sonin.mn
 
Өөрчлөгдсөн 40 жилийг Өвөрмонголоос сурвалжиллаа“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ-ын өөрчлөлт, шинэчлэлтийн 40 жилд бий болсон бүтээн байгуулалт, хөгжлийн үр дүнтэй танилцсан сурвалжлагыг үргэлжлүүлэн хүргэж байна.
 
ТАВАН САРТАЙ ХУРГА НЬ 50 КГ ЖИН ТАТДАГ “БА МЭЙ” ХОНЬ
 
 
 
Таван хошуу малаа тал нутагтаа тааваар нь бэлчээж, нүүдэллэн амьдардаг малчин монголчууд бидний хувьд өвс зулгааж үзээгүй, таазтай саравчинд тэжээл идэж, ялаа шумуулаа үргээлгэн хэвтэх хонь хургыг харах тийм ч таатай санагдсангүйг нуух юун. Гэвч тэрбум гаруй хүнийг хүнсээр хангах асар том зах зээлд бидний үзсэн хонины фирм зайлшгүй хэрэгтэй байдаг биз. ӨМӨЗО-ы Баяннуур хот нь хөдөө аж ахуй, тодруулбал, мал аж ахуй, газар тариалан нь зэрэгцэн хөгжсөн, брэнд бүтээгдэхүүнээрээ алдартай гэдгийг өмнөх нийтлэлдээ өгүүлсэн билээ. Тэгвэл нэг брэнд нь хонины амттай, зөөлөн мах бөгөөд Ү Юань суурин хонь голлосон 5.5 сая малтай. Харин хонийг бэлчээрийн аргаас арай өөрөөр өсгөж байгаа “Фү Чан” компанитай бид үргэлжлүүлэн танилцсан юм. Өмнөд Африкаас гаралтай “Ба мэй” үүлдрийн хонийг Австралиас авчран нутагшуулж, 2011 оноос хойш таван салбар компани бүхий групп болон өргөжжээ. Ү Юань дахь “Ба мэй” хонины фирм нь 34 саравчтай бөгөөд одоогоор 12 мянган хоньтой байна. Малынхаа тэжээлийг бэлдэхээс эхлээд дээд зэргийн чанартай махыг хэрэглэгчийн гарт хүргэх бүх шат дамжлагыг өөрсдөө гүйцэтгэдэг. “Ба мэй” хонь нь жилд хоёр удаа төллөдөг. Төллөхдөө 2-6 хурга гаргах нь түгээмэл юм байна. Таван сар хүрэнгүүт нь нядалгаанд оруулж болдог бөгөөд хурганы мах илүү үнэд хүрдэг гэлээ. Дөнгөж таван сартай хэрнээ 50кг жин татдаг нь сонирхол татаж байв. Ургуулсан өвсөө даршлан тэжээл бэлтгэж өдөрт хоёр удаа хониндоо өгөх ба саравчны агаарыг байнга хэмжин чийгшүүлж, ялаа шумуул үргээх автомат системийг суурилуулжээ. Хургыг төрөхөөс нь эхлээд яг л нялх хүүхэд шиг нямбай арчилдаг гэнэ. Жин ихтэй болохоор ч тэр үү биеэ дааж ядан явсаар саравчнаасаа толгойгоо цухуйлган ус уучихаад буцаж хэвтэх хонинуудыг харахад өрөвдмөөр ч юм шиг. Бүгд сүүлгүй харагдсанд гайхан асуутал төрөнгүүт нь боочихдог гэв. Учир нь ингэж боохгүй бол хамаг өөх тос нь сүүлэндээ шингэчихдэг гэлээ. Ийнхүү дээд зэргийн тэжээл, арчилгаагаар өсгөсөн хониныхоо маханд хамгийн өндөр баталгаа өгдөг байна. Тиймдээ ч энэ брэндийн мах зах зээлд нэлээд үнэтэй буюу нэг кг нь манай ханшаар 250-400 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Ийнхүү “Ба мэй” хоньтой танилц­санаар Ү Юань суурин дахь сурвалжлага дуусч, Хята­дын шилдэг 10 тос­гоны нэг Фү Чан руу хөдөллөө.
 
БОР ТОХОЙН ҮЗЭСГЭЛЭНТ ТОСГОН ФҮ ЧАН
 
 
Хятадын шилдэг 10 тосгоны нэг үзэсгэлэнт Фү Чан. Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан багийнхан.
 
Бор тохой гэдэг нь Баяннуур хотын газарзүйн нэршил юм. Тус хотын бас нэгэн бахархал болсон Фү Чан тосгонд удалгүй хүрлээ. Баян, хүчирхэг гэсэн утгыг агуулсан энэ нэр нь Хятад даяар алдартай юм байна. Учир нь 2017 онд тус тосгон Хятадын шилдэг 10 тосгоны нэгээр нэрлэгдэж, хамгийн үзэсгэлэнт гэсэн тодотголыг авчээ. ӨМӨЗО-ы Ганц модны боомтоос хурдны замаар ердөө гурван цаг явахад Фү Чан тосгонд очдог. Энэ тосгоныг 2015 онд тохижуулан сайжруулсан бөгөөд 2300 хүн амтай. Тосгоны иргэд газар тариалан түлхүү эрхэлж, нутгийнхаа идээ ундааг борлуулан орлого олдог. Кино үзвэр, ресторан, усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн, задгай худалдаа зэрэг зочдод зориулсан бүх үйлчилгээ төвлөрсөн төв хэсэгт нь бид очсон юм. Хуримаа хийж байгаа хосууд, ший жүжиг бэлдэж байгаа залуучууд тааралдсан нь эртний хэрнээ чамин загвар бүхий саравч, байшингууд нь зураг авалт хийхэд тун тохиромжтойг илтгэнэ. Тосгоныхон аялал жуулчлалаас мөн орлого олдог. Гэхдээ гадныхнаас илүү дотоодын жуулчид сонирхон очих нь элбэг гэнэ. Ногоон байгууламж, цэвэрхэн гудамж талбай, сүүдрэвчүүд нь зугаалангаа амрах ая тухыг бүрдүүлж байв.
Ийнхүү аялаж жуулч­лахад нэн таатай, нутгийн цэвэр бүтээгдэхүүнээ брэнд болгож чадсан Баяннуур хотыг бид үдэв. Баяннуур хоттой холбоотой бас нэгэн мэдээллийг хүргэхэд тус хот нь БНХАУ-ын сайн чанарын гурилын нийслэл болох зорилтыг тавиад байгаа юм байна.
 
АЛДАРТ ДУУТ НУУРЫН ЖУУЛЧНЫ БААЗАД БУУДАЛЛАСАН НЬ
 
 
 
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Ордос нутагт хийсэн аяллаар сурвалж­лагаа үргэлжлүүлье. Амарч зугаалах биш туршлага судлах, өөрчлөн шинэчилсэн бүтээн байгуулалт, үйлдвэрүүдтэй танилцах зорилготой сэтгүүлчдийн багийн хувьд Дуут нуурын жуулчлалын бааз нь аргагүй сонирхол татам газар байлаа. Учир нь эх орон минь төдийгүй дэлхий нийтээр цөлжилт хэмээх гамшигтай нүүр тулчихаад байгаа өнөөдрийн нөхцөлд бидний очсон энэ газар нь гарц шийдлийг тодорхойлж, итгэл найдварыг төрүүлсэн хэрэг.  18700 км квадрат асар уудам талбай бүхий Хөвчийн элсний гүнд байрлах Дуут нуурын жуулчны бааз нь “Элион” корпорацийн 30 жилийн турш элсэн цөлийг ойжуулсны үр дүнд бий болсон газар билээ. Тиймээс Хятадын усан ашиглалтын, элсэн манхны анхны үлгэр жишээ бааз болсон байна. 2011 онд НҮБ-аас Дуут нуурын жуулчлалын баазыг олон улсын элсний жуулчлалын чуулга уулзалтын суурин газар болгожээ. Өөрөөр хэлбэл, цөлжилттэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд энд чуулдаг гэсэн үг. Энэхүү аяллын зурган сурвалжлага болон дүрст мэдээллийг www.polit.mn сайтаас дэлгэрэнгүй унших боломжтой бөгөөд Хөвчийн элсэн цөлийг ойжуулж, нүүдэл элсийг зогсоосон туршлага, элсэн дээр мод тарих дэвшилтэт технологи, малчин иргэдийн амьдралын талаар дараагийн нийтлэлээс уншаарай.
 
 
Үргэлжлэл бий.
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин