sonin.mn
Дээд Тэнгэр ханы ахуй хийгээд
Дэлхий дэхь хан богдосын аху газар
Дээр доорын ялгал болбаас бээр
Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй
Цогт Хунтайж (1581-1637)
 
Мөхөс хүмүн би бага балчир ахуйдаа Цогт Тайж кинон дээр гарах тэрхүү баатарлаг сэцэн хунтайж эгэл ардын дунд нигууртаа мүшиэл тодруулан уулзаж учрах ба цогин давхих хуягт морин дэл дээр хөө хуяг, зүрхэн тольт, ган дуулга, хоромсог саадаг, махир сэлэм, саран дүгрэг бамбай бүгдийг жимбийтэл агсаж, догшин бүргэдийн дэвэх мэт дэрвүүлсэн нөмрөгтэй, хар нүд халтирах үгүй зоригт баатрууд, ордон сургуульд номт хувцад соёрхсон бичгийн мэргэд бийр, янтай барьж, үзэсгэлэнт ном судар дэлгэн эрдэмд шамдах шавь сурагчдад нэн гайхамшигт сургууль айлдах, сайхан сэтгэлт цэцэгчин өвгөн ордны цэцэгсийг арчлан эртний шүлэг, дуулал уншин ган болд мэт баатар хүмүний сэтгэлийг ч уяраан хайлуулах, хатан зоригт Чин Тайху хатун бээр эхийн хайр, төрийн ёс, эрдэм соёлыг амьтайгаа хатангатган сүүлчийн амьсгал хүртлээ лагшин бие нь нугаралгүй зогсох, хөгжмийн чуулга бээр үлгэр домгийн яруу сайхан аялгууг эгшиглүүлэх тэргүүтэй гайхамшигт үзэгдлийг зүрхний угаас бишрэн бишрэн үзэж байснаа санаж үе үе сэтгэлийн гүнд хайр энэрэл, харуусал гуниг, хатан зоригийн мэдрэмж болон төрдөг юм.
Нэгэн цагт миний эцэг над дор миний хүү бичиг соёлд сурч эрдэм номд боловсроод Цогт Хунтайжийн дурсгалт газраар золгож гэрэлт хөшөөний бичгийг уншаарай! Бас Дуутын хадны бичигт мөргөн адис авч уншваас хэл, бичгийн эрдэм дор мэргэн болдог гэнэ лээ шүү гэж сайцуул хэлдэг юм хэмээн захисан юм. Учир тиймээс Хунтайжийн тухай түүх ном шастирт түүний алдаа, оноо тэргүүтэн гарах бүрийд илүүтэй анхааран уншиж, бас ч түүнтэй холбоотой нэгэн бяцхан болоод нууцлаг түүх харж байсан агаад үе үе Дуутын хадны шүлгээр сэтгэлээ тэжээж байдаг билээ.
Тийн байтал нэгэн өдөр энэ цагийн "дуун хөрвүүлэгч" их бичгийн хүмүн Го. Аким багш бээр мөхөс над дор утас цохиж ийн; ринбүчи хүү! Өвгөн багшдаа Цогтын Цагаан Балгаст байгаа гэрэлт хөшөөний Төвд шүлгийг орчуулж өг! Бас Монгол шүлэгтэйгээ адил буй эсэхийг нягтлаад ир! Хэмээн зарлиг буулгасанд мөхөс би энэ бол "цагийн дуудлага" буй за хэмээн ихэд баясаад хэдэн шавь нарын хамт 2015 оны зургаадугаар сарын билэгт сайн өдөр отог болж явах бэлтгэлээ нэн түргэн базаагаад зорьсон газраа хөлгийн жолоо залж саадгүй явсаар Очирт Хангайн Мааньтийн хөтлөөр давж очиход нүдний өмнө гэнэт гарч ирсэн үзэгдэлд зог тусан жолоогоо татаж буугаад тэрхүү үлгэр домгийн мэт үзэсгэлэнтэй бөгөөд хуур татан тууль хайлах мэт уулс хангайн энгэр, урсгал голын хажууд байх Монголын Алтан ургийн эртний эрдэмтэн баатар Цогт Хунтайжийн Цагаан Балгасны туурь урин дуудаж уулзахыг хүсэн хэдэн зуун жил гуниг харуусал, үүх түүхийг тээн сууж буй өвгөн буурал мэт санагдаж өөрийн эрхгүй элэг таталзаж хоёр нүдний нулимс сул асгарсныг нуух юун.
Тэндээс хунтайжийн балгасанд бараалхаж мөргөл эргэл хийж, идээ дээж өргөж, адис аваад шууд л эцгийн захиас, багшийн зарлигийг дагаж баруухан талд байх бяцхан өндөрлөг дээр наран мандах зүгт хандуулан босгосон гэрэлт хөшөөнд мөргөж адис авч захиа, зарлиг хоёрыг биелүүлж чадахуйд хүчин мөхөсдөж магадгүй хэмээн аюуж Лам багш нар болон оюун билгийн бурхан Манзушир хийгээд хэл соёлын бурхан Сарасвади эх дор залбиран магтаалыг нь уншиж залбираад эрдэмд шамдангуй нэг шавиа авч бусдадаа хойдхон орших Зүрхэн Халдуны энгэрт нь отогоо буулгаж манж, цаваа бэлтгэ гэж тушаагаад ханцуй шамлаж гэрэлт хөшөөний Төвд бичигт цагаан гурил үрж түрхэж үзтэл сайхан дурайтал уншигдаж байна. Үүнд сэтгэл уужирч үзэг, цаас аваад сууж байтал хоёр морьтон ирээд мэнд мэдээд, лам багшаа бид хоёр хэдэн адуу хайж явна үзэж өгнө үү? гэнэ. Тэр хоёроос нутаг ус, нэрсийг нь асуухад баруун аймгаас Булганы Баян Нуур суманд нүүж ирсэн дөрвөд хүмүүс, нэгийг нь Даваа, нөгөөг нь Хорхой гэнэ. Үл ялиг гайхаж нөгөө эрийг таны нэр Хорхой биш Хоргой байлгүйдээ гэхэд үгүй ээ гээд газарт явах хорхойг зааж Хорхой гээд инээж байна. Түүнд үүнээс хойш өөрийнхөө нэрийг миний хэлснээр хоргой торгоны хоргойгоор Хоргой гэж нэрлэж яв гээд дотор бодолд эрт энэ газар нэгэнтээ эрдэм соёл наран мэт мандаж байсан боловч эдүгээ Даваа гэх энэ хүний нэр нь Монголчилбол саран гэх тул эрдэм соёл хав харанхуй болчхоогүй балгас болон гэрэлт хөшөө, энд суух малчин ардын хүүрнэх түүх, домог тэргүүтэн бүгд сарны гэрэл мэт буй. Аа бас энэхүү гайхамшигт эрдэм соёлын балгадыг сүйтгэн нурааж шатаасан хүмүүс нь тэр цагын Ойрдууд, тиймийн тул энэ Хорхой гэх нэрийн утга мэт дорой авч эл газарт буй газар орны сахиулсад болон балгадтайгаа хамт егүүтэн төрөл авалгүй эндээ гуниг харуусал тээх олон төрөлхийтэн амирлахуйн шалтгаан болж хоргой торго мэт сүнс сэтгэл нь уужраасай хэмээн бодон сууж байтал балгасны зүүн урдхан байх гэрийн гадаа манаач болтой нэгэн хүмүн биднийг ирэхээс аваад дурандаж ажиглаж байснаа мориндоо мордож жаал хүүгээ эмээл дээрээ суулгаж өөрөө ард нь сундлаад ирж буун мэнд айлтган танилцав. Тэр хүн хүүтэйгээ нар салхинд борлосон, бөх гэмээр булчин шөрмөстэй ба үг цөөтөй тун няхуур, хашир хүн харагдаж байв.
Анхандаа бидэнд талгүй мэт байвч намайг гэрэлт хөшөөний бичгийг уншиж өгөхөд нүдэнд нь баяр тодорч ихэд дотносон чих тавин сонсож байна.
Хунтайжийн баатарлаг цэрэг эрсийн хойчис болох эл харуулын цэргийн эцгийг Дамдины Чойдор (1914-2012) гуай хэмээмүй. Тэр бээр бага залуудаа балгасны урдхан бяцхан сүмтэй байсан Эрдэнэ хамба хэмээх эрдэмт багшийн лам шавь байгаад хурал хаагдаж цэрэгт яваад 1945 онд Чөлөөлөх дайнд тулалдаж байсан бөгөөд Цэргийн гавьяаны улаан тугийн одон тэргүүтэй олон медалиар шагнуулж байж. Цэргээс халагдаж ирээд мөн л өвөг дээдсийнхээ ёсоор бүхий л амьдралынхаа туршид балгасаа манасан бөгөөд домогт Б. Ренчин гуай алдарт "Цогт Тайж" кино зохиолоо тэнд морилж Чойдор гуайтай нөхөрлөн тухайн орон нутгийн мэргэн ардуудын түүх домог, аман хууч, газар орны дурсгалтай танилцан , бас мэдэрч байж бичэн соёрхсон хэмээдэг.
Чойдор гуай тухайн үеийн Гадаад Явдалын Яамныхантай нөхөрлөж яамны зоогонд хэрэглэдэг мал сүргийг малладаг байж. 1990 онд Чойдор гуай лам дээлээ өмсөж орхимжоо орхиод балгасандаа өөрийн мэдэх ном судраа уншсаар таалал болохын урд хүүдээсээ нэгийг сонгож балгасны манаач болохыг гэрээсэлсэн нь эдүгээ Түвдэнданба хэмээх энэ эр бөлгөө. Түүний мориндоо сундалж ирсэн "Гурван Настай Гунан Улаан Баатарыг" Түвдэндорж хэмээмүй. Тэднийг төр засагч юм уу хэн нэгэн бээр мана гэж тушаасангүй, гуйсангүй ба бас харуул манаа хийлээ гэж шан харамж, цалин пүнлүү ч өгсөнгүй. Тэд ч хэнээс ч шан харамж, гавьяа шагнал тоосны төдий ч санаж явсангүй. Тэд Хунтайжийн зарлиг захиасаар ч юм уу эсвэл аль нэгэн гайхамшигт хүчин зүйлээр хэдэн зуун жил буюу Цагаан Балгад 1601-1617 онд баригдаад түүнээс хойш эдүгээ 2018 он болтол 401 жилийн турш олон үеэрээ мандах, буурахад манасаар иржээ.
Бас тэнд нэгэн өвгөн ач хүүтэйгээ морьтой ирж буусныг ажваас хүүгийн морь барс мэт эрээн хөлтэй буюу барсын шинжтэй хөлөг хөлөглөсөн, ахмадыг Цэдэв буюу орчуулбаас Насны Бүтээл, нүдээ цавчих үгүй биднийг ширтэх тэр хүүг Сүхбат хэмээнэ. Замд таарсан Чулуунцэцэг эгч хоёр ачтайгаа, суман дээр миний машинаас адис аван золгосон сумын их эмч Соёлмаа эгч, сувилагч Алтангэрэл гээд яагаад ч юм тэнд учирсан бүхий л хүмүүс болон уул, уснаас аваад туурьны чулуу, эвдэрхий тоосго хүртэл сэтгэлд гүн мэдрэмж төрүүлж өөрийн эрхгүй олон зүйл бодогдуулж байв.
Ингээд гэрэлт хөшөөний Төвд шүлгийг орчуулснаа өчүүхэн тайлбар сэлтийн хамт толилуулбаас ийн;
Арга дор мэргэн нигүүлслээр Шагжагийн язгуур дор мэндлээд
Аливаа бусад бээр үл чадах зэтгэрийн өмгийг дарсан
Алтан сүмбэр уул адил сүр жавхлант лагшинт
Агуу Шагжагийн хааны өлмий дор бишрэн мөргөмүй!
Тайлбар 1. Эхний дөрвөн шад нь эл шүлгийн мөргөлийн шүлэг бөгөөд нэгдүгээр шад нь Будда-г манай Замбуутивийн анхны хаан МанбоиГүрва буюу Олноо Өргөгдсөн хааны язгуур болох Шагжагийн язгуурт орчлонгийн амьтанд дээдийн номоор туслахуйн аргад мэргэн бөгөөд нигүүлсэхүй сэтгэлээр морилж мэндэлсэн хэмээх утгыг илэрхийлсэн. Хоёрдугаар шаданд бусад шашин номлолтон бээр үл чадах сэтгэлийн дайн буюу нисваанисын түйтгэр болон ухааны түйтгэр хоёрыг дарсан тухай. Гутгаар шаданд Бурхан багшийн гучин хоёр лагшин, наян найраг бүрдсэн "дээд хувилгаан лагшин" - ыг магтсан. Дөтгөөр шаданд Бурхан багшийн өлмийд сүсэг бишрэлээр мөргөн буйг дүрслэжээ.
Язгуурын орны ном бүхнийг тольдохуйн уужим мэлмийт
Ямагт Чадагчийн шашныг тодорхойлон зохиохуйн нигүүлсэхүйт
Ялгуун Цастын орны мэргэд хийгээд бүтээлчдийн гагц чимэг
Ялгамж гайхамшигт хувилгаан дүр дор залбирмуй
Тайлбар 2. Энэ залбирлын шүлэгт Хунтайжийн номын багш бээр Гармаба урсгалын лам агаад тэрхүү шашны эзэн Их дуун хөрвүүлэгч Марба лозава (1012-1097) болон өөрийн номын багш тэргүүтнийг магтан залбирсан мэт бөгөөд үүнд эхний шаданд юмс үзэгдэл бүхний мөн чанарыг харж чадах билиг оюунт. Хоёрдахь шаданд Бурханы шашныг гэрэл мэт тодорхой болгогч агаад их нигүүлсэнгүй сэтгэлт. Гутгаарт Цаст уулсаар хүрээлсэн Төвдийн оронд судар, тарнийг сонсох, санах, бясалгах гурав болон номлох, зохиох, тэмцэх гурваар бүтээгч ба бясалгалаар сэтгэлдээ ном бүтээгчдийн оройн дээд чимэг болсон. Дөтгөөрт эгэл бусдаас нэн ялгамжаатай хувилгаан дүртэй түүнд алгаа хавсран залбирмуй хэмээжээ.
Дөрвөн дүр Дандарын аймгийн үндсэн сайтар болоод
Дөрвөн дүр цаглаш үгүйн навч дэлбээ арван зүгтээ дэлгэрэн
Дөрвөн дүр үйлсийн үр жимс сүндэрлэн бүтсэнээр
Дөрвөн тивийн дээд удирдагч их шидтэн багш ялгуусан
Тайлбар 3. Энэхүү дөрвөн шад магтаалын шүлэгт Цаст Төвдийн орноо Махамутар-ын шидийг олсон буюу нэгэн нас, нэгэн биеэрээ бурханы хутгыг олсон Хутагт Миларайба Богд (1052-1135) тэргүүтнийг магтсан мэт бөгөөд нэгдүгээр шаданд гарч буй дөрвөн дүр Дандарын аймаг хэмээх нь Тарнийн номын 1. Үйлийн Дандар, 2. Явдалын Дандар, 3. Ёогын Дандар, 4. Дээрээ үгүй Очирт Хөлгөний үндсэн номлолд сайтар боловсорсон. Хоёрдугаарт дөрвөн цаглаш үгүй эрдэм нь 1. Асрахуйн цаглаш үгүй, 2. Нигүүлсэхүйн цаглаш үгүй, 3. Баясахуйн цаглаш үгүй, 4. Тэгш оршихуйн цаглаш үгүй эдгээрийн эрдэм дөрвөн зүг, дөрвөн зовхис, дээд, доод нийт арван зүгтээ үзэсгэлэнт лянхуа цэцгийн навч дэлбээ мэт дэлгэрсэн. Гутгаар шаданд гарах дөрвөн дүр үйлс нь 1. Амарлингуй үйлс, 2.Дэлгэрэнгүй үйлс, 3. Эрх хүчний үйлс, 4. Хатуу үйлс бүхэн шүтэн барилдлага хийгээд эрдэм чадлаар Галбарваасан модны үр жимс мэт сүндэрлэн бүтсэн. Дөтгөөр шаданд гарч буй дөрвөн тив нь 1. Өмнөд Замбуутив, 2. Өрнөд Үхэр эдлэгч тив, 3. Умард Муу дуут тив, 4. Дорнод Их биет тив бүхэнд Дээдийн номоор удирдан чадах ба ертөнцийн шид хийгээд номын шид эзэмшсэн багш бээр ертөнц бүхнээс ялгуусан болой хэмээжээ.
Үлэш үгүй далай мэт ялгуусан нугууд бээр
Үнэн дээд номын хүрдэнг агуу ихээр машид эргүүлсэн орон
Үхэл үгүй Очирт суурины умард зүг
Үзтэл Төвд цастын газар орноо
Үнэнхүү Ялгуусны шашин үлэмж өргөжин дэлгэрмүй
Тэндээс зэрэгчилэн умард зүгийн орон газраа
Тэнсэш үгүй эрдэнийн шашин дэлгэрэх болмуй хэмээн
Тэмдэгтэйеэ Ялгуусан бээр ахин дахин эш үзүүлсэнчлэн
Тэнүүн уудам умард зүгийн энэхүү чандмань баригчийн хүйснээ
Тэгүүнчлэн Бурханы шашныг өргөжин дэлгэрүүлэхүйн тухай дор
Тэнгэрийн хөвгүүн Чингис хаан сайтар мэндлээд
Тэсэш үгүй хэрцгий догшин, номхотгохуйяа бэрх тоолшгүй амьтадыг
Тэргүүлэх хүчний үүднээс эрхэндээ хураан оруулвай.
Тайлбар 4. Энэхүү арван гурван шад шүлэг нь түүхийн шүлэг бөгөөд утга нь; Энэ Галбын хэмжээлш үгүй эрдмийн далай болсон мянган Бурханаас заларсан дөрөв. Ирээдүйд залрах болохуйн есөн зуун ерэн зургаан бурхад бээр үнэхээр дээд Дарма буюу Номын их хүрдэнг агуу ихээр машид эргүүлсэн хийгээд эргүүлэх орон нь Энэтхэгийн төв орны Важра Асана буюу Очирт Суурин мөн. Тэндээс хойд зүгт Цаст Гималайн хойно Төвд орноо үнэхээр Бурханы шашин маш ихэд дэлгэрнэ. Тэндээс дараалан хойд зүгийн газар орноо бас Бурханы эрдэнэ мэт шашин дэлгэрнэ хэмээн Бурхан Багш ирээдүйн бошго лүндэн ахин дахин үзүүлсэнчлэн Монголын тал нутаг буюу Хорчойнжүнд айлдсанчлан Монголын төв орон нь зүүн талдаа Монголын язгуурыг сахигч Бясман тэнгэрийн орон Хан Хэнтий, баруун талдаа Монголын язгуурын Ядам Бурхан Очирваанийн орон ОтгонТэнгэр хайрхан хоёр нь газар зүйн байршлаар эргэлдсэн баясгалант чандмань эрдэнэ мэт оршсон хэмээн айлдсаны хүйс буюу төв орноо Бурханы шашныг дэлгэрүүлэхийн тухайд Бадаргуу Цагаан Тэнгэрийн хөвгүүн болоод Умард Шамбалыг эрхшээсэн Очирваанийн хувилгаан Чингис Хаан сэтгэлчлэн Монгол орноо мэндэлж тухайн цаг үед манай дэлхий дээр арван найман их харгис хэрцгий тэрсүүдийн хаан гарч хүчир их хорлол гарах тул тэдгээрийг арал аймаг, улс гүрэнтэй нь номхотгон Төрийн ёсоор улсыг засч, Шашны ёсоор ардыг амирлуулах Хос ёсны аргаар Их хүчний хүрдэнг эргүүлэх хүчин буюу Загравардийн хүчээр тоолшгүй олон төрөлхтнийг эрхэндээ хураасан тухай Хорчойнжүн тэргүүтэй судар, шастирт тодорхой гардаг тухай шүлэглэн айлджээ.
 
Үргэлжлэл дараагийн дугаарт.
 
 
 
Зава Дамдин Ринбүчи