sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжлах гэж буй Өмнөд Солонгосын 8 сэтгүүлчийн нэрсийн жагсаалтыг Умард Солонгос хүлээн авчээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгчийн мэдэгдсэнийг иш татан “Ёнхап” агентлаг мэдээлэв.
Өмнө нь Умард Солонгосын эрх баригчид тодорхойгүй шалтгаанаар Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг хүлээж авахаас хэд хэдэн удаа татгалзсан билээ. Жагсаалтыг хүлээж авахаас татгалзаж байсан нь Өмнөд Солонгос болон АНУ хамтарсан цэргийн сургуулилт явуулж байгаатай холбоотой байх магадлалтай гэж ажиглагчид үзсэн юм.
Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслол энэ сарын 23-25-ны хооронд болно гэж Умард Солонгосын ГХЯ энэ сарын 12-нд зарласан бөгөөд уг ёслолд ОХУ, Их Британи, Хятад, Өмнөд Солонгос болон АНУ-ын сэтгүүлчид хүрэлцэн ирж магадгүй гэж мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн сарын 27-нд яриа хэлэлцээ хийх үеэрээ цөмийн туршилтын талбайг хаахаар тохиролцсон юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг