sonin.mn
Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Танкийн биатлон-2018” тэмцээн боллоо. Хуурай замын цэргийн цохилтын гол хүч нь танк хэвээрээ байгаа. Тиймээс танкчидын ур чадварыг сорьж, харилцан бие биеэсээ туршлага судалж, ахмад үеийн танкчидтайгаа уулзах сайхан боломжийг энэхүү тэмцээн олгодог юм. ҮБХИС, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 167, 186, 256, 311, 327 дугаар ангийн багууд “Т-55”, “Т-72” загварын танкаар тусгайлан төхөөрөмжилсөн замыг туулж өрсөлдлөө. Баг тус бүр гараанд танкаа байрлуулж, ерөнхий шүүгчийн дохиогоор гараанаас гарч, шон сүлжин, сум ачаалах цэгт ирсний дараа буудлага үйлдэнэ. Хэрвээ байг оноогүй тохиолдолд торгуулийн тойргоор явах юм. Дараа нь минийн саадыг туулж, огцом өгсүүр, эргэлтээр орж, дэржигнүүр саадыг давж, мөргөцөг, налуу коридороор явж, танк эсэргүүцэх гууг ороон зогсоолд ирэхээр төхөөрөмжилсөн байлаа. Замын саадыг ОХУ-д зохиогддог олон улсын танкийн биатлон тэмцээнтэй ойртуулсан байдлаар тохижуулсан нь манай танкчидын ур чадварыг олон улсын түвшинд гаргахад хамгийн чухал ажил болсон нь ойлгомжтой. Тэмцээнд “Т-55”-аар уралдсан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн экипаж тэргүүн байрыг эзэлж, 016 дугаар бригадын багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм. 
“Бид энэхүү тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байна. Мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хүмүүсээр экипажаа бүрдүүлсэн нь ялалтад хүргэлээ. Мөн саадыг туулахдаа ямар нэгэн алдаа гаргаагүй бөгөөд бүх байг нь онож, торгуулийн хугацаагүй замаа дуусгаж чадсанаар тэргүүллээ” гэж Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкийн экипажийн дасгалжуулагч, хошууч О.Ууганбаяр ярив. 
Тэмцээн зохиогдсон газар хур тунадас бага, хуурайшилт их байсан нь танкийн механик жолоочийн ур чадварыг харин ч нэг сориод авах шиг болсон. Бараг 40 гаруй тонн жинтэй хүнд техникээр уралдаж байгаа учир хөрсийг үндсээр нь эргүүлж, яг л говийн угалз аятай газар тэнгэрийг баганадсан өтгөн их тоос тал газрыг нөмөрч байхад танкийн механик жолооч нар ур чадвараа харуулан хүнд техникийг төвөггүйхэн удирдан жолоодож, их хурдаар урагшилж байсныг дурдах нь зүйтэй. Хоёр дахь удаагаа явагдсан уг тэмцээний өрсөлдөөн улам ширүүсч, багуудын бэлтгэл эрс чангарсан тухай ерөнхий шүүгч, хурандаа Ц.Төрмөнх онцлож байлаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний танкийн хөгжил 1943 оноос эхтэй гэж үздэг. Хуучнаар ЗХУ-д манай анхны танкийн мэргэжилтнүүд сурч эхэлсэн. Тэр цагаас хойшхи үе үеийн танкчид маань энэ л өдрөөр цуглаж, идэр насны дурсамжаа ярьж, залуу үеэрээ бахархаж, дурсгалын зургаа татуулдаг уламжлал тогтжээ. “Монголын танкчидын холбоо” ТББ-ын тэргүүн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, чөлөөнд байгаа хошууч генерал Б.Эрдэнэбат “Танкчидынхаа ур чадварыг харж, ахмад үеийн танкчидтайгаа уулзаж, дурсамж яриагаа өрнүүлэх сайхан боломжийг энэхүү тэмцээн олгодгоороо онцлогтой. Манай залуусын ур чадвар дээшилсэн нь харагдаж байна” гэв. Тэмцээний төгсөлд “Монголын танкчидын холбоо” ТББ-аас шилдэг танкчин, танкийн наводчик, механик жолооч, сумлагчийг тодруулж, дурсгалын зүйл гардуулсан. Тэмцээнд ялсан залуус ОХУ-д зохиогдох олон улсын “Танкийн биатлон” тэмцээнд оролцох аж.
Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын танкийн экипажийн дарга, ахмад Б.Баярбаатар “Танкчин мэргэжлээрээ бахархаж, ур чадвараараа мэргэжил нэгт нөхдийнхөө хаана нь гишгэж яваагаа харах сайхан боломж тохиолоо. Цаашдаа тэмцээнийг улам өндөр түвшинд зохион байгуулж, армийн спорт талаас нь хөгжүүлбэл танкчин болох сонирхолтой залуусын тоо ч нэмэгдэх болов уу” гэв. 
Энэ үеэр Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Авто засварын мастер” тэмцээн анх удаа явагдав. Нийт 19 ангийн техникийн засварчид оролцсоноос Зэвсэгт хүчний 327 дугаар анги тэргүүлж, 089, 256 дугаар анги удааллаа. Энэхүү тэмцээн нь авто засварчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, цаашдаа олон улсын тэмцээнд өрсөлдүүлэх эхлэлийг тавих зорилготой гэж албаныхан онцолсон юм. Түүнчлэн “Цэргийн авто техникийн холбоо”-ноос зарим цэргийн алба хаагчдыг шагнаж, албанд нь амжилт хүслээ.
 
Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо" сонин