sonin.mn

Монголчууд бид Чингис хаанаараа бахархан омогшиж, хаана ч явсан Чингисийн монгол хэмээн цээжээ дэлддэг, үүх түүхээрээ бардамнан бахархаж явдаг ард түмэн билээ. Тэр тусмаа Хэнтийчүүд бид төрж өссөн ариун дагшин газар шорооных нь унаган эзэд, унасан үр удам нь болохоор бахархахаас өөр яах ч билээ?

 


Дэлхийн хоёрдугаар мянганы суут хүн төдийгүй, төр улсын цоо шинэ зохион байгуулалтыг дэлхийд тунхаглаж, бөмбөрцөгийн тал илүүг эзэгнэн нэгтгэж явсан түүний алдар суу мөнх юм. Унасан газар, угаасан ус нь амгалан байх ёстой. Түүний энэ их суу билигийг хайрладаг шигээ түүний үе удам, үр сад, ард түмэн нь бас мөнх байх ёстой юм.

 

Есөн зууны тэртээх их өвгийнхөө үүх түүхийг хэрвээ мэддэггүй, хайрлан хамгаалдаггүй хүн байвал өөрийгөө монгол биш гэж бодох хэрэгтэй. Хөгжил дэвшил зуун дамнасан энэ эринд Чингис хааныг дэлхий нийтээрээ бишрэн хүндэтгэж, хаа сайгүй их хүний алдар гавъяанаас булаалдан өөрийн болгох гэсэн санаа өвөрлөх улс үндэстэн элбэг байна.

 

Ийм нэгэн цагт түүний “Хөх” Монголыг гадныхан зөвхөн “Оюу толгой”-гоор нь, Mongolia биш Minegolio” гэх нэршилээр нь танимхайрч байгалийн баялаг руу нь шунан тэмүүлж, Их хаанаар нь мэдэх харийнхан үүх түүхийн арвин баялаг сангаас нь өмчлөх гэж зүтгэж байна. Гэтэл Монголчууд өнөөдөр их хаан маань 11-р сарын 14-нд төрсөн, тэр өдөр бүх нийтээрээ амарна гэсэн гэхээс өөр хэлэх зүйлгүй сууж байгаа нь туйлын хачирхалтай.

 

Яриад байгаа тэр өдөр судрыг нь Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтооё хэмээн ШУА-аас ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санаачлага гаргаж, төсөл өргөн барьснаар энэ онд УИХ, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хуулийн төсөл батлагдаж нэлээд ажил болгосны эцэст олон эрдэмтэн судлаачид, мэргэдийн судалгаа шинжилгээ, эрэл хаигуулын ажлын үр дүнд билгийн тооллоор 11-р сарын 14-ний өдрийг Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тогтож, "Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр амарч байхаар болж, 2012 онд бүтэн жилийн турш тэмдэглэн өнгөрүүлнэ хэмээн зарласан аж.

 

Гэвч ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх нь өнөө болтол тодорхойгүй явсаар улс төр, сонгуулиар нэвт амьсгалсан нэгэн он дуусч байгаа нь харамсалтай. Биднийг ийм нүдэн балай, чихэн дүлий явах зуур Өвөрмонголд Чингис хааныг Ордост төрсөн хэмээх хүчтэй сурталчилгаа аль хэдийнэ хийгдэж, гадаадын сая сая жуулчдыг татсан мэдээлэл саяхан сайтуудаар цацагдаж олон монгол хүний сэтгэлийг өвтгөж байлаа.

 

Цаашлавал ойрын жилүүдэд үндэсний өв соёлын үнэт дурсгал болох хөөмий, уран нугаралт, морин хуур, монгол дээлээ хүртэл Хятад улсад алдчихаад олон монгол хүн хөмхий зууж байлаа. Гэтэл өнөөдөр арай ядан тогтоож байгаа хөдлөшгүй баримтгай, ганц хааныхаа 850 жилийн ойг тэмдэглэж чадахгүй, бас төрсөн газрыг нь ч булаалгах дөхөж байгаа нь юуг хэлэв.

 

Хэлээ цуцтал яриад байгаа үндэсний үзэл, үндэсний бахархал хаачив. Хэрлэнгийн хөдөө арал. Цонжин  болдог, саарал ордны үүдэн дэхь унтаа Чингисийн хүрэл хөшөөнөөс өөр түүнийх гээд хүний нүүр тахлах шальтай юмгүй ядарсан ард түмэн бидэнд харийн хүмүүс ингэж хандахаас ч өөр яах билээ. Ар Монголчууд биднийг бодвол Хятадын муж улс болсон Өвөрмонголчууд Чингис хааны дурсгалд зориулан их ч юм хийж бүтээжээ.

 

Тэд өмчлөхөөс ч яах вэ, үр сад нь мөн юм чинь, ийм сэтгэлгүй хүмүүсээс өвөг хаанаа харамлан хайрлалгүй яах вэ дээ. Нөхцөл байдал, бодит дүр зураг ийм байгааг хээвнэг харж суугаа монгол төрийн түшээд нь хөдлөж чаддаггүй юм бол төрж өссөн өлгий нутаг Хан Хэнтийн ард түмэн нь ядаж төрж өссөн Хан Хэнтий нутагтаа Чингис  хааныхаа дурсгалыг мөнхжүүлэх тал дээр жаахан ч гэсэн шинэ зүйл хиймээр байгааг захын хүн хэлнэ.

 

Хэнтийчүүд бидний хувьд гурван суутны агуа их бахархалтай ард түмэн. Их эзэн Чингис хаан, билиг танхай яруу найрагч, Ренчиний Чойном, Монгол төрийн наадамд завсаргүй 12 удаа түрүүлсэн Монгол улсын далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ нараараа Хан Хэнтийнхэн бахархан омогшдог, хайрлан хүндэтгэж явдаг. Энэ суутнуудынхаа төлөө бид тэгвэл юуг хийж бүтээсэн юм бэ?

 

Ам булаалдан ярьж, өөрсдийгөө дэмий хөөргөн чалчсаар явтал аль хэдийнэ цөөхөн хэдхэн суутнуудыг минь, өв уламжлал, эд баялагтай нь хамт гадныхан өмчирхөж, тэдний нэрээр хоолоо олж идэж , захаас нь харх шиг мэрээд эхэлчихсэн байгааг харах нүд байна уу. Бодох юм их бий гэдэг шиг тунгаан  санаж, төлөвлөн бүтээх зүйлс өч төчнөөн байхад яагаад хэн ч зүрхэлж дуугарахгүй, зориглож хөдлөхгүй байгаа нь гайхалтай. “Монгол бахархал” гэдэг чинь хаана байна вэ?


Д.Бат-Эрдэнэ
Эх сурвалж: “Хэнтийн Мэдээ”