sonin.mn
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-нд улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Эхний өдөр “Монгол хэл, бичиг”, “Физик”-ийн хичээлээр шалгалт өгсөн бол өнөөдөр “Биологи”, “Математик”-ийн хичээлээр үргэлжилж байна. ЭЕШ хэрхэн явагдаж буй талаар БСШУСЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.
 
– ЭЕШ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Улсын хэмжээнд нийт хэдэн хүүхэд элсэлтийн шалгалт өгч байгаа вэ. Мөн хот, хөдөөд хэдэн шалгалтын төв ажиллаж байна вэ?
 
-ЭЕШ энэ сарын 16-ны 10:00 цагаас Монгол хэл бичгийн шалгалтаар  эхэлсэн. Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЭЕШ-нд бүртгүүлсэн бүх шалгуулагч  МХБШ-ыг өгнө. Энэ шалгалтын хувьд, энэ жил босго оноо тогтоогоогүй. Харин заавал өгсөн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хоёрдугаарт, энэ жил улсын хэмжээнд нийт 43846 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй 23 шалгуулагч шалгалт өгч байна. Эдгээр шалгуулагчдад тухай бүрт тохирсон системээр шалгалтыг авч байна. Нийт элсэгчдийг  49 шалгалтын байранд хуваарилан шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.  Үүнээс  хөдөө орон нутагт 22, нийслэлд 27 шалгалтын байр ажиллаж байна.
 
–Шалгалтын үеэр ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй гэдгийг шалгалтын комисст ажиллаж буй багш нар хэлж байсан.  Элсэгчдийн хувьд анхааруулах зүйл юу байна вэ. Бичиг баримтаа дутуу бүрдүүлэх, шалгалтын цагаас хоцрох асуудал гарч байна гэсэн?
 
-Шалгуулагчид тэр дундаа Улаанбаатар хотын элсэгчид замын түгжрэл, автозамын засвар зэрэг зүйлсийг сайн тооцоолон шалгалтын цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна. Шалгалтын байранд нэг цагийн өмнө, шалгалт эхлэхээс 10 минутын өмнө ирж, суудлаа эзэлсэн байх ёстой. Гэтэл элсэгчид маань шалгалтын цагаас хоцорч ирэх байдал нэлээд ажиглагдаж байна. Тиймээс эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ шалгалт, хувийн зохион байгуулалтад санаа тавьж өгөөсэй гэж хүсч байна.
 
–Бичиг баримтын бүрдүүлэлт тал дээр мэдээлэл өгөөч. Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээ зэргийг хаяж гээгдүүлсэн бол яах вэ?
 
-Элсэгчид шалгалтын байранд ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ. Хэрэв иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн бол ТҮЦ машины лавлагаа эсвэл бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан хуудас зэргээр орлуулж болно. Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээг хаяж гээгдүүлсэн бол нотариатаар баталгаажуулсан хуудас эсвэл Б маягтаар дүйцүүлж болно. БҮТ-ийн зүгээс шалгуулагчийг тухайн хүн мөн болохыг батлах бичиг баримтыг зайлшгүй шаардаж байгаа. Бусад тохиолдолд бичиг баримтны зөрчлөөс шалгалтанд оруулахгүй байх тохиолдол гарахгүй байгаа.
 
–Жил бүрийн элсэгчдэд шалгалтын талаарх мэдлэг мэдээлэл бас дутмаг байдаг. Шалгалтад авч орохыг хориглосон зүйлс, анхааруулах зүйлсийн талаар товчхон мэдээлэл өгөөч. Шалгалтын байранд эцэг, эхчүүдийн төлөөлөл орж байгаа юу?
 
-Шалгалтын байранд гар утас авч орохыг хориг­лож байгаа. Шал­гал­танд орохын өмнө элсэгчдийг шал­гаж оруулна.  Шал­галтын байранд сүлжээ унагаагч, металл илрүүлэгч байршуулсан. Мөн камержуулалт хийгдсэн байгаа. Мөн бүх ангиудад шалгалтанд ашиглагдах сонсох төхөөрөмж суурилуулсан. Шалгалт явагдаж байх хугацаанд хөндлөнгийн хүн орохгүй гэсэн журмын дагуу шалгалтын байранд эцэг, эхийн төлөөллийг оруулах боломжгүй байгаа.
 
 –Шалгалтын дүн оноо хэзээ гарах вэ. Зарим аймагт шалгалтын материалыг машинаар шууд засна гэж байсан. Энэ талаар?
 
-Шалгалтын дүн оноо 2018 оны долдугаар сарын 1-ний 09:00 цагаас www.eec.mn сайтад зарлагдана. Шалгуулагч өөрийн дүн оноог бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан үзэх боломжтой. 2019 оноос бүх шалгалтын байранд  ЭЕШ-ийг шууд засалтын системд нэвтрүүлэх бэлтгэл явагдаж байна. Энэ жил Ховд, Орхон аймагт энэ системийг туршилтын байдлаар нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр аймагт шалгалтын дараа шууд шалгуулагчийн анхны оноо гарна. Харин долдугаар сарын 1-нд нэгдсэн байдлаар хэмжээст оноо гарна.
Энэ жилийн хувьд,  математик, физик, нийгмийн ухаан болон англи хэлний хичээлийг нийт шалгуулагчлын 60-аас илүү хувь нь өгч байна. Хамгийн бага бүртгүүлсэн хичээл нь түүх, орос хэлний хичээл байна.
 
–Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйлийг онцолж асууя. Элсэлтийн шалгалтын хадгалалт хамгаалалт хэр найдвартай вэ гэдэгт элсэгчид, эцэг, эхчүүд, багш нар бүгд санаа тавьж байдаг. Мөн өмнөх жилүүдэд шалгалтын тест задарсан, задраагүй гэх хэл ам сошиалаар цацагдаж байсан?.
 
-Өмнөх жилүүдэд тодорхой хэмжээний ашиг олох зорилготой бүлэг хүмүүс шалгалтын материал болон хариултыг зарна гэх зэргээр худал мэдээллүүдийг явуулж байсныг бид цаг тухайд нь ЦЕГ-тай хамтран илрүүлж, хариуцлага тооцсон. Иймд нийт шалгуулагчиддаа худал мэдээлэлд автах­гүйгээр өөрсдийн мэдлэг, чадвараа үнэн зөв, боди­тоор үнэлүүлэхийг зөвлөж байна. ЭЕШ нь БҮТ-ийн хяналт, Цагдаагийн газрын кибер аюулгүй байдлын хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын хамгаалалт дор зохион байгууллагддаг. Тийм болохоор тест задрах ямар ч боломж байхгүй. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт 2006 оноос эхэлж зохион байгуулагдсан. Энэ хугацаанд тестийн нууц задарсан асуудал гарч байгаагүй.
 
Б.ТУУЛ, А.ПУНЦАГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин