Улаанбаатар/МОНЦАМЭ/.1928 оны энэ өдөр Улсын Бага Хурлаас “Шүүн таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм”-ийг баталснаар Монгол Улсад бие даасан мэргэжлийн байгууллага байгуулах үндсийг тавьжээ.
Түүхэн 90 жилийн ой тэмдэглэх ажлын хүрээнд өнөөдөр “Өмгөөлөгчийн хараат бус байдал, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага” сэдэвт олон улсын олон практикийн бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. ХБНГУ, ЕХ, БНСУ, Япон Улсын ижил төстэй байгууллагаас төлөөлөгчид оролцон  өөрийн орны холбооны үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хэрхэн хангаж байгаа талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд экспертээр ажиллаж байсан Германы хуульч Др. Маннсфелд өмгөөлөгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлээр хийсэн харьцуулсан судалгаагаа танилцуулж, МӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Др. Д.Батсүх хүний эрхийг дээдлэхэд баримтлах олон улсын хэм хэмжээтэй уялдуулан өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг  тайлбарлалаа.
“Засгийн газарт өргөн барьсан өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлэг олон нийтийн дунд өрнөж байгаа энэ цаг үед энэхүү хурлыг зохион байгуулж байгаа нь манай холбооны гишүүд нэгдмэл ойлголттой болоход чухал ач холбогдолтой юм” гэж МӨХ-ны ерөнхийлөгч С. Ганбаатар дүгнэв.
Өмгөөлөгчид 90 жилийнхээ ойн хүрээнд Сүхбаатарын талбайд эрх зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлсэн бол маргааш хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, аваргаа тодруулах юм байна.
 
А. Алимаа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг