sonin.mn
Эх үрсийн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон эрхмүүдийн хүүхэд насных нь гэгээн дурсамжийг хуваалцлаа. Эцэг, эхийнхээ хайранд умбаж, энгэрт нь эрхэлж өссөн тэд бага насандаа ямархан хүүхэд байсан бол...
 
БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны дарга, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр:
 
-Таны харж байгаа энэ зураг бол өвөө бид хоёрын зураг. Тэгэхэд би 3 настай байлаа. Хүүхэд насаа би өвөөтэйгөө холбон бодох дэндүү дуртай. Та бүхэндээ өвөөтэйгөө хамт байсан дурсамжаа хуваалцмаар санагдлаа. 
Аав маань Архангай аймгийн Эрдэнэмандал сумынх, харин ээж Цахирынх. Аавыг албан ажлын томилолтоор Батцэнгэл суманд очоод тун удаагүй байхад нь би төрсөн юм билээ. Өвөө маань (даян аварга Н.Жамьян) манайхыг Батцэнгэл сум руу нүүхэд их баярлаж байсан гэдэг. Учир нь Луу гүний алдарт их аварга Г.Вандан гуайн нутаг усанд очих нь гэж тэр. Вандан гуай одоогийн Батцэнгэл сумын хүн л дээ. Тэгээд өвөө намайг төрөхийн өмнөхөн аавд маань “Танайх хүүтэй болох байх аа” гэж хэлж. Тэр ерөөл нь биелж, би төрсөн гэдэг юм билээ. Би 5 эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй. Хүмүүс дүүг маань мэдэх байх. Улсын харцага Г.Батбаяр. Таван охины араас төрсөн болоод ч тэр үү өвөө маань бөх болох хүү гээд намайг эрхлүүлнэ гэж жигтэйхэн. Би ч өвөөгийн өврөөс бууна гэж байхгүй. Хэрэв буувал эгч нарынхаа нуруунд л шилжинэ шүү дээ. Эгч нар маань ээлжлээд үүрч өсгөж дээ. Тэр үед цэцэрлэг тарахаар 24-ийн хоёр чихэр өгнө. Чихрийнхээ нэгийг нь харих замдаа идээд, үлдсэнийг нь өвөөдөө өгнө. Харин хэд хоногийн дараа өвөө зөрүүлээд чихэр өгнө. Миний өгсөн чихрийг дэрэн доороо цуглуулаад буцаагаад өгч байсан нь тэр. Би ч амтшаад “Өвөө чихэр байхгүй юм уу” гээд шалдаг байснаа санахад сайхан байна. 
Зургаан настай байхад хүүхдийн баяраар аавын ажлын газраас ажилчдынхаа хүүхдүүдийн дунд бөхийн барилдааныг зохион байгуулахад би түрүүлж, өвөөгөө жигтэйхэн их баярлуулснаа мартдаггүй юм. Тэгэхэд эмээ баярласандаа надад зодог, шуудаг оёж өгсөн юм даг. Өвөө, эмээгийн маань сэтгэл шингэсэн тэр зодог, шуудгийг одоо ч гэсэн бурхан мэт хүндэтгэн дээдэлж яваа даа. 
Хүмүүс миний өвөөгийн тухай олон сайхан дурсамж ярьдаг юм. 1988 онд намайг 8 дугаар ангид байхад “Спортын мэдээ” гэж сонин гардаг байсан юм. Тэр сонины нэгэн дугаарт зөндөө олон бөхийн зураг тавиад “Энэ бөхчүүдийн тухай мэдэх зүйлээ манай сонинд бичиж ирүүлнэ үү” гэсэн байсан. Тэдний дунд өвөөгийн зураг байж таарлаа. Тэгээд би аавтайгаа хамжиж, өвөөгийнхөө түүх, намтраас нь бичээд шуудангаар явуулсан. Бичсэн материалынхаа дор зээ хүү Г.Өсөхбаяр гээд бичиж байснаа мартдаггүй юм. 
Ээж минь номын санч. Тийм болохоор би багаасаа номын санд байнга суудаг, ном ч их уншдаг байлаа. Дунд сургуульд сурч байхдаа ер нь гайгүй сурлагатай, таван онцын эзэн болж байв. Миний хамгийн сонирхолтой хичээл математик. Сургуулийнхаа математикийн олимпиадын аварга болж байсан шүү.
 
ДҮРЭМТ ХУВЦАСТАЙ АХ, ЭГЧИЙГ ХАРААД Л ЦЭРГИЙН ХҮН БОЛНО ГЭЖ ШИЙДСЭН
Зэвсэгт хүчний ХЗЦК-ын АУХ-ийн Сургалтын ахлах офицер, хурандаа Ш.Гэрэлт-Од:
 
-Миний бага нас Төв аймгийн Угтаалцайдам суманд өнгөрсөн. Аав Г.Шаравнямбуу биеийн тамирын багш, ээж Л.Жавзан түүх, газар зүйн багш. Цаг наргүй багш нарын хүүхэд учраас гэр орноо цэвэрлэх, хоол ундаа хийх гээд тун завгүй. Гэхдээ их ажлын хажуугаар тоглох цагаа бол заавал гаргана шүү. Зун болохоор найзуудтайгаа хөл бөмбөг, сагс, гар бөмбөг, өвөл нь цана, чаргаар гулгана даа. Бага насны хөгтэй, хөгжилтэй дурсамж гэвэл нэгдүгээр ангид байхдаа цэцэрлэгийн хүүхдүүдийн шинэ жилд өвлийн өвгөн болох үүрэг авлаа. Тэгээд хүүхдүүдээ дуудаж, бэлгээ тарааж дуусчихаад, өвлийн өвгөний таягаа өшиглөж, өөрөө тоглоод байсан тухай аав, ээж маань шоолж ирээд л ярьдагсан. 
Манай сум үр тарианы сангийн аж ахуйтай байсан болохоор намартаа алтан шаргал тариа халиурч, ачааны машин зөрөлдсөн их хөдөлмөрийн талбар байлаа. Тэр үед ангиараа намрын их ажилд дайчлагдана. Тариа ногоо хурааж, өвөлжөөнд бууц цэвэрлэх ажилд их томилогдоно оо. Эргээд санахад хүүхэд байхдаа учиргүй дэггүйтэж, аав ээжийнхээ чихнээс хонх уяж яваагүй юм билээ. Найз нөхөд олонтой, тоглох, ажиллахыг хослуулж л явжээ. Намрын ажилд дайчлагдаж байх үед манай суманд барилгын цэргийн анги байгуулагдахаар болдог юм байна. Тэгээд цэргийн дүрэмт хувцастай ах, эгч нарыг манай суманд ирэхийг хараад “Цэргийн хүн болно, энэ хувцсыг нь заавал өмсөнө” гэж мөрөөдсөн маань өнөөдөр биеллээ олж, бүр хурандаа хэмээх эрхэм цолыг хүртсэндээ баяртай байна. Хүн сайхан зүйл мөрөөдөж, түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргавал амжилтад хүрдэг шүү гэдгийг дүү нартаа захиж хэлье.
 
МАШИН ЗАСАХ ДУРТАЙ ХҮҮХЭД БАЙЛАА
Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэм:
 
-Ярихад л өөрийн эрхгүй инээд хүрч, баяр баясгалан мэдрүүлдэг дурсамж нь хүүхэд насны минь гэнэн үе байдаг. Миний аав жолооч, ээж маань нягтлан бодогч байлаа. Би айлын том, хоёр эмэгтэй дүүтэй. Айлын том хүүхэд ямар жишгээр өсдөг билээ, тэр л жимээр гэр орноо цэвэрлэнэ, мод түлээгээ хагална, дүү нарынхаа хичээлийг давтуулна. Ээжийн яриагаар би бүр 5 настайдаа тусад орсон гэдэг. Миний хамгийн тод санаж байгаа дурсамж гэвэл аав маань Хэнтий аймгийн Батширээт сумаас түлээнд хэрэглэх гэж том, том гуалин авчирна. Түүнийг нь хагалж, бэлэн болгох нь миний ажил. Өдөржин л яртай модтой ноцолдож байснаа мартдаггүй юм. Тухайн үедээ дурамжхан, модоо хөрөөддөг байсан, одоо эргээд бодоход ямар ч сайхан байсан юм бэ дээ. 
Мэдээж аав маань жолооч учраас машиных нь кабинд нь явах дуртай, том болоод жолооч болно гэж мөрөөддөг байж билээ. Машин техникт үнэхээр сонирхолтой. Намайг 8 дугаар ангид байхад манайх “ЗиЛ-130”, “УАЗ-469” гээд нэлээд хуучирсан, чадал нь муудсан хоёр машинтай байсан юм. Аав арай гайгүйг нь унаад гарна. Тэр хойгуур нь нөгөө машиных нь учрыг ч олно доо. Эвдэрсэн машин засах дуртай гэж жигтэйхэн. Үеийнхэн маань бөмбөг өшиглөж, барилдаж, ноцолдож байхад би гэдэг нөхөр машинтайгаа ноцолдох гээд гэр рүүгээ харайчихна. Эхэндээ ч засах гэж эвдлээд дуусгасан ч аав маань зэмлээгүй. Ийм учиртай гэж зааж сургасны ачаар 10 дугаар анги төгсөхдөө хоёр машиныхаа бүх эд ангийг задлаад үзчихсэн, “УАЗ-469”-ийн мотор боочихдог болсон юм. Ингээд машины хоббитой болоод ч тэр үү, ЦИС-ийн авто инженерийн ангид орно гээд хичээлдээ шамдаж байсан ч тэр жил манай аймагт энэ хуваарь нь ирээгүй. Аймгийн Цэргийн штабын дарга байсан хурандаа Ухнаа ах “Хүү минь цэргийн инженерийн ангид ор. Адилхан техниктэй харьцана” гэж зөвлөснийх нь дагуу ЦИС-ийн Цэргийн инженерийн ангид элсэн суралцаж, өнөөдрийг хүртэл энэ сайхан мэргэжлээрээ ажиллах боломж гарсан. Энэ бүхнийг эргээд санахад аав маань намайг жолооч биш инженер болгохоор бэлтгэж байж дээ гэж боддог юм. Ямар сайндаа аавын найзууд “Чиний машин муудсан байна. Даргад хэлээд машинаа сольчих” гэхээр “Энэ хоёр муудсан ч гэсэн эзэндээ ээлтэй, болоод л байна. Манай хүүд ч хэрэгтэй. Техниктэй ажиллаж сурах нь чухал” гэдэг байсан нь санаанаас гардаггүй юм. Өнөөдөр аав, ээжээсээ өвлөж авсан хүмүүжлээрээ олонтойгоо нийцтэй явахын төлөө, тусламж хэрэгтэй нэгэнд нь туслахын төлөө, дарга нарынхаа итгэлийг нь зүтгэлээр хариулахын төлөө хичээж явна. Энэ боломжийг ашиглаж Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчдын баяр баясгалан, аз жаргал болсон нийт хүүхдүүддээ баярын мэнд хүргэж, элэг бүтэн, сэтгэл тэнэгэр явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
ХҮҮХЭД НАС МИНЬ ОДОО Ч ХЭВЭЭРЭЭ
ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Д.Тунгалаг:
 
-Хүн бүрийн хүүхэд нас хамгийн гэгээн үе байдаг. Юунд ч санаа зовохгүй, хүссэнээрээ. Миний хүүхэд ахуйн дурсамж аав, ээж, өвөө, эмээ, ах, эгч, дүү гээд ойр дотны маань олон хүмүүстэй холбоотой. Мэдээж хүн бүрийнх тийм байх. Миний аав Завхан, ээж Хэнтий аймгийнх. Тэд маань Багануур дүүргийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн. Би ч 5 нас хүртлээ Завхан аймагт өвөө, эмээгийндээ, малын захад өссөн л дөө. Тэгээд 5 нас хүрдэг жил гэртээ анх ирээд учиргүй их гайхаж байсан. Ялангуяа, тэр олон шатаар өгсөөд дээш алхахад их сонин мэдрэмж төрж билээ. Хөдөө хурга, ишигтэй тоглож өссөн хүүхдэд том том байшингууд, өндөр шат сонин санагдсан. Ингээд л хөдөөний Тунгаа хотын охин болж, 24 цагийн цэцэрлэгт явдаг юм байна. Аав, ээжийг ажилтай үед дүү нараа харна. Тэгсэн нэг өдөр манай нэг дүү “Эгч ээ, хоёулаа энэ зурагтны ар талыг нээж үзье. Дотор нь жижиг хүмүүс байдаг юм” гээд зурагтны ар талыг эвдэж, ээждээ загнуулж байснаа одоо дурсахад сайхан байна. Миний санаанаас гардаггүй өөр нэг дурсамж гэвэл 1 дүгээр ангид орсон тэр үе. 1986 онд аав, ээжийнхээ гараас хөтлөөд гүйж явсан тэр үе дэндүү сайхан. “Миний охин айлын том. Чи онц сурч байж, дүү нар нь чамайг дуурайна. Онц сураарай” гэсэн аав, ээжийнхээ захиасыг нь биелүүлэхийн төлөө маш их хичээсэн. Тэр жимээрээ ч 10 дугаар ангиа алтан медальтай төгсч, хайртай бүхнээ баярлуулж байсан маань миний хувьд хамгийн үнэ цэнэтэй үе. 
Хэдий аав, ээжийн үгнээс гардаггүй хүүхэд байсан ч хааяа нэг сахилгагүйтэж, суран бүсний амтыг үзнэ ээ. Гэрийн даалгавраа хийгээгүй, дүү нарынхаа хичээлийг давтуулаагүй, гэрээ цэвэрлээгүй бол гадаа тоглох эрхгүй. Тэр үед охидын тоглодог дээсийг бол залуусын хэлдгээр үнэндээ хашраана шүү дээ. Бага насны дурсамжийн бас нэг хэсэг нь “А” үсгээс эхлээд амьдралын минь анхны босгыг тавьж өгсөн ачит сайхан багш нар юм. Багш нарынхаа магтаалд урамшиж, авьяастай, сурлага сайтай, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн энгийн л нэг хүүхэд байлаа. Магтаалд урамшиж, улам ихийг хийх гэсэн тэр зан одоо ч хэвээрээ.
 
 
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин