sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл урлагийн газар, Дэлхийн Морин хуурын холбоо хамтран зохион байгуулж буй Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан энэ сарын 30-наас ирэх сарын 05-нд Улаанбаатар хотноо болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн Морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутам болдог “Морин хуурын олон улсын наадам” юм.
Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуур суралцагсад болон багш, судлаач, урлаач, хамтлаг, чуулга оролцсон байна.
Наадам, симпозиум, уралдааны уран сайхан, эрдэм судлалын цар хүрээ улам бүр өргөжиж монгол үндэсний морин хуур дэлхийн олон орны иргэдийн шимтэн суралцдаг, судлан шинжилдэг хөгжим болсоор байгаа нь улс орныхоо соёлын нэр хүндийг дэлхий дахинд ахиулахад чухал хувь нэмэр болж буйг зохион байгуулагчид хэллээ.
Наадмын хүрээнд морин хуур сонирхогчдын уралдаан, Мэргэжлийн хуур урлаачдын уралдаан, Гадаад оролцогчдын тоглолт, уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэн тус тус болох юм. Морин хуурын олон улсын VI наадмын нээлт энэ сарын 05-нд Улсын Филармонийн тайзнаа болно. Тоглолтын тасалбар нь 15 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг