sonin.mn
Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас тэдэнд хандсан татварын бодлогыг уян хатан, боловсронгуй болгох талаар үе үеийн Засгийн газар анхаарч ирсэн байна. Энэ удаа татварын зарим хууль, тухайлбал НӨАТ-ын тухай хуулийн дотор багтдаг органик 20-оод хуульд өөрчлөлт оруулахаар шинэчлэн боловсруулж, олон нийт, үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн холбоод, судлаачдаар хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай юм. Хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш олон удаагийн уулзалт, зөвлөгөөн болж, Сангийн яаманд албан болон албан бус байдлаар 6000 гаруй санал ирсэн байна. Тэдгээрийг нэгтгэн дүгнэвэл, ерөнхийдөө татварын орчин тогтвортой, ойлгомжтой байхыг хүсч байгаа тухай албаны эх сурвалж хэлж байгаа юм. Тухайлбал, 2018 оны улсын төсвийг батлахтай холбогдуулан өнгөрсөн онд нэлээд хэдэн хуульд өөрчлөлт оруулжээ. Түүний дотор Газрын харилцааны тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалт дээр ойлгомжгүй байдал үүссэн гэж үздэг. “Тусгай зөвшөөрөлтэй боловч Монголоос гадна байгаа компанийн хувьцаанд өөрчлөлт гарвал 30 хувийн татвар авна” гэсэн заалт шинээр оруулсан ч үүнийг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Энэ нь нэг талаар лицензийн наймааг хумих зөв бодлого боловч гаднын хөрөнгө оруулагч, ашигт малтмалын орд газрын хайгуул хийгчдэд тээг саад болж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.. Манай улсын экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэгө, ДНБ-ий 80 гаруй хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбар, түүнд хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад болгоомжтой, нааштай хандахыг дотоодын компаниуд ч хүсч байгаагаа илэрхийлдэг. Өнгөрсөн жил манай улсын эдийн засаг 5.4 хувиар өсөхөд гадна дотнын нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Юуны өмнө ОУВС-гаас хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг дурдах ёстой. Мөн олон улсын зах зээлд алт, зэс, нүүрс, цайр зэрэг экспортын голлох бүтээгдэхүүний үнэ ханш нааштай эерэг байлаа. Өнгөрсөн таван жилийн хугацаанд байгаагүй өндөр ханштай байгааг зах зээлийн шинжээчид хэлж байна. Гэвч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ татаж чангааж явдаг томоохон төсөл, хөтөлбөрүүдээ он удаан жил царцанги байлгах, бодлогын алдаа гаргах нь зөвхөн үйлдвэрлэгчид төдийгүй улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлдгийг уул уурхайн салбарынхан байнга анхааруулж байдаг. Тухайлбал, 2006 онд алт, зэсийн онцгой буюу 68 хувийн татварыг гэнэт гаргаж ирснээр Монголбанкны алтны худалдан авалт эрс багасч, “сүүдрийн эдийн засаг” хөгжих нөхцөлийг бүрдүүлж байлаа. Мөн 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг стратегийн ач холбогдол бүхий салбарт хязгаарлаж, зохицуулах агуулгатай хуулийг баталсан. Үүний уршгаар 2012-2017 оны хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс багасч, бараг зогсонги байдалд орж байлаа. Энэ хугацаанд уул уурхайн салбарын хөгжил урагшилж, эрчим хүчний шинэчлэлтэй холбогдон, стратегийн ач холбогдолтой эрдэс баялгийн төрөл зүйл ч өөрчлөгдсөн байна. Гэтэл бид нөгөө л нүүрс, зэс, цайр, жоншоо ярьсаар байдаг тухай шүүмжлэл өрнөж байдаг. Тийм болохоор эдийн засгаа нэг тулгуурт, хараат байдлаас ангижруулж, олон тулгууртай болгож солонгоруулахад татварын бодлого, орчин чухал болж байна. Ялангуяа дэд бүтцийн салбарыг онцгой анхаарах нь чухал. Энд ганцхан жишээ хэлэхэд, орчин үеийн мөнгө санхүүгийн нэг хэлбэр биткойныг Монголд хөгжүүлэх талаар гаднын хөрөнгө оруулагчид санал тавьж, манай эрчим хүчний хангамж, сүлжээний хүчин чадлыг судалж үзээд дээрх бизнест хөрөнгө оруулахаас татгалзсан гэдэг. Тиймээс голлох суурь нөхцөл дэд бүтцээ юуны өмнө өөд татах, үүний тулд гадаадын хөрөнгө оруулалтыг авах нь зайлшгүй. Яг үнэндээ манай улсад мал аж ахуйгаас бусад салбарт гаднын хөрөнгө санхүүжилт татахгүйгээр хөдлөх боломж алга. Энэ нь эргээд татварын орчин, хувь хэмжээ, хөнгөлөлт чөлөөлөлт зэрэгтэй уялдаж таарна. Дэлхийн улс орнууд өөр өөрийн эдийн засагт тохирсон, тодорхой өгөөжийг бүрдүүлж байдаг бичигдээгүй хуультай байх аж. Монгол Улсын Засгийн газраас төгрөгөөр гаргаж буй бонд өнөөдөр 10-13 хувийн өгөөж өгдөг нь хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл юм. Харин Япон, АНУ-ын энэ төрлийн бонд ердөө 2-3 хувийн өгөөжтэй байдаг гэнэ.
Энэ үүднээс харвал Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар тийм ч муугүй болох нь тодорхой. Гэвч аль салбарт, хэнтэй өрсөлдөхөө сайтар тунгааж ойлгох хэрэгтэй гэж уул уурхайн салбарын мэргэжилтнүүд сануулж байна. Тухайлбал, манай улсын экспортын голлох салбарын нэг уул уурхайн хайгуулын хоёрхон төсөл Канадын Торонто хотноо болсон олон улсын үзэсгэлэнд танилцуулагдаж байхад зарим улс орон 6000 хүртэл хайгуул, олборлолтын төслөө бариад оччихсон байсныг нэг танил маань хэлж байлаа. Тэгэхээр олон мянган жилийн түүхтэй уул уурхайн өртөг өндөртэй салбарт хөрөнгө оруулах уу, Америкт шинэ тутам хөгжиж эхэлсэн хар тамхи /мариухан/-ны тариалалтад гаднынхан санхүүжилт хийх үү гэдгийг эргэцүүлэх цаг болжээ. Энэ нь мөн л татварын орчинтой, таатай таагүй нөхцөлтэй холбогдохоос гадна аль салбарт санхүүжилтийн өртөг өндөр байх эсэхээс шалтгаалах юм. Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчний 50 МВт-ын станц байгуулахад хилийн чанадад барихаас 30-35 хувиар илүү хөрөнгө шаарддаг гэж салбарын мэргэжилтнүүд тооцоолсон байна. Одоогоос 10 жилийн дараа манай улсын ДНБ-ий 30 гаруй хувийг уул уурхай, бусдыг нь өөр салбарууд бүрдүүлдэг болох магадлалтайг нэгэн эдийн засагч төсөөлсөн байна билээ. Тэдгээр нь ямар салбар байх нь төдий л хамааралгүй боловч эдийн засаг солонгорсон, олон тулгуурт болгохын тулд татварын тухай багц хуульд нааштай, уян хатан өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байсаар байна.
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин