sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндсэн хуулийн цэц өнөөдрийн  Дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэв. Тус хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Мөнх-Эрдэнэ болон УИХ-ыг төлөөлөн УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцлоо. Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтаар төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч болохоор заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, 16 дугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа гэж ҮХЦ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан мэдээллээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг