Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомтын чиглэлийн улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулах чиглэлд Автотээврийн үндэсний төв (АТҮТ), “Эрдэнэс Тавантолгой” болон “Энержи ресурс“ компани хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Энэ хүрээнд уурхай эзэмшигч компаниуд нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй стандарт, дүрэм журмын дагуу тээвэрлэлт гүйцэтгэх “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулах аж. Харин АТҮТ-өөс “Тээвэрлэлтийн гэрээ”-г үндэслэн Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрт заасны дагуу батлагдсан чиглэлийн дагуу тээврийн хэрэгсэл хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгох, хяналт тавих үүрэг хүлээх юм.
Ингэснээр нүүрс тээвэрлэлтийг уурхайн олборлох болон боомтын нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадалд тулгуурлан зохицуулж, олон автомашины төвлөрөл саарах, тээвэрлэгчдийн хариуцлага сайжрах, зам тээврийн осол буурах, жолооч нар нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээ авах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг