sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХолбооноос зохион байгуулж буй "Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суулт"-ыг зохион байгуулаад 9 хонож байна. Тэд өнөө өглөөнөөс талбай дээрх суултаа өөрчилж ОУВС-гийн үүдэнд шилжин сууж эхэлсэн юм. Тэд Сангийн сайд болон ОУВС-нд хандан 15 мянган эрүүл мэндийн ажилтны гарын үсэг бүхий "2018 онд цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй царцаах" гэсэн хатуу заалттай гэрээгээ зөөлрүүлэхийг шаардсан бичиг өгч, суултаа үргэлжлүүлж байна. 
Нөхцөл байдлын талаар МЭМҮЭХ-ны дарга Б.Мягмар, дэд дарга  Д.Цэцгээ нараас тодрууллаа.
 
 
-2018 оны 1 дүгээр сарын 23-нд УИХ, Засгийн газар, ЭМЯ-нд хандаж шаардлага хүргүүлсэн. Тэгээд шаардлагаа нэхсээр 5 дугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайд жагсаал хийхэд хүрсэн. Мөн өдрөө ЭМЯ-ны гадаа жагсаалаа үргэлжлүүлсэн. Шаардлагын хариуг өгөхгүй байсаар 5 дугаар сарын 11-нд Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар миний бие ганцаараа бүтэн нэг цаг суусан. Энэхүү суулт  өргөжөөд өнөөдрийг хүртэл 21 аймаг, Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарынхан нэгдлээ. 
Анх талбайд гурвуулаа сууж эхэлсэн бол одоо улсын хэмжээний салбар, салбарынхаа төлөөлөл болсон 6000 гаруй ажилтан албан хаагч суултыг дэмжиж оролцож байна.
"Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтооё", "Эмнэлэг, эрүүл мэндийн ажилчдын цалинг 50 хувиар нэмье" гэсэн шаардлага тавьж байгаа. 
ЭМЯ-ны газар хэлтсийн зарим дарга, мэргэжилтэн бидэнтэй уулзсан. Мөн Эрүүл мэндийн сайд суултад оролцсон зарим төлөөлөлтэй уулзаж сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулж ажиллах нөхцлийн хангах зэрэг асуудал тохиролцоонд хүрсэн. Гэвч яг цалин нэмэх асуудлаа шийдэж өгөхгүй юм. Энэ нь ч сайдаас давсан асуудал боллоо. Бид цалин нэмтэл энэ суулт, тэмцлээ зогсоохгүй гэж шийдээд байна.
Өнөөдрийн байдлаар ОУВС-ийн үүдэнд 300 гаруй төлөөлөл  хоёр цаг орчим суулт хийгээд сая тарлаа. Бидний шаардлагад нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна. Бидний шаардлагад дурдсан ажлын ачаалал, хүний нөөцийн хомсдол, эрүүл мэнд, хөдөлмөрлөх нөхцлийн тулгамдсан асуудлуудыг шийдэж өгөөч гэж хүссэн. Үүнд л бодитой хариу өгөхийг бид шаардсан. 
Сангийн сайд Ч. Хүрэлбаатар болон ОУВС-ийн суурин төлөөлөгч нар шаардлагын хариуг энэ сарын  28-н гэхэд өгөх ёстой. Сүхбаатарын талбайд бидний суулт үргэлжилсээр байх болно гэлээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг