sonin.mn
“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” тохиож буй энэ цаг үед хошууч генерал Г.Рагчаагийн хань Д.Лхагвасүрэнгийнх нь ярилцлагыг уншигч Танд хүргэж байна.
 
-Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. Таны хань, хошууч генерал Г.Рагчаагийн Монгол цэрэг дэлхийн цэрэг болж, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд төдийгүй дэлхий дахины энхийн үйлсэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэл мөнх юм.
 
-Монгол Улсын Зэвсэгт хүчинд энхийг сахиулах ажиллагааны талаар анх ярьж, хөөцөлдөж эхэлсэн хүн бол яах аргагүй миний хань. Хоёр гуравхан цааснаас эхэлж, бүхэл бүтэн Энхийг дэмжих ажиллагааны газар болтол нь өргөжүүлж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ханиараа энэ үед бахархахгүй байхын аргагүй. Мэдээж хэрэг дэмжиж тусладаг, ярьж зөвлөдөг дарга, удирдлагууд, хамтран зүтгэгчид, найз нөхөд нь байлгүй яах вэ. Монгол цэрэг даян дэлхийн энх тайвны төлөө үүрэг гүйцэтгэж, улс орныхоо аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна, цаашлаад нөхөн олговор олж, Зэвсэгт хүчний шинэчлэлд тодорхой дэмжлэг үзүүлнэ гэхэд итгэх хүн тун ховор байсан. “Хэрвээ монгол цэрэг гадаадад үүрэг гүйцэтгээд, тэгээд мөнгө олоод ирдэг юм бол танд баатар цол өгнө” гэх зэргээр тохуурхан хэлдэг томоохон албан тушаалтнууд ч байсан гэдэг. Тэр үеийн ЗХЕШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Дашзэвэг болон дэслэгч генерал Ц.Тогоо нар энэхүү чухал ажлыг эхлүүлэхэд нь чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан юм. АНУ-ын талаас ч зохих албаны хүмүүс зөвлөлгөө, дэмжлэг үзүүлж байсан. Миний хань ЗХЕШ-т анхны Энхийг сахиулах албыг хоёрхон мэргэжилтэнтэйгээр эхлүүлж байлаа. Тэр хоёр хүн нь одоогийн бригадын генерал Д.Баярсайхан, хурандаа Ч.Ерөөлцэнгэл нар юм шүү дээ. Удалгүй хүмүүс нэмэгдээд, сургалтын төвтэй болж, ажил нь ч өргөжөөд эхэлсэн. Анх НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны дүрмийг орчуулахаас гадна хууль болгон хэрэгжүүлэхээс ажлаа эхэлж, цаашлаад бусад ажил нь үргэлжилсэн дээ. Цаг завгүй, ёстой л орондоо орох завгүй гэдэг шиг ажиллаж анхны хуулийг батлуулж, анхны цэргийн ажиглагч нараа явуулж, анхны цэргийн багаа Иракт илгээж байхад нь ханийнхаа нэгэн адил баярлаж байж билээ. Ажил, албандаа үнэхээр дурлаж, шантрахгүй зүтгэдэг байсан. “Ойрын ирээдүйд Зэвсэгт хүчний хөгжлийн үндсэн чиг баримжаа нь энхийг сахиулах ажиллагаа байх болно, ард иргэдэд хүрэх том сурталчилгаа нь ч, нэрийн хуудас нь ч байх болно” гэж их л бахархалтай хэлдэг байсныг нь одоо ч тод санаж байна. Хэлсэн үг нь одоо нэгэнт биеллээ олжээ. Ингээд тоочоод байвал их олон зүйл бий. Энэ үйлсийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн гэж дэргэд нь харж байсан хүний хувьд бодож явдаг. Анх хамтарч ажиллаж байсан залуучууд нь хийж амжуулж байсан ажлынх нь талаар илүү дэлгэрэнгүй ярих байх.
 
-Анхны 2 цэргийн ажиглагч үүрэг гүйцэтгэхээр явахад генерал маань их баярласан нь мэдээж...
 
-Хурандаа Ч.Ерөөлцэнгэл, Р.Даваадорж хоёр. Энхийг сахиулах ажиллагааны анхны зам мөрийг гаргасан тэр үеийг сайн санаж байна. Яагаад эмч хүн сонгосон нь ч учиртай. Цаг агаар, орчин нөхцлийн хувьд хүнд хэцүү тийм газар өөрийгөө болон нөхрийнхөө эрүүл мэндийг хамгаалах талаас нь давхар бодолцсон. Анхны цэргийн багийг үүрэг гүйцэтгэхээр явсан өдөр, дөнгөж мордуулчихаад охин бид хоёрыг дагуулаад Эрдэнэзуу хийд рүү явсан. Очоод сүү, идээгээ өргөчихөөд манай хүн хийдийн хамбатай ярилцаад суучихсан, охин бид хоёр хийдээ 108 удаа тойрч залбираад л. Цэргийн багийн бүх хүүхдүүдийнхээ нэрийг даатгаж, ном уншуулсан юм даг. Ер нь Америкт Цэргийн атташегаар ажиллах үеэсээ л энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүмүүсээ бэлтгэж эхэлсэн. Сургууль, дамжаанд хэнийг хэрхэн сургах вэ, дараагийн шатны сургалт нь юу байх вэ, төгсөхөөр нь ямар албан тушаалд томилох вэ гэдгийг цогцоор нь бодож, төлөвлөдөг байсан. Үүнийгээ дарга нартаа хэлнэ. Дэслэгч генерал Ш.Жадамба, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, дэслэгч генерал Ц.Тогоо, хошууч генерал Р.Гаваа гээд олон сайхан удирдлага нь их урам өгдөг байсан. Анх атташегаар томилогдоход нь Ш.Жадамба генерал хүлээн авч уулзан зөвлөлгөө өгч, “Чиний явсан мөрөөр Монгол Улсын Зэвсэгт хүчин төдийгүй, Монгол Улсын гуравдагч оронтой харилцах харилцааны зам тавигдах ёстой. Энэ зам, мөрийг зөв сайхан гаргаарай” гэж захиж байсан. Ийм сайхан хүмүүс байсан учраас энхийн үйлсийн зам мөр сайн сайхан тавигдаж, улам бүр тодрон зурайж байна шүү дээ.
 
-Та хоёр маань анх яаж танилцаж байв?
 
-Хүүхэд байхаасаа бие биеэ мэддэг байсан. Нөхөр маань 23 дугаар сургуулийн урлаг, соёлын урдаа барьдаг сурагч нь. Хөгжим тоглоно, дуулна. Пионерын ордонд манай хүн хөгжмийн, би гимнастикийн дугуйланд явдаг байлаа. Урлаг, уран сайхны арга хэмжээнд хамт оролцоно. Бид хоёр дахь хүүхдээ төрөхөд буюу 1972 онд 120 мянгатын 18 дугаар байранд тусдаа гарч байлаа шүү дээ. Манай хүн ахлах дэслэгч цолтой, Зүүнбаянгаас шилжиж ирээд байсан үе л дээ. Хоёр талын аав, ээж, ах, дүү нар маань ам бүл нь нэмэгдээд болохоо байлаа, энэ хоёрыг орон гэртэй болгохгүй бол болохгүй нь гээд л шийдэгдсэн асуудал.
 
-Та Зүүнбаян руу дагаж явсан уу?
 
-Үгүй ээ. Би хотод оюутан байсан. Гэхдээ мэдээж ирж, очно. Анх удаа очсон тухай санаанд орчихлоо. Их хөгжилтэй. Тэр үед ямар гар утас гэж байсан биш. Арай гэж нэг холбогдтол “Чи хүрээд ир, вагонд суугаарай” гэлээ. Хол газар энэ тэр гээд ээж жаахан дурамжхан. Би ч зөрсөөр байгаад л вагонд суучихсан. Налайх өнгөрөөд цаашиллаа, вагонд дан оросууд. Би цомцойгоод суудлаасаа ч босч чадахгүй, айгаад. Эргэн тойрноо сайн хартал ойролцоо настайвтар ах сууж байхаар нь “Ах аа, Сайншанд гэдэг газар хэзээ очих вэ? гэж асуутал “Шөнө очно” гэдэг байгаа. Айдас хүрээд л явчихсан. Жаахан байж байгаад л “Ах аа, намайг нэг хүн тосох ёстой. Хэрэв тосохгүй бол та намайг эргүүлээд суулгаад өгч чадах уу?” гэсэн чинь “Чадахгүй яадаг юм” гэж байна. Өнөөх ахаа дагаад буулаа, бараадас хийгээд л явж байтал мөрөн дээр нэг хүн цохилоо. Эргээд хартал манай хүн. “Чамайг тосох гээд бригадынхаа захирагчийн машинтай ирлээ” гэчихсэн зогсож байж билээ. Тэр машин нь “А-69”. Танайх хаана юм бэ гэхэд энүүхэнд, одоохон очлоо л гэсэн. Явсаар байж очтол бөөн элсэн дунд нэг давхар байшин. Тэгж л анх удаа говийг үзэж, ханьтайгаа хамт хэд хоносон. Бидний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг. Бидний гэлтгүй тэр үеийн залуу офицеруудын гэр бүлийн амьдралын нийтлэг дүр зураг юм даа.
 
-Цэргийн даргын гэргий нарыг албан ёсоор мөрдэс зүүгээгүй ч цэргийн хүмүүс гэж би боддог. Та ч бас тэр жаргал, зовлонг туулсан хүн. Эргээд дурсвал...
 
-Тэгэлгүй яах вэ. Хаана томилогдоно, дагаад л явна. Өөрийн гэсэн орон гэргүй байхад өөр тийш шилжсэн дарга нарын байранд нүүж очоод л амьдарна. Хэдэн уутанд хувцас хунараа хийгээд, хэдэн тавилгаа ачаад л... Бүр нүүгээд сурчихсан. Нийслэлийн 4 дүүргийг дамжаад л нүүдэг байлаа шүү дээ. Зөвхөн миний хувьд ч биш үүрэг гүйцэтгэж байсан, одоо үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нарын гэр бүлийн гишүүд нь томилогдсон газарт нь дагаад л хамт явдаг. Арын албыг нь найдвартай, хариуцлагатай зохицуулдаг хүмүүс. Өөрсдийгөө гаргуунд нь гаргадаг гэж хэлж болно. Би л гэхэд эдийн засагч мэргэжилтэй, гэхдээ ханийгаа дагаж “томилогдоод” олон ажил хийсэн дээ. Орост суралцаж байхад нь эмийн санд усан эм савлагч, эмэгтэйчүүдийн эмнэлэгт аж ахуйн албаны даргаар ажиллаж байлаа шүү дээ.
 
-Шантарч байсан уу, хэрэггүй ч цэргийн хүнтэй ханиллаа гэдэг ч юм уу, хааяа сөрөг бодол орж ирнэ биз?
 
-Ёстой үгүй. Аав, ээжийн минь сургаал, өсгөж хүмүүжүүлсэн ухаан мундаг байсных биз. Чиний нөхөр бол чиний хаан. Чи ханиа хүндэлж, хувцас хунар, эд хэрэглэлийг нь дээдэлж, хайр халамжаар дутаахгүй байвал өрх гэр чинь өөдлөн дэвжинэ гэсэн үзлийг бүр багаас минь суулгаж, айлын эзэгтэй болоход бэлджээ гэж одоо боддог юм. Оройтлоо, тэгсэнгүй, ингэсэнгүй гэж нөхөртөө энэ яваа насандаа хэлж, гомдоллож үзээгүй. Ихэвчлэн оройтож ирнэ. Унтаж байхдаа тэмтэрч үзээд л байвал ирчихэж, байхгүй бол ирээгүй байна гээд л. Манай хүн чинь “За, миний эхнэр, одоо хэдэн жил ажлыг минь дуустал яг л энэ хэвээрээ аж амьдралаа аваад явна шүү” гээд бараг үүрэг өгчихнө. Би ч дуулгавартай, байлдагч нь юм шиг л биелүүлнэ. Ийм л амьдралаар амьдарсан даа, бид хоёр. Мэдээж хэрэг хоёр талын аав, ээж, ах дүүс туслаж, хүүхдүүдийг маань өсгөлцсөн. Хадам аав, ээж маань цуг амьдардаг байсан.
 
-Манай генералын ар тал ч үнэхээр найдвартай байжээ?
 
-Тэгэлгүй яах вэ. Танай генерал гэртээ байх нь ховор. Харин гэртээ өнжих үедээ бол хачин хөгжилтэй, гитар тоглож, дуулаад л. Аав чинь анх гитар тоглож уяраагаад миний сэтгэлийг татчихсан юм гэж хүүхдүүддээ хошигнож ярьдаг юм. Гитараар сонгодог хөгжмийн аялгуунууд тоглоно. Сурагч байхдаа үлээвэр хөгжим тоглодог байсан юм. Ер нь хадмын талынхан маань хөгжмийн талд авьяастай. Нөхрийн маань эгч их сайхан дуулдаг. Залууд нь Ардын жүжигчин А.Загдсүрэн гуай тэр хоёрыг сургуульд явуулна гэж байхад нь хадам ээж маань дургүйцээд аваад үлдсэн юм гэнэ лээ.
 
-Ханийнхаа тухай дурсамж сэргээхээр хамгийн түрүүнд ямар зан чанар нь, хэлдэг, захидаг байсан ямар үг нь танд бодогдож байна вэ?
 
-Ер нь их алсын хараатай, мэдрэмтгий хүн байсан л даа. Хоёрдугаарт бүх талын мэдлэгтэй эрдмийн хүн байсан, цаг үеэ ч их мэдэрнэ. Хэнтэй ч, ямар ч сэдвээр, хичнээн цаг ч хамаагүй яриад суух чадвар миний ханьд байсан, тэрийг нь олон хүмүүс хэлэх байх. Миний хань чинь ЗХУ-ын Ленинград хотод Цэргийн академид суралцаж, авто инженерийн мэргэжил эзэмшиж, 1979 онд мөн Ленинград хотод Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Үүнээс гадна их л шулуун шударга, хэлье гэснээ хэнд ч шууд хэлчихдэг, үнэний төлөө бол айж ичнэ гэж байхгүй, ямар сайндаа нэг удаа “Туулайн зүрх олж идье байз, тэгэхгүй бол хүнээс айхаа байчихлаа” гэж тоглоом шоглоомоор хэлж байх вэ дээ. Хошин алиа зантай, бусдыг хөгжөөх дуртай. Уурлаж, загнаж биш егөөдөх хэлбэрээр хүнд хатуухан үг хэлчихдэг. “За даа, гууль нь цухуйх гээд л байна уу” гэж хэлнэ. Энэ үгийг нь сонссон хэн ч сэртхийж, нэгийг бодно шүү дээ. Намайг, бас хүүхдүүдээ огт загнахгүй. Гэхдээ харцаараа ойлгуулна. Жаахан ширүүхэн хараад, шилбэлзэхэд нь за нэг буруу юм болжээ гэж бүгд мэдэх жишээтэй. Бас их нямбай. Ширээн дээр хоол унд, хоолны хэрэгслийг хүртэл эмх цэгцтэй, маш цэмцгэр байлгах жишээтэй. Хүүхдүүд нь хүртэл дуурайчихсан, буузыг их чамбай чимхэнэ. Муухай чимхэхэд аав дургүй гэж ихэд хичээнэ. Нарийн мэдрэмжтэй, эрхэмсэг байдалд дуртай хүн байсан даа.
 
-Нөхөрсөг, тусархуу, ялангуяа урмын үгийг цагийг нь олж хэлж чаддаг хүн гэж олон хүнээс сонссон?
 
-Яг үнэн. Урмын үгээр, хошин алиа байдлаар орчиндоо, хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, эрч хүч өгч чаддаг. Өнгөрснөөс нь хойш жилийн дараа төрсөн ач нь яг энэ занг нь дуурайчихсан. Би бүр гайхдаг, удамшдаг юм байна даа гэж боддог юм. Залуучуудад ихийг сур, унш, мэдлэгээ тэл, үүний тулд хэл сур. Тэр хэрээр олж авах мэдлэгийн хүрээ чинь тэлж нэмэгдэнэ гэж их захидаг байсан. Хамт ажилладаг залуустаа “Та нар надтай өрсөлд, өрсөлдөхөд чинь би өөрөө дэмжиж туслана” гэж хэлдэг байсан талаар тэд нь үргэлж дурсан ярьдаг юм. Тэднээс нь хэн нэгэн тушаал дэвших, цол нэмэх зэрэгт өөрөө авч байгаа юм шиг л баярладаг байсан.
Тус дэм болж байсан тохиолдол олон байлгүй яах вэ. Сургуульд явахад нь дэмжиж тусласнаас эхлээд л бодит, бодит бус тусламж, дэмжлэгийг олон хүнд үзүүлсэн. Ханийн минь хөдөлмөр, зүтгэлийн үр шимийг хүртэж, гаргасан зам мөрөөр нь өнөөдөр 15000 гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж, дэлхий дахины амар амгалангийн төлөө зүтгэж явна. Монгол Улс, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүнд энэ хэрээр дээшилж, монголчууд бидний энхийн үйлсэд оруулж буй хувь нэмэр өсч байна шүү дээ. Үүнийг дагаад цэргийн алба хаагчдын мэдлэг, туршлага нэмэгдэнэ, ар гэр, ахуй амьдралд нь ч тустай. Хамгийн чухал нь дайн байлдаантай улс орны амьдрал ямар хүнд хэцүү, ард түмэн нь ямар зовлон бэрхшээлийг туулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн хүмүүс эх орноо илүүтэй хайрлаж, улс орныхоо төлөө хийж, бүтээх хүсэл эрмэлзлэл нь нэмэгдэн тусгаар тогтнолын үнэ цэнийг илүүтэй ухаарч байгаа нь ойлгомжтой. Энэ бол одоо үед хамгийн хэрэгтэй зүйл гэж боддог юм. Ханийн минь эхлүүлсэн ажил үйлсийн ач холбогдол дэндүү их юм даа.
Ер нь ажлын төлөө л төрсөн хүн, энэ ч үүднээсээ хамт ажиллаж, хөдөлмөрлөж байсан хүмүүстэйгээ насан туршийн сайхан нөхөрлөлийг бий болгож чаддаг, найз нөхөддөө үнэнч, найдвартайгийн хувьд ярих юмгүй гэдгийг нь хамт ажиллаж, нөхөрлөж байсан хүмүүс нь батлаад өгнө.
 
-Гэртээ өнжих үедээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг байв?
 
-“Та нарт сайхан хоол хийж өгнө өө. Яг л хятад тогооч шиг” гээд л цагаан алчуур мөрөн дээрээ тохчихоод бөөн инээд болно. Хачин гоё амттай хоол хийнэ шүү дээ. Гойд цэвэрч, нямбай. Гэр бүлээрээ салхинд гарах, найз нөхөдтэйгөө ан гөрөө, загас жараахай эргүүлэх дуртай. “Загасанд явсан хоногийг амьдарсанд бүү тооц. Бурхан загасанд явсан өдрүүдийг хүний амьдрах ёстой өдөр хоногоос нь гадна нэмж бэлэглэдэг” гэж хошигнодгийг нь одоо ч найз нөхөд нь дурсдаг юм. Хүмүүст хайр халамжаа харамгүй түгээдэг. Гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, найз нөхөд, дарга, цэрэг гээд хүн бүрт, байгаа орчин, хүрээлэлдээ хайр энэрлийг бэлэглэдэг тийм л хүн байсан даа. Миний дүү нар гэхэд л нэг гэрт төрж өссөн юм шиг дотно. Манай хүнийг Анжаа гэж авгайлдаг. Ирчихээд л Анжаа гэж ирээд л юм яриад тас тас хөхөрцгөөгөөд л...
 
-Саваагүй ч гэмээр юмуу асуулт асуумаар санагдчихлаа, хамгийн анх ямар бэлэг өгч байсан бэ? Их нарийн мэдрэмжтэй сонголт байсан болов уу гэж гэнэт бодогдлоо.
 
-Чамайг асуухтай зэрэгцээд л өгсөн бэлэг нь шууд нүдэнд харагдаж байна. Нэг гоё хар бээлий, сарнай цэцэгтэй өгсөн. Тэр үед чинь юм ховор, цэцэг бэлэглэдэг хүн ч байхгүй шахам. Хаанаас ч олсон юм. Ёстой гоё бэлэг, одоо ч санаанаас гардаггүй юм. Найздаа “Аагий надад ийм бэлэг өгсөн” гээд үзүүлтэл “Пөөх, яасан гоё юм бэ” гэж дуу алдаж билээ.
 
-Таны хадмууд таныг яаж хүлээж авсан бэ?
 
-Миний хадам аав, ээж хоёр чинь бурхан шиг сайхан хүмүүс байсан. Манай хүн эцэг эхээс тавуулаа, айлын бага нь. Эгч нь БХЯ-нд ахлагч цолтой ажиллаж байсан, бас цэргийн амьдралыг мэдэх хүн. Хадам ээж минь ноён хүний удам. Эрхэмсэг, ухаалаг, цаанаа л нэг язгууртан шинжтэй. Ер нь уурлаж уцаарлаад байхгүй. Аль болох тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг. Хадам аав, ээж хоёр маань манайхтай хамт амьдардаг байсан. Анх бэр нь болчихоод ээж миний тийм юм хаана байна гэж асуухаар ээж нь тийм өнгийн хавтганд хийгээд тавьчихсан гэх жишээтэй. Жижигхэн хүүдийнүүд оёод бүгдийг нь эмхэлчихдэг. Тийм нямбай. Ач, зээ нартаа их зүйл зааж, сургаж, тайлбарлана. Би ч их зүйл сурсан. Хадам аав минь тамхиа татаад, налайгаад л сууж байна. Хүүхдүүдээ бүгдийг нь эрдэм боловсролтой болгон өсгөж, хүмүүжүүлсэн, удам сайтай хүмүүс. Хүний удам гэдэг хамгийн чухал зүйл юм байна гэдгийг би амьдралынхаа туршлагаас илүү сайн ойлгосон. Сайн, сайхан айлын бэр болсон, азтай хүн дээ, би.
 
-Тэгвэл таны ээж, аав хүргэнээ анх хэрхэн үнэлэв?
 
-Оюутан, анх ингэж танилцсан гэх зэргээр танилцуулчихсан байсан. Анх уулзаад “Боловсролтой хархүү болох юм байна” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Аав маань хүн сайн таньдаг, “Болно доо, миний хүүхдүүд сайхан амьдарна. Нөхрөө л эрхэмлэн хүндэлж яваарай” гэж хэлсэн. Хүргэнээ цол нэмэх бүрт бөөн баяр болно. Улам л хайрлаад, халамжлаад бай. Цол нь хурдан нэмэгдэнэ гээд л. Дурсахад их сайхан байна. Аав, ээж минь хүүхдүүдээ ердөө зүгээр суулгахгүй, үргэлж зааж, сургана, ажил хийлгүүлнэ. Энэ хүмүүжил надад, миний хүүхдүүдэд ч өвлөгдсөн. Хүүхдүүд маань ч гэр орноо сайн цэвэрлэнэ, хоол сайхан хийнэ. Ээж, аавын бараанаар л гэрээ цэмбийтэл цэвэрлэдэг байснаа дурсан хөгжилддөг юм.
 
-Цэргийн дипломатчийн гэргийн үүрэг, хариуцлагыг бас давхар үүрсэн нь тодорхой...
 
-Тэгэлгүй яах вэ. Орос, Америк гээд цөөнгүй улсад дагаж очсон, амьдарсан. Арга хэмжээнд очно, гэртээ зочид урина. Америкт анх очихын өмнө заавар, зөвлөлгөө хүртэл авч байлаа шүү дээ. Хоол унд хэрхэн идэх, хувцас хэрхэн сонгох, үг хэлэх гэх зэрэг анхаарах зүйл олон. Энэ бүхэнд би ханийнхаа итгэлийг дааж, нэр хүндийг нь өргөхөд нэмэр болсон гэж боддог. Олон чухал арга хэмжээнүүдэд ханиа дагаж очсон. Тэр үед ханиараа бахархаж, сайхан ханьтай учирчээ гэж өөрийн эрхгүй бодогдоно шүү дээ.
 
-Бие нь үгүй ч бүтээсэн үйлсээрээ мөнхөд амьдардаг хүн ховор. Г.Рагчаа генерал бол яах аргагүй ийм цөөхөн хүмүүсийн нэг. Энэ мэдрэмж гэр бүлд нь илүүтэй мэдрэгддэг байх. Цэргийн хувцастай хүн бүр танд болон үр хүүхдэд нь дотно, тэр дундаа найз нөхөд, цэргүүд нь та бүхэнтэй ойр байдаг нь мэдээж...
 
-Өвгөний минь хэдэн хүүхдүүд байнга ирдэг. Одоо болтол надтай холбоотой байж, цагаан сараар ирж золгож, мэндтэй явдаг нь миний ханийн нэр хүнд, мөнхөд дурсагдах гавьяатай ажлыг эхлүүлж байсны ач юм даа. Тэд нартайгаа уулзахаар сэтгэлээ онгойтол ярьдаг, энэ үеэр ханийн минь амьд сэрүүн байхдаа хэлж захиж байсан үг, алиа хошин зан, ажил хэргээ явуулдаг байсан арга барил зэрэг олон сайхан дурсамж хөвөрдөг, гэхдээ дандаа уулзаад байж бас чадахгүй юм. Би тэдгээр залуучуудыг нь хүүхдүүд шигээ л санаж явдаг, нэрийг нь хэлбэл энд бичиж барагдахгүй, тэгээд ч хүний нэр орхичихвол гомдох байх. Цэргийн хүмүүс дотно байлгүй яах вэ. Хөгшнөө өнгөрснөөс хойш цэрэг хувцастай хүмүүсийг харахаар нэг хэсэг их эвгүй, сэтгэл эмтрээд, халшраад, үймрээд байсан. Гэхдээ ханийнхаа буянд их сайхан амьдарчээ. Үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж, ханиа амьд мэнд байгаа юм шиг амьдрах ёстой гэж сэтгэлээ чангалсан даа. Эмэгтэй хүн чинь сэтгэлийн хат ихтэй байдаг юм шиг байгаа юм.
 
-Залуу гэргий нарт, ялангуяа цэргийн алба хаагчийн гэргий нарт хандаж юу хэлэх вэ?
 
-Ажил, албаных нь нарийн ширийн асуудалд болж өгвөл битгий оролцоорой. Нэгэнт л ийм хүнд хэцүү ажил, мэргэжилтэй хүнийг сонгож амьдарсан юм чинь аль болох хүлээцтэй хандаж, дэмжиж, хань түшиг нь болох хэрэгтэй. Эвлэрч, эвсэж, ойлгож байгаарай гэж захиж, зөвлөе. Эвсэж, нийцэж амьдардаг хорвоо шүү дээ. Би л гэхэд хурхирдаг хүний дэргэд унтах нь битгий хэл, удаан сонсож чаддаггүй. Гэтэл манай хүн чинь их хурхирна, сонссоор байгаад худалч хүнд бараг хурхирах чимээнд нь тайван унтдаг болчихсон байх жишээтэй.
 
-“Гүрийн Рагчаа сан”-гийн үйл ажиллагааны талаар уншигчдад маань мэдээлэл өгнө үү?
 
-“Гүрийн Рагчаа сан” төрийн бус байгууллага энхийг сахиулагчдын гавьяаг алдаршуулах, тэдний ар гэрт дэмжлэг үзүүлэх, энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилгоор 2009 онд байгуулагдсан. Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Удирдах зөвлөлд миний бие, хүүхдүүд, төрөл садангийн ах, дүү нар маань, мөн энхийг сахиулах үүрэг чиглэл бүхий ангиудын захирагч нар багтдаг. Ашгийн бус, гишүүд, дэмжигчдийн хандив, тусламжид тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Сангийн зүгээс жил бүр “Гүрийн Рагчаа сан”-гийн нэрэмжит “Шилдэг энхийг сахиулагч”-аар 3-5 хүнийг тодруулж өргөмжлөл, тусгай шагналаар шагнадаг юм. Энэхүү шагнал нь энхийг сахиулагчдын дунд нэр хүндтэй шагнал болсон гэдэгт эгч нь итгэж, баярлаж суудаг. 
Мөн энхийг сахиулагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. Жишээлбэл, ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын үр хүүхдүүдэд шинэ жил болон хүүхдийн баяраар бэлэг гардуулах, тэдний гэр бүлийн гишүүдийг төрөл бүрийн сургалтад хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна. Цаашид бодож санаж, төлөвлөсөн ажил нэлээд бий.
 
-Та бид хоёрын ярианы ихэнх нь Г.Рагчаа генералын тухай өрнөлөө. Таныг ч үнэндээ орхигдуулчихлаа гэж гэмшингүй бодож сууна.
 
-Яалаа гэж. Энэ сайхан баярын өдөр ханийнхаа тухай дурсахгүй, ярихгүй өөр яах билээ. Нэг биений хоёр тал гэдэг шиг. Миний ханийн нэр, ажил үйлс гээд бүх зүйлстэй миний амьдралын замнал цуг л байгаа. Бид 4 хүүхэдтэй. Хүүхдүүд маань нягтлан бодогч, систем мэдээллийн инженер, эмч, эдийн засагч мэргэжил эзэмшин, мэргэжлээрээ ажиллаж, сайн сайхан амьдарч байна. 
Энэ дашрамд нийт цэргийн алба хаагчид, цэнхэр дуулгатнууддаа Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийн мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье.
 
Танд баярлалаа. Гэр бүлд тань сайн сайхан бүхнийг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.
 
 
Хошууч Х.Ганзул
Эх сурвалж: "Соёмбо" сонин