sonin.mn
БНСУ-ын Халлимын Их Сургуулийн харьяа “Ханган Соншим” эмнэлэг 80-90 хувийн түлэгдэлттэй хоёр хүүхдийг үнэгүй эмчилж байна.
 
Монгол Улсад бага насны хүүхдийн түлэгдэлт маш өндөр хувьтай байдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гаргаж буй тоо баримтаас харж болно. Зөвхөн нэг жилийн дотор 4128 хүн түлэгдэлтийн улмаас эмнэлгийн  яаралтай тусламж авсан бол түүний 2019 нь буюу 70.7 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байжээ. Мөн гэмтлийн эмнэлэгт бүртгэгдсэн нийт нас баралтын 14.4 хувийг тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл эзэлж байгаа төдийгүй 76.5 хувь нь түлэнхийн шархаа даалгүй хорвоог орхисон харамсалтай баримт бий.  Харин түлэнхийн шархаа дааж амьд үлдсэн бяцхан хүүхдүүд ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй, эмгэг төрхтэй нэгэн болох эрсдэлтэй нүүр тулдаг. Гэтэл манай улсын хувьд эмнэлгийн хү­рэлцээ муутайгаас зөв­хөн амь насыг нь аврах асуудлыг нэн түрүүнд тавьж ажиллахаас илүүг хийж  чадахгүй байна. Тэгвэл хүүхдийн түлэг­дэлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг хү­лээн суугаа иргэдэд олон улсын сайн дурын байгууллагынхан гараа сун­гажээ. Тэдгээр бай­гуул­лагын нэг бол БНСУ-ын Халлимын Их Сургуулийн харьяа “Ханган Соншим” эмнэлэг юм. Биеийн 80-90 хувь нь түлэгдэж эх орондоо амь аврагдахаас цаашхи хожмын уршгийг бүрэн эмчлүүлж чадахгүй байдалд орсон хоёр бяцхан охин Монголоос ирж  энэ эмнэлэгт эмч­лүүлж байгаа юм.   “Ханган Соншим” эмнэлэг  2009 оноос эхлэн Азийн тү­лэг­дэлт өндөртэй зарим улс орноос хүнд түлэгдсэн хүүхдүүдийг авчирч үнэ төлбөргүйгээр эмчилж эхэлжээ. Харин манай улсад 2012 онд ирж түлэнхийн нөхцөл байдалтай танилцаж, бяцхан үрсийг эмчилж эхэл­­сэн байна. Өнөөдрийг хүртэл  Азийн найман орноос 50 орчим хүүхдүүдийг сайхан сэтгэл, буцалтгүй тусламжийн үүднээс эмчилж өгсний 60 гаруй хувь нь Монгол  хүүхдүүд гэсэн сайхан мэдээ бий.
Энэ эмнэлгийнхэн хамгийн сүүлд буюу өн­гөр­сөн зургадугаар сард Монголоос түлэг­дэл­тийн зэрэг өндөр хоёр хүүхдийг авчирч эмчилсэн бол энэ жил дахин хоёр хүүхдийг үнэ төлбөргүйгээр хагалгаанд оруулж эмчилж байгаа юм. Тэдний нэг нь 12 настай Батмөнхийн Отгон­жигүүр. Энэ бяцхан охин  дөрвөн жилийн өмнө найзындаа тоглож байгаад халуун тогоонд унаж, 80 хувийн түлэгдэлттэй ГССҮТ-д хоёр сар гаруй хэвтэн эмч­­л­үүлж байжээ. Түлэгд­сэн хүүхдүүдийн хамгийн хэцүү үе нь өсөх үед арьс нь таталдаж хөдөлгөөнд нь бэрхшээл учирдаг гэдгийг “Ханган Соншим” эмнэлгийн эмч хэлсэн юм. Түүнчлэн Б.Отгонжигүүр охин жил ирэх тусам алхахад   хүнд­­рэлтэй болж бай­сан учраас 2016 онд гуяных нь арьсыг нөхөж байжээ. Гэсэн ч үе мөчийг нь чөлөөлөх хагалгаа шаардлагатай болсон байна. “Ханган Соншим” эмнэлэгт ирж хагалгааны өмнөх үзлэгт ороход түүний биеийн арьсыг зарим хэсгээрээ буруу эдгэрэлтэй байна гэж эмч нар хэлж байсныг түүний ээж нь ярьж байв. Энэ талаар Б.Отгонжигүүрийн ээж “Охин маань 2007 онд  төрсөн. Түлэгдэх үедээ долоон настай байсан. Би ажилтай байх хойгуур аав нь хардаг байсан. Гэтэл охин маань айлд тоглож байгаад халуун тогоонд унаад 80 хувьтай түлэгдэж ГССҮТ-д  хоёр сар хэвтэж эмчлүүлсэн. 2016 онд ГССҮТ-д Швед эмч нар охинд маань хоёр удаа хагалгаа хийсэн. Өсч яваа хүүхэд учраас түлэгдсэн арьс нь таталдаад сайн явж чаддаггүй байсан ч тэр хагалгаанаас хойш арай гайгүй явдаг болсон. Гэхдээ дахиж үе мөчийг нь чөлөөлөх хагалгаанд орох ёстой гэж байсан. Хэзээ тэр хагалгааг нь хийлгэхээ сайн мэдээгүй байтал аз таарч энэ эмнэлэгт ирсэн. Хагалгааны дараагийн хоёр хоногт нэлээд эмзэглэсэн ч одоо биеийн байдал нь сайн байгаа. Манай улсад  түлэгдэж очсон хүүхдүүдийн амийг нь аварч байгаа нь магтууштай ч ирээдүйд га­рах хор уршиг түлэн­хийн асуудалд илүү ан­хаа­рал хандуулаасай гэж хүсч байна. Учир нь миний охины амь нас аврагдсан ч гадаадын эмч нар эдгэрсэн байдлыг нь хараад буруу эдгэрсэн байна гэж хэлж байсан. Тиймээс  манай улсын эм­­нэл­­гүүд түлэгдэж  ир­сэн хүүхдүүдийг илүү сайтар эмчилдэг болоосой гэж хүсч байна” гэсэн юм. Б.Отгонжигүүр  хоёр эгчтэй. “Ханган Соншим” эмнэлэгт ирснээс хойш бие нь сайжирч байгаа учраас том болохоороо мэс зас­лын эмч болж, эдгээр хү­мүүсийн ачийг ха­риулна хэмээн ярьсан юм.
Түүнтэй хамт эмч­лүү­лэхээр ирсэн  охиныг Баярсайханы Цасангуа гэдэг. Тэрээр халуун тогонд биеийнхээ 90 хувийг түлжээ. Түүний ээж “Миний охин  айлын ганц хүүхэд. Охиноо дөрвөн настай байхад нь  нөхөр бид хоёр цайны газар ажилладаг байсан. Тэгээд охиноо ганцааранг нь үлдээх үед халуун тогоо татаад уначихсан  байсан. Ингээд 90 хувийн IV зэргийн түлэгдэлтэй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт очсон. Үүнийхээ дараа Бээжинд очиж хоёр сар эмчилгээ хийлгэсэн. Ингэж амь насыг нь аварснаас хойш гуравдугаар анги хүртлээ гэртээ суугаад хүүхдээ харсан” гэв.  Монголоос гадаад улсыг зорьж хүүхдээ эмчлүүлэхэд олон сая төгрөгийн өр зээл тавьж байж явдаг. Харин энэ эмнэлгийн буянаар нэг хүүхдийн эмчилгээний зардал 30 сая вон буюу 64 орчим сая төгрөг болж байгаа юм билээ. Тиймээс бид эм­­нэлгийн хамт олны буян­тай үйлсэд гүнээ талар­хаж байгаа” гэсэн юм.
Ийнхүү эцэг, эх асран хамгаалагчдын бол­гоомжгүй байдлаас болж түлэгдсэн хүүхдүүдийн хор уршиг хожим нь илэрсээр байна. Тиймээс манай улсад түлэгдсэн хүүхдүүдийн амийг нь ав­рах цаашлаад өсч торних үед нь ирээдүйд гарах хор уршгийг нь давхар бодолцож, арьс нөхөх, үе мөч чөлөөлөх зэрэг мэргэжлийн ур чадвар шаардсан хагалгаануудыг хийх, гадны эмч нараас  су­рал­цах, туршлага хуваал­цах ахисан шатны бод­лого үгүйлэгдэж байна.
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин