sonin.mn
Манай улсын баруун хил орчмын бүсэд 1930-аад оноос 1940 оны төгсгөл хүртэл үргэлжилсэн байлдааны тухай ХХЕГ-ын Хилийн цэргийн Архив, түүхийн секторын судлаач, доктор, дэд хурандаа Н.Даваадоржтой ярилцлаа.
 
-Олон нийт Баруун хилийн тулгаралтын талаар төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс ярилцлагаа эхлэхийн өмнө байлдаан үүсэх шалтгааныг тодруулах гэсэн юм...
-Юуны өмнө нэршлийн тухайд нэгдсэн ойлголт хэрэгтэй. “Баруун хилийн үйл явдлыг хятадууд “Пей Та Шань” буюу “Байтаг богд уулын хэрэг явдал” гэдэг бол Оросууд “Зэвсэгт мөргөлдөөн” гэж үздэг
 
Харин Монголын түүхчид “Баруун хилийн зэвсэгт тулгаралт” эсвэл “Баруун хилийн тулгарах байлдаан” гэж хэд хэдэн янзаар бичиж ирсэн. Харин сүүлийн үед манай судлаач, түүхчид энэ нь зэвсэгт тулгаралт биш, харин ч баруун хилд явагдсан байлдаан байсан гэдэгтэй санал нэгдэж байна. Тиймээс “Баруун хилийн байлдаан” гэж нэрлэх нь зөв. 
Энэ тухайд дэлгэрэнгүй ярина гэвэл олон тооны хэвлэлийн хуудас материал болох байх. Энэ байлдаан нь олон жилийн турш явагдсан. Ардын хувьсгалын он жилүүдэд манай ард түмэн гамин, цагаантны цэргүүдээс эх нутгаа чөлөөлсөн хэдий ч нутгийнхаа хязгаарт хүрч, тухайн бүс нутагт нөлөөллөө байнга тогтоож хүчирдэггүй байлаа. Ингээд 1930-аад оны эхээр дотоодын цэрэг-улс төрийн байдал ихээхэн өөрчлөгдөж, 1928 он гэхэд манай улсын төрийн удирдлагууд үзэл суртлаараа хуваагдаж эхэлсэн. Үүний улмаас бие биеэ хардах, хар шар феодал гэж гүтгэх, сүм хийдийг устгах, шатаах зэрэг үйл явдал ар араасаа хөвөрснөөс төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн бараг 98000 гаруй иргэн нүүдэллэсэн. 
Иймээс Дотоодыг хамгаалах газрын даргын 1933 оны тушаалаар Хязгаарын цэргийг байгуулж, тус нутгаар аж төрдөг хүмүүсийн гэр бүл, хамаатан саданг хилийн гадна дотор хувааж эхэлсэн байдаг. Гэвч удалгүй уг шийдвэрийг нутгийнхан эсэргүүцэж, цэргүүдэд дургүйцлээ илэрхийлэх болсноор үе үе зэвсэгт хадлага хилийн орчим гарах болсон юм.
 
-Тэгвэл төр, засгийн үйл ажиллагаанд гомдсон ард түмнээс эхлэлтэй гэж ойлгож болох нь ээ...
 
-Тэгж ойлгох нь буруу. Гадаад нөхцөл байдлын хувьд ч Хятад улс Гоминданы Засгийн газар болон бусад эрх мэдэл бүхий цэргийн генералууд гээд хэд хэдэн талд хуваагдаад байв. Үүнийг далимдуулж, Шиньжян-Уйгарын өөртөө засах орны уйгар, түрэг, хасаг үндэстнүүд тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ эрчимжүүлэх болсон юм. Уг хэрэг явдлыг Гоминданы Засгийн газраас харгис байдлаар нухчин дарсан. Үүнээс Шиньжян-Уйгарын ард түмэн Монголын хилийг даван дүрвэж, уулсын гүнд бүгсэн бөгөөд идэш хоолгүй болоод ирэхээрээ улсын хил хязгаараар дээрэм тонуул хийх нь элбэгшсэн. Тухайлбал, Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Мөнххайрхан, Цэцэг сумдын нутгаар 606 айлыг дээрэмдэн, 20 гаруй хүний амь насыг бүрэлгэж, 10000 орчим мал дээрэмдсэн байдаг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд МАХЦ-ийн нэрт жанжин Г.Дэмид тусгай ажиллагаа явуулж, баруун хязгаарын Байтаг, Хавтагт зэрэг нутгаар гэр оронтойгоо үүрлэсэн 1700 гаруй зэвсэгт дээрэмчдийг Ч.Шагдарсүрэн даргатай нисэх эскадрилийн хүчээр агаараас цохилт өгч, үнэмлэхүй ялалт байгуулж байсан түүхтэй. 
Ер нь Баруун хилийн байлдааныг улс төр, дипломат, ахуй хангалт, үзэл суртлын гэж 4 цогц хэсэгт хуваадаг. Улс төр-дипломатын үүднээс авч үзвэл 1943 оны сүүлчээр манай улсын төрийн удирдлага Оспан, Гоминданы хятадуудтай эв түнжин хагарч, тэмцэл өрнүүлсэн явдлыг далимдуулж, тэдний Гоминданы эсрэг явуулж буй тэмцлийг дэврээх зорилгоор холбоо тогтоож байсан. Өөрөөр хэлбэл, 1944 оны эхээр И.В.Сталин, К.Г.Молотов нар Х.Чойбалсанг дуудан ирүүлж, Шиньжян-Уйгарт болоод байгаа үймээнд дэмжлэг болж, зэр зэвсгийн туслалцаа үзүүлэх үүргийг даалгажээ. Х.Чойбалсан Москвагаас буцаж ирэнгүүтээ Ховдын Булган суманд Оспантай нууц уулзалт хийж зэр зэвсгийг хүлээлгэн өгсөн. Бүр манай талаас Оспанд зэвсгийн мэргэжилтнүүд томилогдож, сурган дадлагажуулах ажлыг ч хийж байсан гэдэг. Ингээд хэдэн жилдээ хоёр тал найрамдаж, баруун хил амар тайван байсан юм.
 
-Гэтэл бид бүхэнтэй найрамдсан хасагууд яагаад эргээд ороод ирэв ээ?
 
-Ер нь манай судлаачид Оспаныг Монголоос яагаад урвах болов гэдэгт хэд хэдэн санаа дэвшүүлдэг. Тухайлбал, Оспан бол ямар ч улс төрийн зорилгогүй, зүгээр л алан хядах, олз омгийн араас хөөцөлдөгч байсан гэж үздэг. Нөгөө талаар Оспан нь Казахын ард түмний зэвсэгт тэмцлийг туйлд нь хүргэх, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, шилдэг байлдан дагуулагч байсан. Гэвч энэ тэмцэл нь их гүрнүүдийн “хайчин галд” автагдаж, Оспан ямар ч гарах гарцгүй болсноор Казахын ард түмний эрх чөлөөний тэмцлийг цаашид үргэлжлүүлэхийн тулд эргээд ЗХУ, Монголоос урваж Гоминданы талд хүчин зүтгэх болсон гэж таамагладаг.
 
-Их гүрнүүдийн “хайчин гал” гэдэг нь юу гэсэн үг вэ?
 
-Баруун хилийн байлдааныг Монголын түүхчид төдийлөн ярьж, бичдэггүй байсан. Зөвхөн Монгол-Зөвлөлтийн найрамдлын үүднээс Халхын голын болон Чөлөөлөх дайны ялалтыг олон нийтэд сурталчилдаг байсан гэсэн үг. Энэ нь манай түүхийг Зөвлөлтийн түүхчид хянадаг байсантай холбоотой. Учир нь баруун хилийн үйл явдалд ил болон далд хэлбэрээр ЗХУ маш ихээр оролцсон байдаг. Энэ үйлдлээ нуун далдлах зорилгоор Баруун хилийн байлдааны түүхийг бүдгэрүүлж ирсэн. Тэгээд ч тухайн үед ЗХУ-ын талаас БНХАУ-ыг ирээдүйд хүчирхэгжинэ гэдгийг мэдэж байсан учир найрамдалт харилцаагаа хадгалахын тулд Оспаны тэмцлийг дэмжихээ гэнэт зогсоосон. Нөгөөтэйгүүр оросууд Байтаг богдын нурууны орчим дахь ураны цөмийн нөөц болон цагаан тугалга, алт гэх мэт ашигт малтмалуудаас хүртэх сонирхолтой байсан учир Дундад улстай харилцаа хүйтрэхээс болгоомжлон, дэмжиж байсан Оспаны талыг гэнэт хөсөр хаясан. Ингээд л Шиньжян-Уйгарын тусгаар тогтнол амжилтад хүрч чадаагүй.
 
-Тухайн үед манай талаас тагнуулын үйл ажиллагаа идэвхтэй явуулж байсан гэж сонссон...
 
-Баруун хилийн байлдаан, түүнийг дагасан хэрэг явдал нь Халхын голын дайн, Чөлөөлөх дайныг бодвол 20 гаруй жил үргэлжилсэн, хамарсан газар нутаг л гэхэд 1200 гаруй км, дайны фронт нь 250 км байсан гэхээр хичнээн цар хүрээгээр, хэдий хугацааг хамарсан үйл явдал байсан нь ойлгомжтой. Энэхүү байлдаанд тагнуулын байгууллага, нутгийн удирдлага, нэгж, иргэд өргөнөөр оролцсон. Монголчууд Оспантай холбоо тогтоосны дараа хэд хэдэн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх баримт бий. Ойролцоогоор 4-5 жилийн хугацаатай Ховог сайр, Кавай буурчин, Мүлэхэ, Анши Хани чиглэлээр тагнуулын үйл ажиллагааг явуулсан. Үүнд хятад, хасаг хэл сайн мэддэг, тэдний зан заншилд нэвт суралцсан орон нутгийн иргэдийг сурган дадлагажуулж, тусгай томилолтоор тагнуул хийлгэж, мэдээ цуглуулдаг байжээ. Тухайлбал, Б.Дүүгэр, Ба.Дүүгэр болон Б.Бадам зэрэг эрэлхэг хөвгүүд уг ажиллагаанд идэвхтэй оролцож, гавьяа байгуулсан. Мөн Х.Чойбалсангийн Оспантай хийх уулзалтыг зохион байгуулах, хасагуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг цаашид өргөжүүлэх бодлого, үйл ажиллагааг нь байнга мэдээлэх, Оспаныг Казахын бусад ноёд, бүлэглэлтэй нийлэхээс сэргийлж, задлан бутаргах, эвдрэлцүүлэх гээд олон төрлийн хорлон сүйтгэх ажиллагааг манай талаас идэвхтэй хэрэгжүүлж байсан түүх бий. Тухайлбал, Анши Ханийн чиглэлд явуулсан хурандаа Н.Рэнцэнхорлоогийн удирдсан нууц ажиллагаа нь тагнуулын байгууллагын түүхэнд тодоор тэмдэглэгдэж үлдсэн. Гэвч эдгээр баримт нь архивын нууцын зэрэглэлээс гараагүй байгаа. Уул нь 80 гаруй жил хадгалагдаж буй эдгээр баримтыг ил болгож, улсын нууцын зэрэглэлээс хасвал оюутан залуус, судлаачдад ихээхэн өгөөжтэй байх болно.
 
-Байтаг богдын нурууны орчимд болсон тулалдааны тухай тодруулбал...
 
-Байтаг богдыг дагасан олон байлдааны ажиллагаа болж байсан. Г.Хаянхярваа, Ч.Пэлжээ, Б.Гиваан, Д.Чойжин зэрэг 10 гаруй дайчны амиа алддаг тулалдааныг онцолж болно. Энэ бол 1948 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн үйл явдал. Тухайн үед улсын баяр, наадам дөхчихсөн, ерөнхийдөө улс орон даяар баярын уур амьсгал орсон байсан. Энэ үед Ховдын отрядын Дамдингийн сумангийн даргаас улсын баяр, наадам ойртож байгаатай холбогдуулж, хил хязгаарыг хүчлэн хамгаалах тухай үүргийг өгсөн байдаг. Тиймээс хилийн постын ахлагчаар Халхын голын отрядаас дөнгөж томилогдож ирсэн ахлах дэслэгч Г.Хаянхярвааг, түүний харьяанд Б.Тэгшээ, Б.Гиваан, Х.Даваадорж, Ч.Пэлжээ нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй хилийн хүчжүүлсэн манаа үүрэг гүйцэтгэж байв. 7 дугаар сарын 8-ны өдрийн хяналтаар хасаг, гамин цэргүүдийн нийлсэн 120 орчим морьт цэрэг пулемёт, миномёт зэргээр зэвсэглэн Байтаг богд, Бүдүүн харгайтын голыг даган улсын хил зөрчсөн юм. Иймээс постын ахлагч, ахлах дэслэгч Г.Хаянхарваа цэргүүддээ “Амьдаараа баригдаж болохгүй, бүгд эрэлхэгээр байлд” гэсэн үүрэг өгөөд Ч.Пэлжээг Б.Тэгшээгийн хүрэн халзан моринд мордуулж, 30 гаруй км-ийн зайд байрлах заставт яаралтай хэл хүргэ гэж явуулсан байдаг. Ингээд хамгийн хойд талын өндөрлөгт Б.Гиваан, Б.Тэгшээ, Х.Даваадорж нар, дунд өндөрлөгт Г.Хаянхярваа Н.Дандархайдавын хамт үлдээд зүүн талын өндөрлөгт Д.Чойжин, Л.Гончиг, Т.Баян нар байрлаж, хориглох байлдааны ажиллагаа явуулсан. Энэ бол үнэхээр хүч тэнцвэргүй, их хэмжээний цус урсгасан тулаан байлаа. Энэ үеэр Б.Тэгшээгийн шилбэний яс миномётын дэлбэрэлтэд өртөж, хэдхэн шөрмөсөөр холбогдож байсан гэдэг. Х.Даваадоржийн цээж, бөгс нь хоорондоо 6 метрийн зайтай хол салж шидэгдсэн. Энэ байлдааны талаар 1990-ээд оны эхээр ихэд шуугих болж, Б.Хаянхярваа дарга урвагч гэдэг нэрийг хүртэл зүүж, нэг хэсэг сэтгэлээр ихэд унасан даа. Гэвч эргээд харахад энэ бол эр цэрэг бүхэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, амьд олзлогдохгүйн тулд Б.Тэгшээ, Б.Гиваан, Х.Даваадорж гурав дундаа сүүлчийн гранатаа тэсэлсэн бол байлдагч Н.Дандархайдав эрэлхэгээр тулалдаж яваад эцсийн сумаа өөртөө зориулсан түүхтэй.
 
-Гэтэл яагаад Байтаг богдын нурууны тал нь Хятадын нутаг болчихов оо?
 
-Байтаг богд нь Ховд аймгийн Булган сумын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд уртаараа 70 км, өргөөшөө 50 км сунаж тогтсон нуруу юм. Нурууны чанх дундуур Алтан овооны оргилоор хоёр улсын хил тогтоогдсон. Тухайн үед улсын хилийг тогтоон тэмдэглэсэн гэрээ, хэлэлцээр, хилийн овоо, багана, тэмдэгт гэж байгаагүй. Тус нутгаар нүүдэллэн аж төрдөг ард түмэн, барагцаагаар, тодруулбал аман яриагаар газар нутгаа зааглаж тогтоодог байснаас биш яг тодорхой болгочихсон хилийн зурвас гэж байгаагүй юм. Энэ байдал олон жил үргэлжилсний дараа 1962 онд БНМАУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн хооронд хилийн гэрээ байгуулж, баталгаажуулсан. Хоёр улсын тал маргаантай газар нутгийнхаа хил хязгаарыг тогтоохдоо дундуур нь хилийн шугам татсан гэж ойлгож болно.
-“Тэнгэрээс ирсэн генерал нь 
Тэмээгээ унаад явлаа” гэсэн үгтэй дуу төрсөн гэдэг...
-Торгууд түмэн их шогч, алиа хүмүүс. Тухайн үед армийн генерал Б.Доржийн тухай Ховдын Булган сумын тагнуулын даргын гэргий 
“Агаараар ирсэн генерал нь 
Атаа унаад жирийлээ 
Тэнгэрээр ирсэн генерал нь 
Тэмээгээ унаад жирийлээ” гэж шоглон дуулсан гэдэг. Яахав, хилийн маргаантай бүсийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар армийн генерал Б.Дорж гуай очсон хэрэг. Байтаг богдын чиглэлд гарахад зам харгуй маш хүнд, 2-3 хоног мориор явж очдог. Энэ байдлыг харсан нутгийн эмэгтэй ийм үгтэй дуу зохиосон нь өнөөг хүртэл нутгийн ардын дунд хууч болсоор ирсэн.
 
-Уг байлдааны тухай залуу хойч үед сурталчлан таниулах ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна вэ?
 
-Энэ жил Баруун хилийн байлдааны ялалтын 70 жилийн ой тохиож байна. Ирээдүй, хойч үедээ цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүхэн үйл явдлыг зөв өнцгөөс харах зэрэг олон талын ач холбогдлыг агуулж тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол гаргуулахаар ажиллаж байна. Одоохондоо тогтоол гараагүй байгаа учраас хийх ажлуудаа тодорхой нэрлэх боломжгүй. Ямар ч байсан “Баруун хилийн төлөө” эсвэл “Байтаг богдын төлөө” гэсэн нэртэй ном гарна. 
Мөн их, дээд сургууль, төрийн цэргийн байгууллага, судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг хамруулсан томоохон хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ мэт олон ажил бий.
 
Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо" сонин