлд ойр хүрдэг байж болох шүү дээ. Тийм л учраас оюуны шинэ хэрэгцээг хангах “М+” бидний хамгийн зөв сонголт билээ.
 
 
Уран зохиол утгаа ямарч хөдөлгөөнгүй нэгэн хэвд цутгачихсан баримал биш учраас тус апп маань улам л шинэчлэгдэж, боловсронгүй болох нь ойлгомжтой. Дээр нь шинээр төрөн гарч буй залуусын бүтээлийг үнэгүй байршуулж өгч байгаагаараа олон боломжийг тэдэнд олгож буй хэрэг. Ямартаа ч сайн ч бай, муу ч бай аль аль талаараа энэ бол гайхалтай, шинэ зүйл билээ.
 
Тоймч: Б.Алтанхуяг
Эх сурвалж: Монцамэ агентлаг